“Би аавдаа гомдсон гомдлоо тээн насыг барах уу?”


Сондор | YOLO.MN
2016-04-06

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: “Би аавдаа гомдсон гомдлоо тээн насыг барах уу?”

Би төрсөн эцэгтээ тусалсан нь дээр үү, эсвэл гомдлоо тээсээр түүнийг үл хайхран хойд аавыгаа л асарсан нь дээр үү. 19 настай С...

Сайн байна уу. Намайг С гэдэг, би 19 настай эмэгтэй.
Аав намайг 3 настай байхад ээж бид хоёрыг хаяад явсан юм. Харин ээж маань намайг 10 настай байхад одоогийн хойд аавтай суусан. Би их азтай хүн, учир нь миний хойд аав их сайн хүн. Дүү ээж бид гурвын төлөө л өдөр шөнөгүй ажиллаж, миний сургалтын төлбөрийг ч  төлдөг. “Хоолоо идсэн үү миний хүү” гэж өдрийн цагаар ярьдаг.  Ажил ажил гэсээр хөөрхий минь сүүлийн үед даралт нь ихсэж ойр ойрхон эмнэлэгт хэвтэх болсон. Би чадах чинээгээрээ л тусалж, тээр дараа болохгүйг хичээдэг юм.

Би төрсөн аавыгаа 3 настайгаасаа хойш хараагүй, уулзаагүй юм.  Хүүхдийн баяраар мэнд хүргэх болов уу, төрсөн өдрөөр маань бэлэг тэврээд ирэх болов уу гэж харуулддаг байснаа бодохоор их гомдох юм. Гэтэл саяхны нэгэн өдөр хаанаас ч миний утасны дугаарыг олсон юм бүү мэд, гэнэт над руу ярьсан. “Аав нь өвчтэй байна. Эмчлүүлэх гээд хотод ирсэн байна. Мөнгө өгөөч, эмнэлэгт сахиур хийгээд өгөөч” гэж ярих болсон. Ээж бид хоёрыг хаяад явсан байж одоо болохоор биднээс тусламж гуйгаад байгаа нь надад шударга биш санагдаад байна. Гэтэл бас заримдаа хүн чанар зулгаах юм. Би үнэндээ хойд аавдаа илүү их хайртай. Сэтгэл хоёрдоод байх юм. Би төрсөн эцэгтээ тусалсан нь дээр үү, эсвэл гомдлоо тээсээр түүнийг үл хайхран хойд аавыгаа л асарсан нь дээр үү.

Зөвлөгөө: Аавынхаа хүссэн тусламжийн хувьд ээжтэйгээ сайтар ярилцсаны дараа шийдвэрээ гаргах нь зүйтэй

Ямар ч тохиолдолд өнгөрснийг уучилж, ирээдүйд харамсахгүй байх зүйлсийг хийх нь биднийг сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгана. Сэтгэл судлаач Б.Ганзул

Сайн байна уу ?

Бусдад гомдоно гэдэг ямар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой ба энэ нь бусдыг биш харин өөрийгөө зовоодог таагүй мэдрэмж. Тиймээс аав ээжийнхээ харилцааг хүлээн зөвшөөрч, уучлахыг хичээгээрэй. Магадгүй нилээн хэдэн жилийн дараа чиний амьдралд хандах хандлага өөрчлөгдөх үед энэ бүхнийг бүрэн ойлгох байх.

Ямар ч тохиолдолд өнгөрснийг уучилж, ирээдүйд харамсахгүй байх зүйлсийг хийх нь биднийг сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгана. Тиймээс одоо гаргах шийдвэрээ ирээдүйд ямар байхаас хамааран гаргаарай гэж зөвлөмөөр байна. Үүний тулд аавынхаа хүссэн тусламжийн хувьд ээжтэйгээ сайтар ярилцсаны дараа шийдвэрээ гаргах нь зүйтэй.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Аав #Dad #Хайр #LOVE #Итгэл #Trust