Боксчин Б.Чинзориг: Хүнд сурсан юм нь илүүднэ гэж байдаггүй


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-10-17

-Армийн Дэлхийн аварга Б.Чинзориг найман жилийн дараа сургууль дээрээ ирлээ-

Ааштай гэгдэх багшийн минь яриа
Амьдрал тэтгэх хур байжээ
Хажууд суух даруухан охин/хөвгүүн
Хамгийн хэцүү бодлого байжээ.

Сурагч нас гэдэг хамгийн аз жаргалтай, хамгийн баяр хөөртэй хамгийн сайхан цаг үе. Тийм ч учраас сургуулиа төгссөн бидний аав ээж, ах эгч нар арван жилийн уулзалтаа тэсэн ядан хүлээж анги хамт олонтойгоо уулзалддаг биз ээ. Олон жилийн дараа дахин "А" үсэг сурч байсан ариун эрдмийн өргөөндөө хөл тавих шиг сэтгэл гижигдэм сайхан зүйл ховор. 2014 онд Монголын ард түмнийг "Тамирчны ялалт хямдхан олдоогүй" гэж дуулуулан баяр бахдал омогшлыг давхар төрүүлж чадсан хүн бол Армийн дэлхийн аварга, улсын хошой аварга, "Алдар" спорт хорооны тамирчин Б.Чинзориг юм.

Тэрээр саяхны нэгэн өдөр хонхон дуугаар төгсөн одсон сургуулийнхаа босгыг дахин алхлаа. Тэрээр 2009 онд Нийслэлийн БЗД-ийн БСШУСЯ-ны харъяа үндэсний лаборатори 44-р сургуулийг төгссөн бөгөөд ийнхүү найман жилийн дараа "АРМИЙН ДЭЛХИЙН АВАРГА" гэх цолыг нэрнийхээ өмнө дуудуулсаар сургуулийнхаа төгсөх ангийн сурагч дүү нартаа илтгэл хэлэлцүүлж чөлөөт яриа хийхээр хүрэлцэн ирсэн юм.

Найман жилийн өмнө энэ л эрдмийн өргөөнд эдгээр сурагчид шиг суралцан, инээж хөөрч, тоглож наадан, дүрсгүйтэх үедээ дүрсгүйтэж явсан тэрбээр өдгөө өөрийнхөө найман жилийн өмнөх дүр шиг энэ олон хүүхдүүдэд амьдрал гэх зүйлд хөл тавиад ойлгосон алтан дүрмүүдээ мөн боскын спортыг сонирхон дурласан тэр он цаг үеүдийнхээ талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

44-р сургууль нь олон улс болон дэлхий дахинаа нэрээ дуурсган яваа сургуулийнхаа төгсөгчдийн гарын хэвийг дурсгал болгон авч "Бидний бахархал" самбартаа хаддаг уламжлалтай. Заншил ёсоор Армийн дэлхийн аварга Б.Чинзориг ч мөн гарын хэвээ үлдээлээ.

Ийнхүү сурвалжлагынхаа төгсгөлд түүнтэй хийсэн цөөн хормын ярилцлагаа хүргэе.

YOLO: Найман жилийн өмнө төгссөн сургууль дээрээ дахин ирж төгсөх ангийн сурагчдад өөрийн туршлагаасаа хуваалцлаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач
- Үнэхээр их баяртай байна. Өнөөдөр сургууль дээрээ ирээд бага насны сэргээд, багш нартайгаа уулзаад сайхан байна. Бидэнд тэр болгон зав гардаггүй. Зав олдсон дээр нь шууд л сургууль дээрээ ирлээ.

YOLO: Сургууль тань таны төгссөн жилээс хэр их өөрчлөгдсөн байна вэ?
- Өөр болсон байна. Өмнөх төгсөлтийнхөн маань ч, манай төгсөлтийнхөн ч хэлдэг байсан. "Биднийг төгсөнгүүт л сургууль гоё болчих юм" гээд их ярьдаг байсан /инээв/. Бидний үед юуных нь ийм шал, банзан шалан дээр л гүйж явсан. Одоо бол үнэхээр гоё болжээ.

YOLO: Өмнө нь сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байгаад боксоор хичээллэх болсон гэсэн. Яагаад заавал боксыг сонгосон юм бол?
- Би сагсан бөмбөгөөр хичээллэж байхдаа боксоор хичээллэдэг найзынхаа бэлтгэл рүү нэг удаа орж үзлээ. Тэр үед би их гайсан. 14 настай хүүхэд гэхэд хэдэн өдөр хоол бараг идээгүй хоосон тэгсэн хэрнээ маш хүнд бэлтгэл хийж байхыг нь хараад гайхахын хажуугаар их сонирхол төрсөн. "Энэ их ачааллыг мэдэрч үзэх юмсан. Ямар байдаг бол?" гэж бодон боксын спорт руу эргэлт буцалтгүй орсон доо. Хэрэв сагсан бөмбөгөөр цаашдаа явсан бол намайг хөтлөөд чиглүүлээд явах дасгалжуулагч надад байгаагүй учраас уг спортоор тууштай хичээллэж чадахгүй байсан байх.

YOLO: Та өөрийгөө амжилтынхаа хэдэн хувьд явж байна гэж боддог вэ?
- Би өөрийгөө 60%-д нь явж байна гэж боддог. Үлдсэн 40% нь Олимпоос авах шагнал. 2020 оны зуны олимпод оролцохоор бэлтгэлээ хийж байна. Уг олимпоос медаль авчихвал 100% гэж үзнэ дээ.

YOLO: МУИС-ийг эдийн засагчаар суралцаж төгссөн. Мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?
- Хүнд сурсан юм илүүдэхгүй. Иймээс 2021 он хүртэл спортоор хичээллэж байгаад 2021 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй байна. Уншигч хүүхдүүдэд хандаж хэлэхэд амьдралаа аль болох алсаас л төлөвлөж байх хэрэгтэй.

Амьдралаа аль болох алсаас л төлөвлөх хэрэгтэй.

Б.Чинзориг

YOLO: Спорт гэдэг өөрөө их хэцүү зүйл. Шантрах асуудал их л гардаг байх. Шантралаа хэрхэн даван туулж байсан бэ?
- Шантраад хоёр гурван хоногоос нь зорилгоо санаад дахин хөдөлмөрлөж эхэлдэг. "Энэ хүртэл юу хийж яаж хөдөлмөрлөж ирлээ. Цаашаа явах хэрэгтэй" гэсэн бодол зорилгыг маань асааж өгдөг. Хамгийн гол нь хүнд тавьсан зорилго, түүндээ хүрнэ гэсэн эрмэлзэл байхад шантралыг даваад л гарна.

YOLO: Сурагч нас гэдэг хамгийн гэгээлэг сайхан үе. Сурагч насныхаа дурсамжаас хуваалцаач?
- Одоо хүүхдүүд тэгэж байна уу, үгүй юу сайн мэдэхгүй юм. Бид 5,6-р ангидаа нэлээн жийлцэж тоглодог байлаа. Хичээл тарсны дараа 16-р хорооллын грашнууд дээр их тоглодог байсан.  Дараа нь грашнаасаа уйдаад ирэхээрээ жийлцэнэ.

Дунд ангиасаа томоожиж эхлээд аюултай тоглоомоор тоглохоо больсон. Сургуулийнхаа Сурагчийн өөрөө удирдах зөвлөл, Өсвөрийн улаан загалмайн бүлгэмийг удирдаж авч явдаг байлаа. Сурагчийн нэг өдөр, өртөөчилсөн сургалтууд их болдог байсан. Эдгээр сургалтууд хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамжуудын нэг.

53-р сургууль, 44-р сургуулиуд хоорондоо нэг хашаагаар зааглагддаг хөрш сургуулиуд юм. 53-р сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр өмнө нь коток байдаг байсан. Тэр коток дээр анх охин үнсэж үзэж байлаа smiley/инээв/. Хамгийн сайхан дурсамжууд маань энд өнгөрсөн дөө.

YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигч хүүхдүүдэд маань хандаж үг хэлэхгүй юу
- Амьдралдаа хөл тавьж байгаа дүү нар минь өөрийн хүсэл дагаад мөрөөдлөө зорилго болгоод түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөж зорилгодоо хүрээрэй. Энэ бол хүний амьдралдаа мөрөөрөө үлдээх хамгийн эхний хариуцлагатай алхам шүү. Ахын дүү нар бүгдээрээ мөрөөдөл, зорилгодоо хүрээрэй. Амжилт хүсье.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

"Энэ хүртэл юу хийж, яаж хөдөлмөрлөж ирлээ. Цаашаа явах хэрэгтэй" гэсэн бодол зорилгыг маань сануулж өгдөг.

Б.Чинзориг

#Boxer #School