Ц.Ган-Эрдэнэ: Ганцаардалд өөрөөс чинь өөр хань үгүйг усны тусгалаар илэрхийлдэг


О.Батхишиг | YOLO.MN
УРЖИГДАР

“Хүрээлэн буй хязгааргүй” үзэсгэлэнг үзэхдээ би “Бүжигчин” гэх зургийн өмнө хэсэг зогссон юм. Усны тусгалд илрэх дүрс ганцаардалд ч нэгэн төрлийн тайтгарал бий гэдгийг илтгэх шиг. Үзэсгэлэнд дэлгэсэн энэ мэт хүчтэй өгүүлэмжтэй тусгал бүтээлүүд анхаарал татаж уран бүтээлчтэй нь  ярилцах шалтгаан болов. Дүрслэх урлагийн хүрээлэл, энэ салбарыг сонирхдог хүмүүс дунд зураач Ц.Ган-Эрдэнийн давтагдашгүй арга барилыг мэдэхгүй хүн үгүй аж.

Уран зураг хүнийг тайтгаруулж, эргэцүүлэн бодох цаг хугацааг олгодог гэдэг.  Түүний бүтээл хүний сэтгэл зүй, нийгмийн асуудлыг өгүүлэхээс гадна Монголын дагшин байгаль, өөрчлөлт, доройтол хийгээд умартаж болохгүй өв соёлыг илэрхийлдэг нь бүр ч онцгой.

Харах өнцөг, амьдралын философи, үзэл санааны хувьд бусдаас арай “өөр” болж төлөвшсөн нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсад сурч, суурьшин амьдраад 24 жил болсонтой минь холбоотой байх. Монголд УГЗ Нарангэрэл багшийн, Германд Херман-Йозеф Куна гэж Дюссельдорфын уран бүтээлчийн шавь байлаа. Тэр хоёр хүний бүтээл, үзэл санаа надад их нөлөөлсөн.  Ийн сурсан мэдлэгээсээ өөрийн баримтлах үзэл бодлыг бүтээлээрээ гаргаж нийгэмд хүртээх арга барилаа олсон гэдгийг зураач хэлж байлаа.

-Би зун болгон эх орондоо ирж ижий аавтайгаа уулзаж хэсэг амраад, Монголоороо аялдаг. Жил бүрийн зун яг энэ хэмнэлээр өнгөрнө. Аяллынхаа турш тэмдэглэсэн санаа, өгүүлэмжээ өвөл Герман дахь урландаа бүтээл болгон амьдруулдаг.  Энэ зун би Хөвсгөл аймгийн Баруун тайгад долоо хоног морин аялал хийж говь, тал хээрийн нутгаар хэсэг аялав. Мөрөнд эмээгийндээ хурга ишигний хошуу эргүүлж өссөн болохоор би байгальтай ойр байх, мэдэрч ажигласан бүхнээ зурах дуртай хүүхэд байлаа.

Долоодугаар ангиасаа зургийн сонгонтой 86-р сургуульд шилжиж арав төгсөхдөө Дүрслэх урлагийн дээд сургуульд элссэн юм. Ингээд их сургуулиа төгсөөд Герман улсыг зорьж 2003-2010 онд Урлагийн академид суралцсан. Үүнээс хойш хувь уран бүтээлчийн амьдралаар 15 жилийг өнгөрөөсөн байна.

-Хорин гуравтайдаа би Германыг зорихдоо өөрийгөө том хүн болсон мэт санаж байлаа, харин бодит байдал намайг өчүүхэн гэдгийг мэдрүүлсэн юм. Айлын том ч гэлээ ар гэрээ санаж нутаг буцмаар санагдаж нулимс унагасан өдөр нэг хоёроор тогтохгүй. Аавынхаа нутагт өссөн болохоор хүүхэд насны дурсамжууд маань их бодогдоно. Тэр үед бага насаа өнгөрүүлсэн хөндий нутгаа зурахаар цэнэглэгдэх шиг болдог сон. Уран бүтээл хийнэ, уран бүтээлч болно гэх сэтгэл аандаа өөрийг минь хүмүүжүүлжээ. 

Миний бүтээл гэнэт төрдөггүй. Эхлээд мэдээллээ дотроо хуримтлуулна. Дараа нь дүрээ сонгож, хувцас, өнгө будаг, араншин зэрэг жижиг хэсэг бүрийг кино бүтээж буй мэтээр дотроо боловсруулдаг. Нэг санааг хэд хэдэн хувилбараар бодож, янз бүрийн өнцгөөс харна.

Уран бүтээлч  хүн бүтээл урлахдаа өөрт байсан энергиэ бүтээлдээ шингээн нийгэмд хүртээдэг. Тэгж байж бүтээл нь амь орж нийгэмшин цаашид хэдэн зуун жил амьдрах эсэх нь үзэгчдээс шалтгаалдаг. Тусгалаар санаагаа илэрхийлж зурах нь надаас маш их энерги сордог юм.

Хүн хоёр ертөнцөд зэрэг амьдардаг. Нэг нь бодит би, нийгмийн оршихуй. Нөгөө нь дотоод сэтгэл, сүнслэг ертөнц. Эдгээр нь салшгүй, зэрэгцэн үргэлжилдэг мэт. Дотоод ертөнц өөрийн гэсэн нийгэм, өөрийн гэсэн оршихуйтай. Өнөөдөр чи ганцаардаж болох ч дотоод сэтгэлдээ ганцаараа биш шүү гэдэг санааг би тусгалаар илэрхийлдэг.

Өнөө цагт хөдөө аав ээж нь бууриа сахиж хүүхдүүд нь бүгд хот суурин бараадах болсон. Энэ бол нэг талаас хагацал биш, харин ирээдүйдээ итгэж буй итгэл найдвар гэж харагдана. Уран бүтээлчдийн нэг хэсэг бэлгэдлийн үүднээс сайхныг дүрсэлдэг бол миний хувьд өөр. Би хүн төрөлхтний амьдралд яг одоо болж буй үйл явдлыг ажиглаж, хөндүүртэй, орхигдсон өнцгийг ил гаргахыг зорьдог. Их удаан ажиглаж, бодсон бодол шөнө дунд ч санаа болж гэнэт төрөх нь бий. Тэр даруй тэмдэглэж авахгүй л бол сарничихна. Харин зураг зурах явц өөрөө тийм ч удаан биш. Нэг бүтээлийг би долоо хоногийн дотор дуусгадаг.

“Өөрийн хөрөг” зураг.  Адууны хохимой толгойг мөнгөн тавган дээр тавгалж хажууд нь хутга, сэрээ тавьсан. Идэхэд бэлэн, эсвэл идсэний дараа гэж харж болно. Хүнд үүрсэн хариуцлага бий. Би энэ зургийг  байгаль дэлхийн өөрчлөлттэй холбож хийсэн. Бидэнд юу ч үлдэхгүй, одоо байгаагаа хамгаалахгүй бол хохимой толгойгоос өөр юу ч үлдэхгүй гэдгийг сануулсан. Морь боловч цаанаа хүн. 

"Эр хоёр загал" бүтээл. Монголчууд эрт дээр үеэс мөнх хөх тэнгэрийг бэлгэддэг учраас энэ өнгийг шингээсэн.  Хөх өнгө бол огторгуйн өнгө. Унаган үнэнч морио унасан эзэн. Морь нь бодож байгаа юм миний эзэн хойд насандаа надтай адилхан морь болоод яваасай гэж. Байгалийн зургийг олон дүр, өнгө өгүүлэмжээр илэрхийлэхээс илүү би зураасан замаар л уудам тал хээрийг дүрслэх дуртай гэв.

Ц.Ган-Эрдэнэ гурван жилийн өмнө Герман дахь Монгол Улсын соёлын элч болсон. Энэ хугацаанд Герман, Европын олон хотод үзэсгэлэн гаргаж, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлжээ.

-Европчууд манай нүүдэлчин соёлыг их сонирхдог, Монголыг зорих тэр дундаа тал нутагт л очих дуртай. Миний нэг зорилго бол суугаа улсдаа чаддаг зүйлээрээ Монголоо сурталчлах. Соёлын элчийн хүрээнд ч багагүй олон судалбар зургийн аялал, солилцоо хийж байна. Германы зураачид энэ хугацаанд Монголын байгалийг илэрхийлсэн уран бүтээлийн үзэсгэлэнг чамгүй олон дэлгэсэн. Жилд би арав гаран хамтарсан болон бие даасан үзэсгэлэн гаргадаг. Германаар зогсохгүй Европын оронд ч хамтарч ажилладаг хоёр гурван галерей бий. 

Монголын дүрслэх урлаг Европтой харьцуулахад хөгжлийн түвшинд хараахан хүрээгүй байна. Зураг худалдаж авах, ханандаа өлгөх сонирхолтой хүмүүс бий ч энэ салбарын хөгжлийг дундаж давхарга л дэмждэг. Дундаж давхарга хүчтэй байж гэмээнэ нийгмийг хөдөлгөдөг. Эдийн засгийн дарамт багасвал урлагт сонирхолтой, зураг худалдаж авах хүмүүсийн хүрээ өргөжнө.

Монгол уран бүтээлчид байгалиас заяасан мэдрэмж, авьяастай. Бид дэлхийд өөрийн урлагаа түгээж, өндөрт үнэлүүлж чадна. Гол нь нэгдэж, багаар ажиллах хэрэгтэй. Магадгүй арван жилийн дараа өөрөөр үнэлэгдэж эхэлнэ. Дэлхийн том музей, сан хөмрөгт Монгол уран бүтээлчдийн бүтээл орно гэдэгт би итгэдэг.

Өнөөдөр бид урлагаа системтэй дэмжиж чадвал гадаад хөрөнгө оруулалт ч нэмэгдэнэ. Жишээлбэл, Хятад улс 15–20 жилийн өмнөөс бодлогын түвшинд урлагаа хөгжүүлж, уран бүтээлчдээ богино хугацаанд дэлхийд таниулж чадсан. Түүнтэй адил хиймэл оюун хэт хурдтай хөгжиж буй энэ үед эртний соёл, өв уламжлалаар амьдарч буй улс орнуудыг илүү сонирхож эхэлнэ. Монголчуудад боломж бий. Гол нь бид дотроо хагарч, хэсэг бүлгээрээ тэмцэлдэхийн оронд мэдлэг боловсрол, чадвараа нэгтгэж, системтэйгээр дэлхийд гарах ёстой. Чадварлаг хүмүүс нэгдэж байж сайхан нийгмийг бүтээнэ гэв.

Уран зураг тэр нийгмийн толь шүү дээ. Намайг оюутан байхад зураачид гэхээр амьдрал тарчиг, зурсан бүтээлээ худалдчихаад архи уудаг хүмүүс байлаа. Одоо гэтэл тийм биш болсон. Зургаа зураад амьдарч чадахгүй бол барилгын хана буддаг хүн болно гэж хүмүүс надад тэр үед хэлдэг байлаа. Харин хариултыг нь би хэдийн өгчихсөн.

#уран зураг