Хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээнд хориг тавьж буй улсууд


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Сүүлийн саруудад олон улс орон хүүхэд, өсвөр насныхны сошиал медиа хэрэглээг хязгаарлах бодлого боловсруулж, хууль тогтоомжоо шинэчилж эхлэв. Энэ чиглэлд хамгийн түрүүнд бодит алхам хийсэн улс нь Австрали бөгөөд тус улс өнгөрсөн оны сүүлээр тус хоригийг хэрэгжүүлсэн нь бусад орны анхаарлыг татсан юм. Харин хамгийн сүүлд Франц улс 15-аас доош насныхны сошиал сүлжээ ашиглахыг хориглох хууль батлаад байна.

Эдгээр арга хэмжээ нь цахим дарамт, сошиал медиан донтолт, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, хүүхдүүдийг цахим орчин дахь гэмт этгээдүүдээс хамгаалах зорилготой.

Гэсэн ч нас баталгаажуулах систем нь хувийн нууцад халдах эрсдэлтэй болоод төрийн хэт оролцоог бий болгоно гэсэн шүүмжлэл ч гарч байна. Тухайлбал, Amnesty Tech зэрэг байгууллагууд ийм хориг нь үр дүнгүй бөгөөд өнөөгийн залуу үеийн бодит хэрэглээг үл тоомсорлож байна гэж үзжээ. Гэсэн хэдий ч олон улс ийм төрлийн хууль тогтоомжийг урагшлуулсаар байна.

Австрали

Австрали улс 2025 оны арванхоёрдугаар сард 16-аас доош насныхны сошиал медиа хэрэглээг хориглосон дэлхийн анхны улс болсон. Хоригт Facebook, Instagram, Snapchat, Threads, TikTok, X, YouTube, Reddit, Twitch, Kick платформууд хамрагдсан бөгөөд WhatsApp болон YouTube Kids энэ жагсаалтад багтаагүй.

Засгийн газар сошиал компаниудад хүүхдүүдийг платформоосоо хол байлгах үр дүнтэй арга хэмжээ авахыг шаардан, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 49.5 сая австрали доллар хүртэлх торгууль ногдуулах боломжтой. Мөн хэрэглэгч зөвхөн төрсөн он, сараа оруулах нь хангалтгүй ба 16-аас дээш настай эсэхийг баталгаажуулах олон төрлийн шалгах арга ашиглах ёстой гэж заажээ.

Австри

Австри улс гуравдугаар сарын сүүлээр 14 хүртэлх насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хориглохоор болсноо зарласан. Холбогдох хуулийн төслийг зургаадугаар сард эцэслэхээр төлөвлөж байна.

Канад

Канадын Засгийн газар зургаадугаар сарын эхээр 16-аас доош насныхны сошиал медиа хэрэглээг хориглох Дижитал аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ.
Хэрэв сошиал платформууд хүүхэд хамгаалах бодлогоо хангалттай хэрэгжүүлж байгаагаа нотолж чадвал энэхүү хоригийг тойрон гарах боломжтой. Хууль хүчин төгөлдөр болох хүртэл ойролцоогоор нэг жил шаардагдана гэж албаныхан мэдэгдсэн байна.

Дани

Дани улс 15-аас доош насныхны сошиал хэрэглээг хориглохоор төлөвлөж байна. 2025 оны арваннэгдүгээр сард тус улсын Засгийн газар энэхүү хоригийг эрх баригч эвслийн гурван нам болон сөрөг хүчний хоёр нам дэмжсэн талаар мэдэгдсэн. Хууль 2026 оны дунд үеэс хэрэгжиж эхлэх боломжтой бөгөөд нас баталгаажуулах боломжтой "Digital Evidence" аппликейшнийг мөн хөгжүүлж байна.

Франц

Франц улс долоодугаар сарын 21-нд 15-аас доош насныхны сошиал медиа хэрэглээг хориглох хууль баталлаа.
Уг хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх боломжтой. Мөн ахлах сургуулиудад гар утас ашиглахыг хориглож, бага болон дунд сургуульд мөрдөгдөж байсан хоригийг өргөжүүлжээ.

Герман

Германы Канцлер Фридрих Мерцийн тэргүүлдэг консерватив нам хоёрдугаар сард 16-аас доош насныхны сошиал хэрэглээг хориглох санал хэлэлцсэн байна. Гэхдээ эвслийн төв зүүний намууд бүрэн хэмжээний хоригийг дэмжихэд эргэлзэж байгаа талаар мэдээлжээ.

Грек
Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис 2027 оны нэгдүгээр сараас эхлэн 15-аас доош насныхны сошиал медиа хэрэглээг хориглохоор төлөвлөж байгаагаа дөрөвдүгээр сард зарласан. Тэрээр энэхүү шийдвэр нь хүүхдүүдийн сэтгэл түгших, нойрны асуудал нэмэгдэж буй болон сошиал платформуудын донтуулах загвартай холбоотой гэж тайлбарлажээ.

Индонез

Индонез улс гуравдугаар сарын эхээр 16-аас доош насныхныг сошиал медиа болон түгээмэл онлайн платформ ашиглахыг хориглохоор болсноо мэдэгдсэн. Эхний ээлжид YouTube, TikTok, Facebook, Instagram, Threads, X, Bigo Live, Roblox зэрэг платформууд хамрагдах юм.

Малайз

Малайз улс 2025 оны арваннэгдүгээр сард 16-аас доош насныхны сошиал хэрэглээг хориглохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Польш
Польшийн эрх баригч нам 15-аас доош насныхны сошиал хэрэглээг хориглох шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа талаар мэдээлжээ.

Словени
Словени улс 15-аас доош насныхны сошиал сүлжээ ашиглахыг хориглох хууль боловсруулж байна. Тус улсын Засгийн газар TikTok, Snapchat, Instagram зэрэг контент түгээдэг платформуудыг зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Испани
Испанийн Ерөнхий сайд хоёрдугаар сард 16-аас доош насныхны сошиал хэрэглээг хориглох төлөвлөгөөгөө танилцуулсан. Гэхдээ хууль парламентын батламж авах шаардлагатай хэвээр байна. Мөн сошиал платформ дээрх үзэн ядалтыг өдөөсөн контентын төлөө компанийн удирдлагуудыг хувь хүнийх нь хувьд хариуцлага хүлээлгэх зохицуулалт боловсруулж байгаа аж.

Турк
Туркийн парламент дөрөвдүгээр сард 15-аас доош насныхны сошиал хэрэглээг хязгаарлах хуулийн төслийг баталсан. Одоо Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гарын үсэг зурсан тохиолдолд хууль хүчин төгөлдөр болно.

Их Британи

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер зургаадугаар сарын 15-нд 16-аас доош насныхны сошиал медиа хэрэглээг хориглохоор болсноо зарлав.

Хоригт Snapchat, TikTok, YouTube, Instagram, Facebook, X зэрэг платформууд хамрагдах бөгөөд WhatsApp болон Signal зэрэг мессеж үйлчилгээ багтахгүй.

Мөн хиймэл оюунд суурилсан романтик хамтрагч чатботуудыг зөвхөн 18-аас дээш насныханд ашиглуулах зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Зарим мэргэжилтэн бүх нийтийг хамарсан хориг бодит үр дүн өгөх эсэхэд эргэлзэж байгаа ч Ерөнхий сайд Кейр Стармер хэрэгжилтийг хангах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд уг хоригийг 2027 оны хавраас мөрдөж эхлэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Techcrunch

 

#мэдээ