Өнгөрсөн долоо хоног Инстаграмд: BTS, ThunderZ, Jisoo, Zola…


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Техник технологи хурдацтай хөгжиж буйтай зэрэгцэн мэдээ мэдээллийн хамгийн чухал хэрэгслүүдийн нэгт сошиал медиа албан ёсоор бичигддэг болсон билээ. Тиймдээ ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд зайлшгүй шаардлагаар сошиалаа шалгах болсон гэхэд хилсдэхгүй. Тэр дундаа залуусын хамгийн ихээр ашигладаг инстаграмд өдөр бүр л онц сонирхолтой үйл явдлууд өрнөсөөр буй. 

YOLO.mn сайтын зүгээс 2020 онд “Өнгөрсөн долоо хоногт Инстаграмд” булангаа долоо хоног бүр хүргэдэг байсныг үнэнч уншигчид маань андахгүй мэдэх биз ээ. Тэгвэл тус булан маань удтал завсарласны эцэст ийнхүү дахин хүрч байна. Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох нийтлэлийг багцлан хүргэе. 

“ТУСГААР ТОГТНОЛ: БОШИГ САХИГЧ” КИНОНЫ СОДОН НЭЭЛТ 

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 115 жилийн ойд зориулан бүтээсэн "Тусгаар Тогтнол" бошиг сахигч уран сайхны кино энэ сарын 06-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Тус кино нь монголчууд хэдэн зуун жилийн турш харь гүрний эрхшээлд дарлуулж, өөрийн тусгаар тогтнолоо сэргээн авсан тухай өгүүлэх түүхэн уран бүтээл юм. 

Тэгвэл тус бүтээлийн нээлтэд уран бүтээлчид монгол үндэсний гангараа болох дээлтэйгээ хүрэлцэн иржээ. Түүнчлэн уран бүтээлчдээс гадна ирсэн зочид, арын албаны ажилтан гээд бүгд дээлээ өмссөн байна. Энгийн монгол дээлээ өмссөнөөс гадна үндэсний малгай болон гутлыг хослуулан өмссөн хүмүүс ч цөөнгүй байлаа.  

ДОЛООН ЗАЛУУТАЙ БОЛЗОХ ҮЗЭСГЭЛЭНТ КИМ ЖИСҮ

Blackpink хамтлагийн үзэсгэлэнт гишүүн Ким Жисү энэ сард “Boyfriend on Demand” цувралаараа эргэн ирж, сошиал орчинд багагүй шуугиан тариад байгаа билээ. Энэ удаад тэрээр Со Ми Рэ гэх эмэгтэйн дүрийг бүтээж байгаа бөгөөд виртуал болзооны үйлчилгээ ашиглан жинхэнэ хайраа олохоор хичээж буй хөгжилтэй, романтик түүхийг өгүүлэх аж. Тэрээр цувралын туршид к-драмын хамгийн царайлаг гэгдэх долоон залуутай болзох ба үзэгчдийн дунд ч сайшаалтай байгаа юм. Ялангуяа түүний жүжиглэлт эрс сайжирсан байгаа тухай үзэгч, шүүмжлэгчид ихээхэн магтаж байгаа гэнэ шүү. 

NAIL ARTIST ЗОЛА БА ХОЛЛИВУДЫН ОДОД 

Монголын nail artist Зола-г бид холливудын оддын хумсыг урлаж, үргэлж хамтран ажилладаг гэдгээр нь сайн мэдэх билээ. Тэгвэл Зола өнгөрсөн долоо хоногт Blackpink-ийн алдарт Женни болон жүжигчин Деми Мур, дуучин Сидни Суини нарын хумсыг гоёжээ. Энэ нь түүний эдгээр эмэгтэйчүүдийн хумсыг урласан анхны тохиол биш бөгөөд тэрээр жил гаруй хугацаанд хамтран ажиллаж байгаа аж. 

BTS ЭРГЭН ИРЛЭЭ!

BTS хамтлаг GQ сэтгүүлд ярилцлага өгчээ. Удаан хугацааны туршид бүрэн бүрэлдэхүүнээр нь хамтад нь хараагүй тэдний ярилцлага үнэнч шүтэн бишрэгч арми нарт нь таалагдсан нь лавтай. Тус ярилцлагад гишүүдийнх нь хамгийн гоё гарсан зураг, хамтлагийг нь анх сонсож байгаа хүнд ямар дууг санал болгох вэ зэрэг энгийн хэр нь дурсамжтай түүхүүдийг хуваалцжээ.  

ЖҮЖИГЧИН Б.НОМИН-ЭРДЭНИЙН ТӨРСӨН ӨДӨР

Үргэлж шинийг санаачилж, сонирхолтой вебтүүн цувралуудаар бэлэг барьдаг Favway уран бүтээлийн нэгдлийн жүжигчдийг өсвөр насны хүүхэд, залуучууд шимтэн үзэх дуртай. Тэгвэл тус нэгдлийн өхөөрдөм, жижигхэн жүжигчин Б.Номин-Эрдэнэ буюу Жижгээгийн төрсөн өдөр өнгөрсөн долоо хоногт тохиожээ. Тэрээр “Хориотой жүжиг” театрын бүтээлд тоглож байгаа бөгөөд нээлтийн тоглолт нь түүний төрсөн өдрөөр тохиосон гэнэ шүү. 

HARRY STYLES-ИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ 

Английн алдарт дуучин Harry Styles-ийн “Kiss All the Time. Disco, Occasionally” цомгийн цоо шинэ дуунууд өнгөрсөн долоо хоногт цацагджээ. Өөрийн гэсэн содон хэмнэлтэй түүнийг дуунуудыг сонсож өөрийгөө цэнэглээрэй. 

THUNDERZ-ИЙН ШИНЭ ДҮР ТӨРХ 

Өнөө цагийн урлаг, соёлын өнгийг тодорхойлогч чадварлаг залуусын нэг бол ThunderZ. Тэрээр энэ оны тавдугаар сарын 23-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд “Tengri” гэх тоглолтоо хийх гэж байгаа юм. Тус тоглолтдоо зориулан цоо шинэ дүр төрхтэй зургаа инстаграм хуудастаа нийтэлсэн байна. Хийж буй дуу бүрдээ ямар нэгэн эерэг зүйлийг шингээж, бусдыг сайн сайхан руу түүчээлдэг түүний энэ удаагийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа хэр олон хүн байна? 

ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН АРИУНААГИЙН ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТ

Өнгөрсөн долоо хоногт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон билээ. Уг өдөрт зориулсан урлаг, соёлын олон үйл ажиллагаа зохион байгуулагдсанаас дуучин Т.Ариунаагийнх хамгийн шилдэг нь байв. Учир нь тэрээр 2000-аад оны эхээр олонд танигдсан урлагийн замналаа эхлүүлж байсан хэдий ч өдийг хүртэл урлагтаа үнэнч хэвээр байгаа юм. Түүний энэ удаагийн тоглолтдоо өмссөн чамин хийцтэй хувцас болон гайхалтай дуу хоолой гээд бүгд өөгүй төгс байсан хэмээн үзэгчид магтаад байгаа аж. 

Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох нийтлэлүүд энэ хүрээд дуусаж байна. Харин дараа долоо илүү сонирхолтой илүү содон мэдээлэлтэй эргэн уулзацгаая. 

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд