Minions & Monsters: Минионуудын адал явдал үргэлжилсээр


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Үзэгчдийн хайртай шар өнгөтэй сахилгагүй минионууд “Despicable Me” франчайзын долоо дахь бүтээл болох “Минионууд ба Мангасууд” киногоороо том дэлгэцнээ эргэн ирж байна. 2026 оны 07-р сарын 01-нд нээлтээ хийхээр товлогдсон уг кино нь “Минионууд” (2015) болон “Минионууд: Грүгийн үүсэл” (2022) кинонуудын өмнөх түүхийг өгүүлэх бөгөөд үзэгчдийг бүр эртний үе рүү буцаан авчрах ажээ.

Минионуудын шинэ үе

1920-иод оны дуугүй киноны эрин үеийн Холливудад өрнөх “Минионууд ба Мангасууд” кино нь нэгэн кино зураг авалтын талбайг үймүүлж, санамсаргүйгээр кино од болж буй огт өөр нэгэн минионуудын омгийн тухай өгүүлнэ. Тэдний замбараагүй, хөгжилтэй үйлдлүүд нь Холливудад томоохон шуугиан тарьж бяцхан шар найзуудыг маань жинхэнэ эд хөрөнгө, алдар нэрт умбуулах болно.

Гэвч кино урлагт дуу авиа нэвтэрч, дуут кино бүтээлүүд дэлгэцнээ гарах болсноор минионуудад гэнэт л олдсон амжилт мөн адил гэнэт л дуусгавар болдог. Өөрсдийн төрөлх “минион” хэлээрээ кино зохиолоо унших чадваргүй минионууд эцэст нь ажилгүй болж, мартагдаж эхэлдэг аж.

Минионууд Холливудын гудамжаар шинэ зорилго, эсвэл шинэ хорон санаат эзнээ хайн тэнүүчилж байхад Жэймс, Эд, Хэнри гурван минион бусдаасаа арай өөр замыг сонгодог. Кино урлагт дурласан уг гурвал өөрсдийн гэсэн мангастай киног бүтээхээр шийджээ.

Жэймс, Эд Хэнри гурав урьд нь ажиллаж байсан хорон санаат шидтэн эзнээсээ хулгайлсан шидийн тарнитай номыг ашиглан, кинондоо мангасуудыг тоглуулахад туслуулахаар нэгэн өхөөрдөм амьтныг дуудан гаргаж ирнэ. Гэвч асар их хүсэл эрмэлзэлтэй эхэлсэн кино төсөл нь тоо томшгүй олон нүдтэй, дэлхий дахинд заналхийлсэн аймшигт мангасыг ер бусын амьтдын армийн хамт санамсаргүйгээр суллаж орхисноор маш хурдан хяналтаас гарна.

Өөрсдийн тарьсан энэхүү гай гамшигтай нүүр тулсан минионууд мангасуудыг зогсоож, дэлхий ертөнцийг сүйрлээс аврахын тулд өөрсдийн омгийн бусад гишүүдтэй хүчээ нэгтгэхээс өөр аргагүйд хүрдэг.

Кино төслийг тойрсон үйл явдлууд

2024 оны 7-р сард “Despicable Me 4” кино орлогоороо асар том амжилт үзүүлсний дараа “Universal Pictures” компани 2024 оны 7-р сарын 11-ний өдөр “Минионууд” киноны гуравдугаар ангийг хийх болсноо албан ёсоор зарласан.

Уг төслийг арай хожуу нээхээр төлөвлөж байсан ч “Шрек 5” хүүхэлдэйн кино 2027 оны 6-р сарын 30 хүртэл хойшлогдсоны улмаас нээлтийн хугацааг наашлуулан 2026 оны 7-р сарын 1 болгосон байна. Харин Австралийн үзэгчид уг киног арай эрт буюу 2026 оны 06-р сарын 25-нд үзэх боломжтой аж.

2025 онд уг төслийн эргэн тойронд хэд хэдэн цуу яриа гарсан. Зарим мэдээллүүдэд киног “Minions United” гэж нэрлэн үйл явдал нь 1980-аад онд өрнөнө гэж байсан бол бусад нь “Despicable me 4” дээр гардаг “Мега Минионууд”-ын тухай өгүүлнэ гэж байв. Зохиолч Брайан Линч эдгээр цуу ярианы алиныг нь ч бодит биш хэмээн нийтэд албан ёсоор няцаасан байдаг.

2025 оны 10-р сард киног “Минионууд ба Мангасууд” гэж нэрлэх тухай мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Яг тухайн сард урьдчилсан хаалттай үзүүлбэрээс бичиж авсан гэгдэх дууны бичлэг цахим орчинд алдагдсан бөгөөд үүгээр киноны үйл явдлын нарийн ширийн зүйлс ил болж, жүжигчин Эллисон Женни, Кристоф Вальц, Бобби Мойнихан нар кинонд дүр бүтээсэн болох нь мэдэгдсэн. Удалгүй “NBCUniversal” компани уг алдагдсан материалыг цахим орчноос маш шуурхай устгасан байна.

2026 оны 1-р сарын 1-нд киноны хэд хэдэн франчайзыг найруулж байсан Патрик Делаж, минионуудын дуу хоолойг оруулдаг Пьер Коффинтой хамтран киног найруулахаар болсныг зарлажээ.

Трейлер болон Маркетинг

Анхны богино хэмжээний трейлер нь “Супер Боул” тэмцээний үеэр багахан хэсэг нь цацагдсаны дараа бүрэн эхээрээ 2026 оны 2-р сарын 8-нд цахим орчинд тавигджээ. Уг трейлерээр киноны албан ёсны нэрийг “Минионууд ба Мангасууд” болохыг баталгаажуулснаас гадна Холливудын сонгодог инээдмийн төрлийг ер бусын, ид шидийн адал явдалтай хэрхэн хослуулсныг үзэгчдэд анх удаа харуулсан юм.

Дуу хөгжим

2026 оны 4-р сарын 17-ны өдөр нэрт хөгжмийн зохиолч Жон Поуэлл уг киноны хөгжмийг бичихээр болсон нь тодорхой болсон. Поуэлл өмнө нь хүүхэлдэйн киноны хэд хэдэн томоохон бүтээлүүд дээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд энэхүү төсөлд ч мөн адил эрч хүчтэй, адал явдалт уур амьсгалыг шингээсэн аялгууг авчирна гэсэн хүлээлттэй байна.

Эх сурвалж: People, Despicable Me Fandom

#Despicable Me #Minions & Monsters