

2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд "Аса Арена"-д Зүүн Азийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн волейболын тэмцээн зохион байгуулагдана.
Энэхүү тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао болон Монгол Улсын шигшээ баг гэсэн нийт 7 орны шилдэг баг тамирчид өрсөлдөнө.
Энэхүү тэмцээн нь 9 жилийн дараа манай улсад дахин зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсын хувьд олон улсын тэмцээний хамтын ажиллагаа болон волейболын хөгжлийг өргөжүүлэх чухал ач холбогдолтой спортын арга хэмжээ юм.
МУ-ын шигшээ багийн ахлагч М.Цэрэнбаатар:
-Багийн бүрэлдэхүүн туршлагатай болон залуу тоглогчдоос бүрдэж байна. Манай баг сүүлийн 4-5 жилд гаднын улсуудад легионер тамирчдаар тоглосон 4-5 тамирчдаар бүрэлдэхүүнээ нэмсэн. Бэлтгэл сургуулилалт хангагдсан.
Манай баг 5 дасгалжуулагчтай. Хоёр дасгалжуулагч нь Аргентин улсын өндөр зэргийн дасгалжуулагч байна. Эдгээр хоёр дасгалжуулагчийн хувьд тактик арга барил нь бидний өмнө тоглож байсан систем болон арга барилаас нэлээд өөр байна.
Зүүн Ази төдийгүй Азидаа топ-д багтдаг 3-4 улс байдаг. Тухайлбал Япон, Солонгос, Тайвань, Хятад гэсэн улсын хүчтэй багуудтай бид нэг бүсэд байрладаг.
Шигшээ багийн тамирчин Баярсайхан:
-Манай шигшээ баг олон улсын чансаагаар Зүүн Азидаа төдийгүй Азидаа дээгүүр явж байна. Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсоноор чансаагаа ахиулах, Азийн наадамд амжилттай оролцож олон улсын медалийг авах зорилготой. Олон улсын тэмцээнд олон оролцоно гэдэг нь тамирчдын хувьд маш том үүрэг даалгавар байдаг. Олон улсын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, клубуудын эздүүд ирж үздэг учир гаднын лиг руу тоглох, өөрсдийгөө Ази гэлтгүй дэлхийн тавцанд өөрсдийгөө таниулах үүд хаалгыг нээж өгдөг.
Манай баг хараахан олон улсын тэмцээнээс медаль авч чадаагүй байгаа. Өмнө болсон Зүүн Азийн тэмцээн болон томоохон тэмцээнүүдэд шагналт байрт шалгарч байсан.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!