Монгол Экологи Төвөөс Бутаны байгаль хамгаалагч нарт “Royal Enfield” мотоциклууд хандивлалаа


YSC | YOLO.MN
2022-10-17

Монгол Экологи Төвөөс хэрэгжүүлдэг “Rally for Rangers” нэртэй байгаль хамгаалагч нарт туслах хөтөлбөрийн хүрээнд Бутан Улсын байгаль хамгаалагч нарт “Royal Enfield” брэндийн “Himalayan” загварын 15 мотоциклыг хандивлалаа. Хөтөлбөрийн хүрээнд 12 өдрийн турш Бутан Улсын баялаг соёл уламжлал ба Буддын шашин, Хинду соёлтой танилцангаа бартаат замыг мотоциклоор туулсан аялагчид мотоциклуудаа байгаль хамгаалагч нарт гардуулах ёслол өнгөрсөн 7 хоногт болов.

Тус бүр нь 4,000 ам.долларын үнэтэй энэхүү мотоциклуудын тусламжтай байгаль хамгаалагч нар хүний хөл хүрэх боломжгүй газруудад хүрч хулгайн анг таслан зогсоох, ховордож буй амьтан ургамлыг хамгаалах замаар тусгай хамгаалалттай газруудыг хамгаалах ажил үүргээ саадгүй биелүүлэх боломжтой болж байгаа юм.

Олон улсын мотоцикл сонирхогчид ба байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах хүсэлтэй аялагчид тухайн жилийн сонгогдсон аль нэг тусгай хамгаалалттай газар луу цоо шинэ мотоциклоор аялж, аяллын төгсгөлд мотоциклуудыг байгаль хамгаалагч нарт хандивладаг энэхүү хөтөлбөрийг Монгол Экологи Төвөөс 2014 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд Монголын төдийгүй Аргентин, Чили, Бутан, Перу зэрэг олон улсын тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагч нарт нийт 160 гаруй мотоцикл хандивлаад байна.

Дэлхийн өнцөг булан бүрт тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт, хосгүй үзэсгэлэнт газруудыг хамгаалж буй байгаль хамгаалагч нарыг найдвартай, чанартай тээврийн хэрэгслээр хангах зорилготой “Rally for Rangers” хөтөлбөрийг 2022 онд Перу, Монгол, Бутан улсуудад зохион байгууллаа.

Монголд энэ оны 8 сард зохион байгуулсан аяллын хүрээнд олон улсын аялагчид Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд байрлах Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын захиргаа хүртэл 1800 гаруй километрийг мотоциклоор туулж 15 мотоциклыг Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын захиргааны 10 жилийн ойн баярын үеэр гардуулсан билээ

 

Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүйг:

https://rallyforrangers.org/

Монгол Экологи Төвийн тухай дэлгэрэнгүйг:

https://mongolec.org/

#Мэдээ