"Шинэ зууны Монгол иргэд бүгд МОНГОЛ ДАРХЛАА-тай…"


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-08-04

Монголын ирээдүй бүрхэг байна бараан байна гэдэг. Хар бараан байх нь хамаагүй хамгийн гол нь та өөрөө өөдрөг гэгээлэг байж ирээдүйгээ нэг өнцгөөс нь гэрлээр тэтгэж эхлэх хэрэгтэй. Энэ гэрлийг тусгахын тулд төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг эсэргүүцэх чадвар буюу дархлаатай байх хэрэгтэй. Тэгэхээр Монголчууд бидэнд гадны соёлд хэт автахаас хамгаалах Монгол дархлаа хэрэг болох нь. Залуусд Монгол дархлааг суулгах зорилготой "Шинэ Монгол иргэн" ТББ-ын залуус маань хоёр сар хөдөлмөрлөсний үр дүнд 2017 оны долоодугаар сарын 29-ний өдөр лекц, хэлэлцүүлгээ амжилттай зохион байгуулж уг төсөл энэ оны хүрээнд ийнхүү өндөрлөлөө.

Уг лекцийн үеэр өсвөрийн сэтгүүлч миний бие илтгэл хэлэлцүүлж буй зочин илтгэгчдээсээ маш их урмыг авч, хийж бүтээх хүслээр оргилж суусан билээ. Ингээд та бүхэндээ уг төслийн зохион байгуулагчид болоод оролцогчдын сэтгэгдлийг хуваалцъя.

М. Биндэръяа /эм, 19 настай/
Монгол хүүхэд залуус нэгдэж чаддаг юм байна гэдгийг уг лекцээс харлаа, мэдэрлээ. Би өмнө нь ийм лекц, хэлэлцүүлэгт оролцож байгаагүй. Чөлөөтэй, залуучууддаа чиглэсэн үйл ажиллагаа учраас бидэнд илүү их хүрлээ. Лекц ганц болоод л дуусдаг бол энэ нь олон үе шаттайгаар цуврал байдлаар илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний хамтаар зохион байгуулагдаж буй нь илүү үлдэцтэй юм болов уу гэж бодож байна.

О. Мандухай /эм, 15 настай/
Өнөөдөр Монгол дархлаа лекцэн дээр ирсэндээ баяртай байна. Би анх энэ арга хэмжээг сонсоод тийм ч их тоогоогүй. Харин найз маань хамт явъя гэснээр энд ирсэн. Ирсэндээ баяртай байна.

А. Сүхбат /эр, 18 настай/
Миний хувьд маш их баярлаж байна. Яагаад гэвэл 21-р зуунд миний үеийн залуус энэ төслийг санаачлаад, зохион байгуулаад явж байгаагаар нь би маш их баярлаж байна. Хоёрдугаарт 21-р зуун гэдэг бол хавтгайрсан дэлхий. Дифуз буюу нэвчилт маш өргөн хүрээнд явж байгаа. Энэ нэвчилтээс бид ангид байж монгол дархлаа буюу өөр өөрсдийнхөө дархлаатай байх хэрэгтэй. Энэ дархлааг залуусд суулгаж буйд нь баяртай байна.

М. Анар-Эрдэнэ /эр, 19 настай/
Их сайхан лекц боллоо. Надад Ж.Амаржин багшийн илтгэл их таалагдсан. Хийж байгаа зүйлдээ дурлаад зоригтой бай гэж хэлсэн нь их сэтгэлд дотно үлдлээ. Үнэхээр гайхалтай арга хэмжээ боллоо.

Энэ бол тэдгээр 200 гаруй хүүхэд залуусын төлөөлөл болсон дөрөвхөн хүүхдийн сэтгэгдэл. Танхим доргитол алга нижигнүүлэн ташиж, инээхдээ зэрэг инээж, санаа алдахдаа зэрэг санаа алдах эдгээр залуусаас бүгдээс нь сэтгэгдлийг нь асуусан бол өдөр хүрэхгүй байхсан. Тэгвэл одоо төслийн санаачлагч болон зохион байгуулагчдын сэтгэгдлийг сонирхъё.

"Монгол дархлаа" төслийн ахлах зохион байгуулагч, төслийн санаачлагч И. Мөнх-Очир
Одоогийн нийгмийг ажиглахад бусад улс орны нөлөөтэйгөөр гадны соёлыг оруулж ирсэн арга хэмжээ Монголд их зохиогдох болжээ. Би өмнө нь маш олон арга хэмжээ зохиож байсан туршлагатай боловч яг монголоо гэсэн монголын ёс заншилыг харуулсан үйл ажиллагаа зохиовол яасан юм бэ гэсэн санааг анх гаргасан. Зохион байгуулж байх үед хүндрэлтэй асуудал тоолж баршгүй их байсан.

Монголд анх удаа гэсэн утгаараа маш шинэлэг байж сууриа сайн тавих хэрэгтэй. Олон асуудал байхын хэрээр олон давааг давсан. Бид багаа бүрдүүлэхдээ салбар бүрт тэргүүлэгч хүүхдүүдийг урьж авчирсан. Гэхдээ би одоо хүртэл гайхаж байна. Яаж бид томчуудын хийж чадаагүйг чадаж байна? Би 3 дахь шөнөө нойргүй хонож байна. Эндээс монголчуудын давуу тал харагдаж байгаа юм. Монголчууд нэг юм эхлүүлсэн бол тэрийгээ заавал дуусгаж байж санаа нь амардаг зантай.


"Монгол дархлаа" төслийн зохион байгуулагч Б.Хүслэн
Би төслийн хүрээнд хүнс хангамжийг хариуцан ажилласан. Бүх хүчээ дайчлан хамт олондоо туслаж яахад үнэхээр сайхан байсан. Зуны хоёр сарын хугацааг маш үр дүнтэй зүйл зарцууллаа. Хийсэн ажлынхаа үр дүнг эргээд харахад үнэхээр сайхан байна.

 

 

 

 

 


"Монгол дархлаа" төслийн зохион байгуулагч М. Батмөнх
"Монгол дархлаа"-гийн нүүр царай болдог график дизайнд миний бие багахан хувь нэмрээ оруулсан байгаа. Залуусын оролцоог нэмэх энэ үйл ажиллагаанд гар бие оролцсондоо баяртай байна.Сэтгэгдэл өндөр байна. Залуучууд энэ арга хэмжээг их сонирхож байгаа нь сайхан байна. Олон залуус сонирхож, нийгмийн идэвхтэй байна. Тиймээс миний хувьд маш сэтгэл хангалуун байна.

Зохион байгуулагч залуус маань нэгэн сэтгэлээр нэгдэж чадсаны үр дүнд ийнхүү том ажлын ард хамтдаа гарч чадлаа. Залууст үр өгөөжөө өгсөн Монголын анхны томоохон хэмжээний залуусын өөрсдөө санаачилж өөрсдөө зохион байгуулсан уг төсөл жил бүр уламжлал болон зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна.

#МонголДархлаа #Presentation #Teenagers