Оскарын эзэн “La La Land” 10 жилийн ойгоороо эргэн ирнэ: Фенүүдийн маргалддаг постэрийн деталийг засжээ


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

2016 онд дэлхий даяар үзэгчдийн хайрыг татсан мюзикл романтик кино “La La Land” энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн хүрээнд уг бүтээлийг АНУ-ын кино театруудад дахин гаргахаар болсон бөгөөд энэ үеэр киноны алдарт постерт олон жилийн турш яригдсан нэгэн жижиг боловч сонирхолтой деталийг өөрчилжээ.

“La La Land” том дэлгэцнээ дахин гарна

La La Land кино 10 жилийн ойдоо зориулан 2026 оны 8-р сарын 16-наас АНУ-ын кино театруудаар дахин үзэгчдэд хүрэхээр болсон байна. Энэхүү тусгай үзвэрээр шүтэн бишрэгчид Damien Chazelle-ийн найруулсан алдарт мюзиклийг дахин том дэлгэц дээр үзэх боломжтой болох юм.

2016 онд нээлтээ хийсэн уг кинонд Ryan Gosling Себастьян, Emma Stone Миа нарын дүрийг бүтээж, Лос Анжелес хотод мөрөөдөл, хайр, урлагийн төлөө тэмцэж буй хоёр хүний түүхийг харуулсан билээ.

Кино нь 2017 оны Оскарын шагнал гардуулах ёслолоос 6 шагнал хүртэж, Эмма Стоун “Шилдэг эмэгтэй жүжигчин”, Damien Chazelle “Шилдэг найруулагч” зэрэг томоохон шагналуудын эзэн болсон юм.

Ryan Gosling-ийн олон жил “зовоосон” гар засагджээ

“La La Land”-ийн хамгийн танил постер дээр Себастьян, Миа хоёр Griffith Observatory-ийн өмнө бүжиглэж буй агшин гардаг. Гэвч олон жилийн турш шүтэн бишрэгчид болон Ryan Gosling өөрөө нэг жижиг деталийг анзаарч ирсэн нь түүний зүүн гарын байрлал байв.

Анхны постерт Gosling-ийн гар газартай зэрэгцээ, бага зэрэг эвгүй байрласан харагддаг байсан бөгөөд жүжигчин өөрөө үүнийг хошигнон “La La Hand” гэж нэрлэсэн байдаг.

Тэр 2024 онд өгсөн ярилцлагадаа тухайн үед энэ зураг киноны албан ёсны постер болно гэдгийг мэдээгүй, гараа өөрөөр байрлуулсан нь “илүү гоё харагдана” гэж бодсон ч дараа нь харахад сэтгэлд нь хүрдэггүй болсон талаар ярьжээ.

10 жилийн ойд зориулсан “шинэчилсэн” постер

Ойн баярыг тохиолдуулан киноны эрх эзэмшигч Lionsgate анхны постерын жижиг өөрчлөгдсөн хувилбарыг гаргасан байна.

Шинэ постерт Ryan Gosling-ийн гарын байрлалыг илүү байгалийн, Emma Stone-ийн хөдөлгөөнтэй зохицохоор засварласан бөгөөд олон жилийн турш яригдсан “La La Hand” эцэслэн “засагджээ”.

Энэхүү өөрчлөлт нь киноны үйл явдалд ямар ч нөлөө үзүүлэхгүй ч фенүүдийн хувьд хөгжилтэй дурсамж болсон жижиг деталйг эргэн сануулсан үйл явдал болж байна.

“La La Land”-ийн мартагдашгүй өв

“La La Land” нь зөвхөн хайр дурлалын тухай кино биш, харин мөрөөдлийн төлөө тэмцэх, амжилт ба хувийн сонголтын талаар өгүүлсэн бүтээл гэдгээрээ олон жилийн турш үзэгчдийн сэтгэлд үлджээ.

Киноны “City of Stars”, “Another Day of Sun” зэрэг дуу, өнгө төрх, бүжгийн хэсгүүд нь орчин үеийн кино урлагийн хамгийн танигдсан мөчүүдийн нэг болсон юм.

City Of Stars: 

#La La Land