“Goblin” киноны жүжигчид киноны арван жилийн ойгоор эргэн нэгджээ


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

2016 онд бидний мэдэх хамгийн шилдэг к-драманууд ар араасаа цувран гарч байсны нэг нь яах аргагүй “Goblin”. Тэгвэл тус киноны гол дүрийн жүжигчид киноныхоо арван жилийн ойд зориулан эргэн нэгдсэн байна.

TvN телевиз “Хамтдаа гялалзъя-Goblin 10 жилийн ойн аялал” гэх нэртэй шинэхэн нэвтрүүлгийнхээ анхны teaser-ийг 05-р сарын 22-нд цацсанаар үзэгчдийн сэтгэлийг догдлуулаад амжжээ.

“Хамтдаа гялалзъя-Goblin 10 жилийн ойн аялал” нэвтрүүлэг солонгосын цагаар  07-р сарын 04-ны 21:10-аас цацагдах юм байна. Энэхүү тусгай нэвтрүүлэг нь дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулсан “Goblin” арван жил  болон tvN телевизийн хорин жилийн ойг тохиолдуулан гарч буй гэдгээрээ онцлогтой.

Нэвтрүүлгийн teaser-ийг үзээд фенүүд яг л буцаад 2016 онд оччихсон юм шиг санагдаж байна, хуучин дурсамжууд сэргэж байна гэх мэт эерэг сэтгэгдлүүдийг үлдээжээ. Үнэхээр ч фенүүдийн зөв байсан бөгөөд богино бичлэгт жүжигчид кинон дээрх Жи Өн-так чөтгөрийг анх дууддаг газар болох алдарт Каннөн хотын Жүмүнжинд байгаагаар харагддаг. Мөн бичлэгийн ард явах дуу нь киноны сүлд дуу болох “Beautiful” эгшиглэхийн зэрэгцээ улаан ороолт, сагаг цэцэг зэрэг киноны бэлэг тэмдэг болсон зүйлс гарсан байна.

Үүнээс гадна жүжигчдийн сэтгэгдэл, хэлсэн үгс нь ч олон нийтэд таалагдсан бололтой. Gong Yoo өөрийн баяртай байгаагаа “Өнөөдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлцгээе” хэмээн илэрхийлж, Kim Go-eun чимэг болсон дулаахан инээмсэглэлээрээ мишээн “Бид энд сүүлд ирснээс хойш арван жил өнгөрчээ” гэхэд Lee Dong-Wook болон Yoo In-na “Аль хэдийн арван жил өнгөрчихсөн үү?”, “Бүх зүйл яг л хуучин хэвэндээ байна шүү” гэх мэтээр сэтгэгдлүүдээ хуваалцжээ.

Тоор хочтой хос болох Lee Dong-Wook, Yoo in-na хоёр “Санаж байна уу? Goblin кинон дээр яг ийм өнгөтэй далай гардаг даа” хэмээх алдарт хэсгээ ахин амилуулсан бол мянган жилийн хайрын түүхийн эзэд болох Gong Yoo, Kim Go-eun нар урьдын адил элэгсэг дотно уур амьсгал бүрдүүлсэн харагдаж байв.

 

Үзэгчид болон киноны үнэнч фенүүдийн хувьд энэхүү арван жилийн дараах нэгдэл нь туйлын сэтгэл хөдөлгөм санагдаж байгаа шиг жүжигчдийн хувьд ч мөн яг л тийм мэдрэмжийг мэдэрч байгаагаа хуваалцсан байна. Gong Yoo “Үнэхээр сонин мэдрэмж төрж байна” хэмээн нулимс цийлгэнүүлж ярьсан бол Yoo in-na “Би энэ мөчийг хэзээ ч мартаж чадахгүй байх” хэмээн сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.

‘Goblin” 2016 онд цацагдсан дариудаа 20%-иас дээш үзэлтийг авч чадсан хамгийн анхны драма болж байсан бөгөөд тухайн үед хүн бүр л царайлаг чөтгөр болон түүний өхөөрдөм сүйт бүсгүйн тухай ам уралдуулан ярьж байв. Зөвхөн киноны үйл явдлаар ч зогсохгүй кино зохиолыг бичсэн Kim Eun-sook, найруулагч Lee Eung-bok болон жүжигчид ч магтаалыг ар ардаасаа хүртэж байсан юм. Кино гараад аль хэдийн арван жил өнгөрсөн ч хүмүүс одоо ч драмаг хайрласаар байгаа нь “Goblin” киноны чанарыг илэрхийлж буй хэрэг байх.

Нэвтрүүлгийн ажилчдын багийн хэлж буйгаар тэд гол дүрийн дөрвөн жүжигчдийн жинхэнэ сэтгэл хөдлөл, хөгжилдөөн, ойр дотно байдал зэргийг гаргах тул үзэгчдийг нэвтрүүлэг гарах өдрийг хүртэл тэвчээртэйгээр хүлээж байгаарай хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: The Chosun Daily

#Goblin