Dylan Wang болон Shen Yue нарын маргаан


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

2018 онд “Солирын од” кинонд гол дүрүүдийг бүтээн нэр алдрын оргилд гарсан БНХАУ-ын жүжигчид болох Dylan Wang болон Shen Yue нар ахин олны анхаарлын төвд өртөөд байна. Харамсалтай нь энэхүү анхаарал нь тэдний дунд үүссэн үл ойлголцлоос үүдэлтэй. Жүжигчид нэгэн хөгжөөнт нэвтрүүлэгт хамтдаа оролцсон бөгөөд үүнтэй холбоотой мэдэрсэн тухгүй байдлаа Dylan Wang цахим хаягтаа бичсэнээр бүх зүйлийн эхлэл тавигджээ.

“The Inn’s” хэмээх нэртэй нэвтрүүлгийн төгсгөлийн дугаарт оролцогчдын зүгээс Dylan Wang-д доромжилсон утгатай мэт ойлгогдох шагнал гардуулж өгсөн бөгөөд оролцогчид түүнийг нэмээгүй тусдаа групп чат байдаг тухай ярьж тоглоом тохуу хийжээ. Олон нийтийн өмнө ийнхүү гадуурхагдсандаа сэтгэл дундуур байсан Dylan Wang цахим сүлжээндээ тухайн үед үнэхээр тухгүй мэдрэмж авсан тухайгаа хуваалцсан байна.

Нэвтрүүлгийн хөтлөгч Wu Zelin жүжигчинд шагнал гардуулахдаа эхлээд түүний удирдах ур чадварыг нь сайшааж байснаа удалгүй “Чи бол зүгээр л Dylan Wang” гэдэг нэртэй шагналыг гардуулж өгчээ. Үүнээс гадна энэ хэсэгт Dylan Wang байхгүй нэвтрүүлгийн багийнхны групп чатын тухай гардаг ба нэвтрүүлгийн багийнхны зүгээс үүнийг ердөө л нэг хошигнол маягаар илэрхийлсэн ч зарим үзэгчид эдгээр тоглоом шоглоомыг хил хязгаарыг давсан явдал хэмээн үзэж буй бололтой.

Цахим орчинд маргаан хүчийг авч эхэлсний дараа Shen Yue өөрийн weibo хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан байна. Тэрээр тухайн үеийн нөхцөл байдлыг тайлбарлаж, Dylan Wang-ийг оролцуулаагүй групп чатын яриа зүгээр л хуурамч хошигнол байсныг баталсан. Мөн Dylan-д гардуулсан шагнал бол түүнийг шоуг нуруундаа үүрч явсныг нь үнэлэх зорилготой байсан бөгөөд түүнийг доромжлох эвсэл доош нь хийх гэсэн ямар ч санаа агуулаагүй гэжээ. Гэвч тэрээр Dylan Wang-ий сэтгэл зүйн байдлыг бодолцож, түүнд ямар мэдрэмж төрөхийг нь бодолцож үзээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Маргаан даамжирч ирсний дараа зарим хэрэглэгчид Dylan Wang-ий гэр бүлийн ажиллуулдаг хоолны газар луу дайрч, санаатайгаар муу үнэлгээ, сөрөг сэтгэгдэл үлдээж эхэлснээр нөхцөл байдал улам хурцаджээ. Үүнээс үүдэн түүний шүтэн бишрэгчид болон салбарын нөхдүүд нь дуу хоолойгоо хүргэж, энтертайнмент ертөнцийн маргаанаас болж хувь хүний гэр бүлийн бизнесийг дарамталж, хохироож буй явдлыг буруутгасан байна.

Dylan Wang болон Shen Yue нарын талаар

Dylan Wang бол БНХАУ-ын жүжигчин, модель болон дуучин юм. Тэрээр “Солирын од” киноны Daoming Si дүрээр олонд танигдаж, 2022 онд гарсан “Love between Fairy and Devil” киноны гол дүр болох Dongfan Qingcang-ий дүрээр алдар нэрийн оргилд хүрч чадсан.

Эдгээрээс гадна тэрээр The Rational Life, Only for Love, Guardians of the Dafeng зэрэг алдартай кинонуудад гол дүрийг бүтээсэн. Dylan Wang буюу Wang Heidi нь угтаа онгоцны үйлчлэгч мэргэжилтэй бөгөөд Сычуаны баруун өмнөд иргэний нисэхийн коллежийг төгсжээ. Түүний урлагийн замнал 2017 онд “Youku” платформын “Super Idol” авьяастны тэмцээнд түрүүлснээр эхэлж, богино хугацаанд алдрын оргилд хүрсэн билээ.

Shen Yue нь БНХАУ-ын алдартай жүжигчин, модель, дуучин юм. Тэрээр өөрийн олон улсын нэр хүндийг A Love So Beautiful, Meteor Garden гэх мэт залуу хүмүүсийн хайр дурлалыг өгүүлсэн цувралуудад тоглосноор олж авсан байдаг.

Түүний хувьд Хунаний их сургуулийг сэтгүүлч, олон нийтийн харилцааны мэргэжлээр төгссөн бөгөөд нэгэн гэрэл зурагчин түүний зургийг цахим орчинд нийтэлснээр урлагийн ертөнцөд хөл тавьжээ. Тэрээр анхны бүтээсэн дүрээсээ хойш “Count Your Lucky Star”, “Mr.Bad”, “Smile Code” зэрэг Хятадын хэд хэдэн алдартай олон ангит кинонд дүр бүтээсэн юм. Мөн Netflix-ийн бүтээл болох “The Yin Yang Master” уран сайхны кинонд тоглоод ч амжжээ.

Эх сурвалж: WION

#Dylan Wang #Shen Yue