Ойд төөрвөл яах вэ?


Цацаа | YOLO.MN
2016-11-01

Хайрхан аялагч клубээс аялагч алхагч нарт зориулсан ээлжит зөвлөгөөний цуврал болох “Төөрсөн тохиолдолд яах вэ” сэдэвт зөвлөгөөг хүргэж байна.

Та бүхэн Хайрхан аялагч клубыг твиттерт дагахыг хүсвэл ЭНД ДАРНА уу. Харин фэйсбүүкт ЭНД ДАРЖ дагах боломжтой.  

Ням гараг бүрт алхалт зохион байгуулдаг тус клубийнхэнтэй та ч бас нэгдээрэй.

Байгальд, ялангуяа ойд аялж алхах үед төөөрөхөөс сэргийлж дараах зүйлсийг дагаж мөрдөх нь зүйтэй юм. Үүнд:

  • Ганцаараа урьд нь явж байгаагүй замаар явахгүй байх. Ер нь аялал алхалтад ганцаараа явах нь маш олон эрсдэлийг дагуулдаг.
  • Жимтэй газраар явах, зураг авах, бие засах, самар жимс түүхдээ жимээсээ холдохгүй байх. Эдгээр зүйлсийг хийсний дараа жим рүүгээ эргэн орох
  • Жимгүй газраар явах бол замаа сайн мэддэг, туршлагатай хүнтэй явах
  • Оффлайн горимд ажилладаг луужин, зүг заагч, байршил заагч ухаалаг утасны аппликэшнүүдийг хэрэглэж  сурах. Болж өгвөл жижиг луужинтай болох
  • Газар зүйн мэдлэгт суралцах. Нараар баримжаа авах, наргүй үед ургамал модны ургасан байдлаар /Монгол орны хувьд салхи баруун хойноос байдаг өндөрлөг газар ихэнх ургамал модод зүүн урд зүг рүү бөхийсөн байдаг/ баримжаа авах,
  • Өөрийн аялж буй газрын онцлог, хот сууринтай ойрхон яваа бол гар утасны сүлжээ тасрах газрыг мэдэж авах
  • Өвлийн цагт эрт аялалд гарч эрт аяллаас ирэх хэрэгтэй. Учир нь харанхуй болох тусам төөрөх магадлал ихэсдэг.
  • Аялалд авч явах зүйлсийн жагсаалтаа шалгах /чүдэнз, шүгэл, жин багатай, илчлэг ихтэй шоколад зэргийг авах/
  • Болзошгүй үед хэрэглэнэ гэж тооцон гар утасныхаа цэнэгийг гамнах, нөөц цэнэглэгч авч явах
  • Ууланд аялах үед 50м бие биенээсээ холдоход л чимээ авалцах, үзэгдэх орчин хязгаарлагдмал байх аюултай тул бөөнөөрөө алхаж амарч, бие биенээсээ холдохгүй байх
  • Аялал бол САХИЛГА БАТ юм гэсэн дүрмийг даган, нэгдсэн зохион байгуулалттай олуулаа алхаж байгаа үед багийн ахлагч томилж, түүний үгэнд орох, хамгийн ард түгжиж явах хүн томилох нь зүйтэй
  • Хүмүүсийг төөрөхөөс сэргийлж, зам жимд байрлуулсан тэмдэгт тууз, будагт пайзуудыг эвдлэхгүй байх, шинээр сэргээхэд оролцож байх хэрэгтэй юм.

Харин төөрсөнөө мэдвэл та дараах зүйлсийг хийгээрэй.

ЗОГС. ЗОГС дүрэм аюул осолд өртсөн бүх тохиолдолд эхний хийх ёстой зүйл болдог. Англиар: S-T-O-P. Stop, Think, Observe and Plan. Зогс-Бод-Ажигла-Төлөвлө.

1. Зогс: Нөхцөл байдал нь эвгүй санагдаж зүг чигээ алдсанаа мэдсэн бол айж цочирдолгүй зогсоорой. 10 хүртэл тоолж амсхийж айдсаа дар. Төөрснөө мэдвэл ус ууж, бага зэрэг хоол хүнс идээрэй. Учир нь хооллох үед тархи тайван байна гэсэн дохио авч, цаашдын нөхцөл байдлыг эрүүл бодитоор харахад тусална.

Тантай цуг аялж байгаа хүмүүст эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон үеэс бусад үед төөрснөө мэдвэл хэсэг хугацаанд амсхийж сэхээ авах, тайвшрах чухал.

2. Бод: Замаасаа хазайсан байж болзошгүй байршлаа санах гэж оролдоорой. Тэр цэгт буцаж очиж чадах уу? Содон,тэмдэгтэй зүйлсийг санах гэж оролд.

Хэрэв онцгой, тэмдэгтэй, жимдээ буцаж нийлж болохуйц зүйл санаанд чинь орвол анхааралтай яаралгүй тэр газар руу буцаарай. Ер нь аялал алхалтын үед явж буй замаа ажиглах, содон байж болохуйц зүйлсийг чээжилж явах нь тустай. Туршлагатай аялагчдын нэг зуршил энэ юм.

3. Ажигла: Өндөржүүлсэн бэлэн байдалд өөрийн мэдрэхүйгээ тавь. Ирсэн замын турш тааралдсан зүйлсийг тархиндаа төсөөлж, зураглалд оруулж холбох гэж оролд.

Хэрвээ оюун ухаанаа сайн дайчилж, бодлоо төвлөрүүлж чадвал танд заавал нэг санаа орж ирэх л болно. Та түр зогсож, зураг авсан, цэцэг, шавьж ажигласан, цай уусан, гутлаа үдсэн газруудаа санаад холбож бодох юм бол замын цэгүүдээ эргэн санаж чадна. Хэрвээ энэ 3 дахь дүрмийг биелүүлж чадахгүй байгаа бол таныг авахаар хүмүүс иртэл байрнаасаа хөдөлж холдохгүй байх нь зүйтэй юм.

4. Төлөвлө. Та бусадтай төлөвлөгөө ярьдаг шигээ өөртэйгээ чангаар төлөвлөгөөгөө яриарай. Ганцаараа төөрсөн бол ингэх нь хэрэгтэй. Чангаар өөрөө өөртэйгөө ярилцсан яриандаа та өөрөө хариултаа олж харна. Хэсэг бүлгээрээ явж байгаа бол танд илүү амар байх хэдий ч ганцаараа төөрснөө мэдвэл танд үлдсэн цаг, орон зайгаа зөв төлөвлөх чухал.

Энгийн хэдий ч энэ зөвлөгөөг нухацтай авч үзэн хэрэгжүүлэх нь тустай юм.

Замаа олж чадсангүй....

Нэгэнт төөрч, замаа олж чадахааргүй, харанхуйд хоноглох болсноо мэдвэл дараах зөвлөмжийг санаарай.

  • Хоноглох газар хай: Бороо, цас салхинаас хоргодохоор дулаан газар ол. Ингэхдээ төөрсөн цэгээсээ хэт холдох хэрэггүй. Учир нь тантай тааралдах, таныг авахаар ирэх хүмүүсийн таныг олох магадлал багасна. Хэрвээ төөрсөн газарт чинь хоноглоход тохиромжтой газар байхгүй бол өөрийн авч яваа зүйлсийг тэмдэг болгон модноос зүүх, хаданд чулуугаар дарж үлдээх хэрэгтэй. Үүнд гялгар уут, шоколадны мөнгөлөг цаас, ундааны хоосон сав зэрэг таньд хэрэг болохооргүй зүйлс орж болно.
  • Бага хэмжээний түүдэг асаа. Их гал салхины нөлөөгөөр түймэр болж болзошгүй тул таны асаах галын хэмжээ багахан байхад болно. Гал араатан амьтдаас хамгаалах бас нэг хүчин зүйл болж өгнө.
  • Идэх зүйлсээ нөөцөл. Байгалийн ямар ч улиралд хаана ч төөрч магадгүй учир төөрснөө мэдсэн даруйдаа идэх зүйлсээ нөөцөл.
  • Төөрсөн бол гол, горхины хажууд хэзээ ч хоноглож болохгүй. Учир нь голын чимээ аврагчид ирэх, шүгэлдэх хашгирах чимээг дарах эрсдэлтэй юм.
  • Хэрвээ модгүй, хавцгай газар хоноглох бол байгалийн өнгөнөөс ялгарауйц тод өнгийн зүйлийг газарт тараан тавих хэрэгтэй. Таныг олоход нэмэртэй. Аялагч алхагч нар тод өнгийн хувцас өмсдөг нь бие биенээ холоос харах, таних, мөн араатан амьтанд харагдаж, мэдээ өгч үргээх үүрэгтэй. Мөн тод өнгийн хувцас дээр шавьж хачиг буудаггүй гэх мэт олон давуу талтай юм. Та аяллын хувцас сонгохоор бол хурц тод өнгөтэйг аваарай.
  • Санаанд оромгүй боловч жижиг толь авч явах нь төөрсөн үед өдрийн цагт дуу хоолой хүрэхгүй хол газарт нарны гэрлийг ашиглан  хүмүүст гэрэл ойлгон дохио өгөх зүйл болдог.
  • Жижиг шүгэл үүргэвчнийхээ хаа нэгтээ хийж авч яваад хэвшвэл төөрсөн үед ч бус, хоолоо идэх, хөдлөх цуглах зэргээ зарлах туслах хэрэгсэл болдог. Шүгэлийн дуу маш хол газарт сонсогддог.

 Таны аялал, алхалтад амжилт хүсье.

 

#Advice #nature