MacBook Neo: Apple-ийн түүхэнд хамгийн хямд үнийг санал болгож буй MacBook


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Apple компани төсөвтөө хэмнэлт хийхийг эрмэлздэг хэрэглэгчдэд зориулсан өөрийн хамгийн хямд зөөврийн компьютер болох MacBook Neo-г албан ёсоор танилцууллаа. Энэхүү алхам нь Windows үйлдлийн системтэй компьютер болон Chromebook-ийн зах зээлийн эсрэг хүчтэй өрсөлдөх хандлагатай байна.

Шинэ загвар нь зах зээлд 599 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарч байгаа нь Apple-ийн өмнөх үеийн хамгийн хямд зөөврийн компьютеруудаас 400  гаруй ам.доллароор хямд үзүүлэлт болж байна. Одоогийн байдлаар 1099 ам.доллароор борлуулагдаж буй MacBook Air-тай харьцуулахад энэ нь үнийн хувьд хамаагүй хямд үзүүлэлт юм.

Мөн оюутнуудад зориулж нэмэлт хөнгөлөлт үзүүлснээр анхны үнийг 499 ам.доллар хүртэл бууруулах боломжтой болжээ.

Хэрэглэгчид неон, хөх, саарал, ягаан туяатай гэсэн дөрвөн өнгөнөөс сонголтоо хийх боломжтой бөгөөд энэ нь оюутан залуус болон энгийн хэрэглэгчдийн сонирхлыг татахаар сайн өнгөний сонголтууд болжээ.

MacBook Neo нь 13 инчийн дэлгэцтэй. Ерөнхийдөө тус компанийн түүхэн дэх хамгийн авсаархан зөөврийн компьютеруудын нэг болж байна. Хамгийн сонирхолтой нь Apple анх удаа Mac компьютертээ ухаалаг гар утасны iPhone A18 Pro чипийг ашиглажээ. Энэ нь хэдэн арван жилийн турш баримталж ирсэн хямд үнэтэй зөөврийн компьютер үйлдвэрлэхгүй гэх зарчмаасаа татгалзсан түүхэн эргэлт болж байна. 

iPhone-ийн процессоруудын хурд, хүчин чадал эрс нэмэгдсэн нь компьютерийн гүйцэтгэлийг алдагдуулахгүйгээр үнийг нь ийнхүү бодит хэмжээгээр бууруулах боломжийг олгосон байна.

Apple-ийн Техник хангамжийн инженерчлэлийн тэргүүн Жон Тернус хэлэхдээ MacBook Neo-г илүү олон хүнд хүртээмжтэй байлгах үүднээс анхнаас нь шинээр зохион бүтээсэн болохыг онцолж байлаа. Үндсэн загвар нь 256GB санах ойтой байх бол 699 ам.долларын үнэтэй илүү сайжруулсан хувилбар нь багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлж, Touch ID, хурууны хээ уншигчаар тоноглогдсон байна. 

Техник үзүүлэлтийн хувьд MacBook Neo нь 16 цаг цэнэгээ барих чадвартай нь M5 чиптэй MacBook Air-аас ердөө хоёрхон цагаар дутуу юм. Хэдийгээр гар утасны чип ашигласан ч бусад Mac компьютеруудын адил macOS үйлдлийн системийг бүрэн эхээр нь ажиллуулна. Мөн их биеийн загвар, Wi-Fi 6E болон 1080P FaceTime камер зэргийг багтаасан нь хямд үнэтэй Windows компьютер болон Chromebook-ээс чанартай, тансаг зэрэглэлийн мэдрэмжийг төрүүлэхээр загвар болсон байв. 

Apple-ийн зүгээс уг компьютер нь хиймэл оюун ухааны даалгавруудыг ижил түвшний өрсөлдөгч компьютерээс гурав дахин хурдан гүйцэтгэдэг болохыг мэдэгдэж байлаа.

Энэхүү стратегийн алхам нь Apple-ийн шинэ хэрэглэгчдийг татах, улмаар тэдэнд iPhone, iPad зэрэг бусад бүтээгдэхүүнээ борлуулах томоохон боломжийг нээж байна. Өнгөрсөн улиралд Mac компьютерийн борлуулалт 6.7 хувиар буурч шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй байгаа энэ үед шинэ хямд загвар нь зах зээлд шинэ эрч хүч авчрах төлөвтэй байна.

Эх сурвалж: afr

#MacBook Neo #MacBook #Apple