Үнэмшмээргүй 10 ШИДЭЛТ


Сондор | YOLO.MN
2018-01-15

Секунд, долиор хэмжигддэг сагсан бөмбөгийн тоглолтод сүүлчийн шидэлтээрээ багаа хожилд хүргэсэн тохиолдол цөөнгүй. Цаг дуусаж байх мөчид гүйцэтгэсэн NBA-ийн түүхэн дэх шилдэг арван шидэлтийг сонирхуулъя. Дашрамд өгүүлэхэд, эдгээр шидэлтийн бичлэгүүдийг www.youtube.com сайтаас үзэх боломжтой.

10. ФЛИП МЮРРЕЙ ("ЧИКАГО БУЛЛС")

2010 оны гуравдугаар сарын 30. Улирлын тоглолт.
"Чикаго Булсс" талбайдаа "Финикс санс"-ыг хүлээж авсан тус тоглолтын гуравдугаар үеийн төгсгөлд 81:84-өөр зочид тэргүүлж байлаа. Цаг дуусахаас 3.7 секундийн өмнө “"Чикаго Булсс" довтолсон ч бөмбөгөө таслуулах нь тэр. "Финикс санс"-ын урт гартай хамгаалагчийн хатгасан бөмбөг буцаад "Чикаго Булсс"-гийн талбай руу өнхрөхөд Флип Мюррей гүйцэн ирж, бөмбөгийг авангуутаа 20 орчим метрээс даллаж шидсэн нь цагаригт орсон юм. Харамсалтай нь, Флипийн итгэмээргүй шидэлт, 23 оноо, есөн самбар, дөрвөн оновчтой дамжуулалт залууст ялалт авчирч чадсангүй, талбайдаа 105:111-ээр хожигдсон аж.


9. ДЭВИД ЛИ "НЬЮ-ЙОРК"

2006 оны арванхоёрдугаар сарын 20. Улирлын тоглолт.
NBA-д "Трент Такерын дүрэм" хэмээх заалт байдаг билээ. Тэр нь тоглолтод оруулсан бөмбөг хүлээн авагчийн гарт хүрсэн агшнаас эхлэн цаг явж эхлэхийг хэлж байгаа аж. 1989-1990 оны улирлын нэгэн тоглолтод "Никс" өөрийн "Мэдисон сквэр гарден"-даа хүлээн авсан бөгөөд тооны харьцаа 106:106, цаг дуусахад 0.1 секунд дутуу байхад эзэн багийн хамгаалагч Трент Такер хажуугаас гаргасан бөмбөгийг авангуутаа эсрэг талын шийд рүү савж орхисон нь цагаригт оров. Мэдээж зочид үүнийг эсэргүүцсэн. Харин шүүгч бөмбөгийг орсонд тооцсон бөгөөд энэ явдлын дараа холбооны удирдлагууд хуралдаж "Трент Такерын дүрэм" хэмээх шинэ заалтыг баталсан билээ.

Яг үүн шиг явдал 2006 оны арванхоёрдугаар сарын 20-нд "Шарлотт", "Нью-Йорк" багийн тоглолтын үеэр тохиосон юм. Цаг дуусахад ганцхан доль буюу 0.1 секунд дутуу байхад "Никс"-ийн Дэвид Ли хажуугаас гаргасан бөмбөгийг самбар руу харсан ч үгүй (үнэндээ харах ч бололцоо байгаагүй) араараа шууд хатгасан нь цагаригт орох нь тэр.


8. ЧОНСИ БИЛЛАПС "ДЕТРОЙТ"

2004 оны тавдугаар сарын 14. Плей-офф. "Дорнод" конференцын хагас шигшээ шатны тав дахь тоглолт.
"Пистонс" "Нью-Жерси"-гийн эсрэг цувралыг урамтай эхлүүлэн эхний хоёр тоглолтдоо дараалан хожсон ч Мичиганд бүтэлгүйтсэний улмаас хожлын харьцаа 2:2 болов. Тиймээс талбайдаа гурав дахь ялалтаа байгуулахыг хичээсэн нь мэдээж. Гэвч юун илүүрхэх манатай, цаг дуусахаас 2.9 секундийн өмнө 85:88-аар хожигдож байв.

"Нетс"-ийнхэн дундын зайнаас амжилттай довтолсны дараа ердөө иймхэн хугацаа үлдсэн байлаа. Бөмбөгийг цагаригны доороос Биллапст дамжуулахад тэрбээр урагшаагаа ганц залж, хоёр алхамт хийнгүүтээ 14 орчим метрээс оновчтой шидэж, тоог тэнцүүлэх нь тэр. Ийнхүү "Пистонс" хожигдлоос аврагдсан ч гурван удаа цаг сунгасны эцэст ялагдсан юм. Хэдий тийм ч тэд шийдвэрлэх зургаа, долоо дахь тоглолтод хожсоноор энэхүү цувралын ялагч болж, улмаар тэр жилээ NBA-ийн аварга болсон билээ.


7. РОН АРТЕСТ "ЛЕЙКЕРС"

2010 оны тавдугаар сарын 27. "Өрнөд" конференцын шигшээ тулааны тав дахь тоглолт.
Дүрсгүй, танхайгаараа алдартай Ронд багийнхан нь эгзэгтэй агшинд хэзээ ч шийдвэрлэх шидэлт гүйцэтгэх эрх олгож байгаагүй. Тийм ч учраас Одом хажуугаас бөмбөг гаргахдаа Кобид өгсөн юм. Брайантын үсрэлттэй шидэлт цагаригт хүрэлгүй тор шүргээд унах үед Артест шүүрэн авч, хожлын бөмбөг орууллаа. Бөмбөг түүний гараас мултрах үед цаг дууссаныг илтгэх самбарын улаан гэрэл асаж байлаа. Ийнхүү шигшээ тоглолтод үлдэх Стив Нэшийн төлөвлөгөө баларсан юм.


6. ЛЕБРОН ЖЕЙМС "КЛИВЛЭНД"

2009 оны тавдугаар сарын 22. "Дорнод" бүсийн шигшээ тоглолт. Хоёр дахь тоглолт.
Эхний тоглолтод талбайдаа хожигдсон Леброн ба түүний нөхөд дараагийн тулаанд хожиж цувралыг тэнцүүлэхгүй бол бүсийн шигшээ тоглолт "амтгүй" болох байв. Хариуцлагатай энэ тоглолтод "Кавальерс"-ийн лидер Леброн Жеймс 0.5 секунд дутуу байхад гурван онооны шидэлтээ амжилттай болгосноор талбайн эзэд 96:93-аар хожсон юм. Леброн өөрөөс нь салахгүй дагах хамгаалагчийг хөдөлгөөнөөрөө хуураад гурван онооны шугамын гадна гарч, бөмбөг авангуутаа үсэрч шидсэн нь амжилтад хүрчээ.


5. КОБИ БРАЙАНТ "ЛЕЙКЕРС"

2006 оны дөрөвдүгээр сарын 30. "Өрнөд" конференцын плей-оффын нэгдүгээр үе. Дөрөв дэх тоглолт.
Цаг дуусахад найман секунд дутуу, "Финикс санс" хоёр оноогоор илүү, дээр нь тэд бөмбөг эзэмшиж байв. Бөмбөг мэдээж Стив Нэшийн гарт. Уран тоглолттой, хурдан хөлтэй түүнээс бөмбөгийг алдаагүй авах гэж хичээж байгаад “Лейкерс”-ийн хамгаалагчид хажуу тийшээ гаргачихав. "Финикс санс" бөмбөгийг ахин тоглолтод оруулах үед ердөө 3.3 секунд үлдсэн байлаа.

Нэш дамжуулалт хүлээн авах агшинд анаж байсан Мамба таслав. "Лэйкерс"-ы лидер гуравхан том алхаад самбарт хүрч, цаг дуусахтай зэрэгцэн довтолгоогоо амжилттай дуусгасан юм. Улмаар тэрбээр нэмэлт цагт хожлын оноо авчээ. Ийнхүү калифорничууд цувралын харьцааг 3:1 болгосон ч дараалан гурав хожигдож, тэмцээнээ дуусгасан түүхтэй.


4. РЕЖИ МИЛЛЕР "ИНДИАНА"

2002 оны тавдугаар сарын 2. "Дорнод" конференцын плей-оффын нэгдүгээр үе. Тав дахь тоглолт.
"Нью-Жерси", "Индиана"-гийн өрсөлдөөн. Цаг дуусахаас дөрвөн секундийн өмнө гурван оноо илүү "Нетс" торгуулийн хоёр шидэлт гүйцэтгэх эрх олж авав. Гэвч залуухан Ричард Жефферсон сэтгэлзүйн бэлтгэл дутсан уу яасан хоёуланг нь алдаж шидэв. Самбарт үсэрсэн "Индиана"-гийн төвийн тоглогч бөмбөг авангуутаа Режи Миллер рүү шидэв. Хашир туршлагатай мэргэн бууч дамжуулалт хүлээж авангуутаа 180 хэм эргэж шидсэн нь цагаригт орж, үндсэн цагт 96:96-гаар тэнцлээ.

Нэмэлт цагт гурван онооны шидэлтийн мастер маань хоёр удаа холоос амжилттай шидэж, нэг бус оролтоо амжилттай болгон, гурван ч хамгаалагчийн өөдөөс слэм-данк хийн гайхалтай тоглосон ч баг нь хожигдож, улмаар цувралд 2:4-өөр дийлджээ.


3. РОБЕРТ ОРРИ "ЛЕЙКЕРС"

2002 оны тавдугаар сарын 26. "Өрнөд" бүсийн финал. Дөрөв дэх тоглолт.
"Лейкерс", "Сакраменто"-гийн энэхүү өрсөлдөөнийг сагсан бөмбөг сонирхогчид мартаагүй биз ээ. 1:2-оор дийлдэж явсан "Лэйкерс" гурав дахь ялагдлаа хүлээхэд ойрхон байлаа. Тооны харьцаа 97:99, цаг дуусахад 3.9 секунд дутуу байхад Фил Жексоны шавь нар бөмбөг эзэмших эрхтэй болов. Коби талбайн голоос бөмбөг аваад шийдний баруун талаар оролт хийсэн ч дутуудаж, түүнийг нь л Одом нэмэх гэж оролдсон ч Владе Дивацын хаалтад оров.

Түүний алгадаж холдуулсан бөмбөгийг Орри авах үед 0.7 секунд үлдсэн байлаа. "Big shot Bob"-ын шидэлт ч төгс болж, "Лейкерс" хоёр дахь хожлоо авлаа. Нуман тулгуураас гарсан тэд "Сакраменто"-гийн шазруун залуусыг долоон тоглолтын эцэст буулган авч, улмаар шигшээд "Нью-Жерси"-г хялбархан ялсан юм. Хэрэв Орри багаа авраагүй бол Фил Жексоны гарт гялалзах аваргын бөгж нэгээр цөөхөн байх байлаа.


2. ДЕРЕК ФИШЕР "ЛЕЙКЕРС"

2004 оны тавдугаар сарын 13. "Өрнөд" конференцын хагас шигшээгийн тав дахь тоглолт.
Өмнөх жилийн аварга "Сан-Антонио спэрс" талбайдаа "Лейкерс"-ийг 72:71-ээр хошуучилж байв. Цаг дуусахад 11 секунд дутуу. Энэ үед Коби дундын зайн шидэлтээ амжилттай болгов. Талбайн эзэд довтлон, 0.4 секундийн өмнө Тим Данкан тун хэцүү байдлаас гайхамшиг гэмээр шидэлтээр багаа урагш гаргалаа. "Спэрс"-ийн нөөцийнхөн суудлаасаа босож, баяраа тэмдэглэж эхэллээ. Үлдсэн хугацаанд шидэж амжина гэхэд бүтэхгүй мэт.

Жексоны авсан завсарлагын ачаар "Лейкерс" бөмбөгийг хажуугаас тоглолтод оруулах болов. Хамгаалж буй багийн тоглогчид бүгд нэг нэг хүн барин, хариуцсан хүмүүсээ шидүүлэхгүйг хичээнэ. Бужигнаан дундаас Фишер өөрийг нь харгалзаж байсан Ману Жинобилигээс зугтан гарч, бөмбөг авангуутаа солгойгоороо уналттай шидсэнээр 74:73-аар хожсон юм. Лос-Анжелесчууд 4:2-оор хожсон бөгөөд шувтаргын тулаанд "Детройт"-д дийлджээ.


1. РАШИД УОЛЛЕС "ДЕТРОЙТ"

2007 оны гуравдугаар сарын 26. Улирлын тоглолт.
Талбайн эзэн "Денвер" 98:95-аар хожиж явлаа. Цаг дуусахад ердөө 1.4 секунд үлдсэн, дээр нь "Наггетс"-ынхан бөмбөгийг тоглолтод оруулах ёстой байлаа. Гэвч колорадочууд дамжуулалтаа алдаж, бөмбөг тасалсан Рашид Уоллес 22 орчим метрээс оновчтой шидэж, тоог тэнцүүлсэн юм.

Р.Манлай

#Basketball #Ball offire