Ягаан өмсгөлөө тайлсан Joji: "Glimpse of Us" дууны гүн утга


YOLO.mn | YOLO.MN
ӨЧИГДӨР

Заримдаа бид өөрийгөө шинээр бүтээхийн тулд өнгөрсөн бүхнээ золиослох хэрэгтэй болдог. 10 жилийн өмнө интернэт соёлыг 'Harlem Shake'-ээр давлагаалуулж, ягаан өмсгөлөөрөө галзуу бичлэгүүд хийдэг байсан тэр залуу өнөөдөр дэлхийн хамгийн нандин, зүрх зүсэм аялгуунуудыг амилуулж байна гэж хэн санах билээ? YouTube-ийн 'хаан' байсан Pink Guy-аас меланхолик хөгжмийн төлөөлөл Joji хүртэлх ер бусын хувьсал болон түүний 'Glimpse of Us' дууны цаана нуугдах сэтгэл зүйн гүн шархыг хамтдаа нээцгээе.

Joji гэж хэн бэ?

Joji буюу Жорж Кусүноки Миллер нь Япон-Австрали гаралтай уран бүтээлч бөгөөд тэрээр 1992 онд Японы Осака хотод төрж 18 нас хүртлээ тэндээ амьдарчээ. Өдгөө тэрээр намуухан, сэтгэл татам, бага зэрэг гунигтай хөгжмийн төрлөөр дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй болоод байна.

Joji-г Joji болохоос өмнө хүмүүс "Pink Guy" гэх этгээд дүрээр нь мэддэг байв. Тэрээр YouTube-ийн түүхэнд "Harlem Shake" зэрэг трендүүдийг санаачилж, хошин урлагийн хил хязгаарыг давж байсан ч, энэ багны цаана жинхэнэ уран бүтээлч болох хүсэл нь нуугдаж байлаа. Эрүүл мэндийн сорилт болон өөрийн хүсэлдээ хөтлөгдөн эцэст нь тэр бүхнээс татгалзаж, ягаан багаа тайлсан юм.

Түүний тухай хүмүүсийн мэддэггүй сонирхолтой баримтууд

  1. "Harlem Shake"-ийг үндэслэгч: 2013 онд дэлхий нийтийг байлдан дагуулж байсан "Harlem Shake" челленжийг тэрээр Pink Guy-ийн дүрдээ байхдаа анх эхлүүлж байв. Өнөөгийн богино хэмжээний видео трендүүдийн (TikTok, Reels) суурийг тавьсан хүмүүсийн нэг гэхэд хилсдэхгүй.
  2. 14 сая дагагчаа орхисон зориг: Ихэнх хүмүүс алдар нэр рүү тэмүүлдэг бол тэр эсрэгээрээ. Тэрээр YouTube-ийн хамгийн алдартай сувгуудын нэг болох "Filthy Frank"-аа 2017 онд албан ёсоор хаасан. 14 сая гаруй дагагчтай, асар их орлоготой сувгаа бүрмөсөн орхисон шалтгаан нь түүний хөгжим хийх хүсэл байв.
  3. Багны цаана нуугдсан эрүүл мэндийн тэмцэл Түүнийг YouTube-ийг орхиход хөгжмөөс гадна биеийн байдал нь нөлөөлсөн. Жожи мэдрэлийн гаралтай таталт өгдөг (seizures) өвчтэй бөгөөд "галзуу" дүрүүдээ бүтээхэд ирдэг асар их стресс, хоолойгоо шахаж ярих зэрэг нь түүний өвчнийг сэдрээдэг байжээ. Тиймээс тэрээр амьд үлдэхийн тулд тайван, намуухан хөгжмийн замыг сонгосон юм.
  4. Billboard-ийн түүхийг шинэчлэгч Тэрээр зүгээр нэг интернэт од биш гэдгээ баталж, 2018 онд Ballads 1 цомгоороо Billboard-ийн "R&B болон Хип-хоп" чартыг тэргүүлсэн анхны Ази гаралтай уран бүтээлч болж түүхэнд бичигдсэн. Энэ нь Ази залуус дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх том үүдийг нээсэн юм.
  5. Нууцлаг байдлын мастер: Жорж Миллер хувийн амьдралаа маш чанд нууцалдаг. YouTube-ийн од байхдаа ч жинхэнэ нэрээ олон жил нууцалж чадсан тэрээр одоо ч хэвлэлд ярилцлага өгөхөөс татгалзаж, нууцлаг байдлыг эрхэмлэдэг нь түүний меланхолик төрхийг улам бүр сонирхолтой болгодог.

Glimpse of Us: Гялсхийн харагдах дурсамж

“Glimpse of Us” бол Joji өөрөө дангаараа бие даан бичээгүй цөөн дуунуудын нэг. Уг дууг Америкийн уран бүтээлчид болох Connor McDonough, Riley McDonough, Castle, Alexis Kesselman нар хамтран бичсэн бөгөөд Joji-д анх санал болгосон байна.

Дууны анхны хувилбар нь аль хэдийн гунигтай, эмзэг өнгө аяс бүхий байсан ч Joji уг бүтээлийг сонсоод өөрийн уран бүтээлийн ертөнцтэй нийцэж байгааг мэдэрч, дуулж үзэхээр шийджээ. Тэрээр дууны үг, аялгууг өөрийн дотоод мэдрэмжтэй уялдуулан илэрхийлж, илүү гүн гуниг, бодит сэтгэл хөдлөл шингээсэн байна.

Joji-ийн өвөрмөц, намуухан хэр нь эмзэг хоолой “Glimpse of Us”-ийг зүгээр нэг гунигтай дуу биш, харин хуучин хайрын дурсамжтай нүүр тулж буй хүний дотоод яриа мэт болгож чаджээ. Үүний үр дүнд уг дуу сонсогч бүрийн өөрийн туулсан мэдрэмжтэй давхцаж, богино хугацаанд дэлхий даяар хит болсон юм.

Дууны утга санаа: “Glimpse of Us” нь өнгөрсөн хайраа бүрэн мартаж чадаагүй хүний дотоод зөрчлийг өгүүлдэг дуу юм. Дууны гол дүр шинэ харилцаанд орсон мэт харагдавч сэтгэл зүрхний гүнд нь хуучин хайр нь оршсоор байгааг Joji маш энгийн атлаа сэтгэл өвтгөм байдлаар илэрхийлдэг.

Дууны туршид гардаг хамгийн хүчтэй санаа бол “glimpse” буюу түрхэн агшин. Энэ нь өнгөрсөн хайр эргэж ирээгүй ч, өөр хэн нэгний инээмсэглэл, харц, жижиг үйлдлээс санамсаргүйгээр цухалзах дурсамжийг бэлгэддэг. Тэрхүү богинохон агшин нь дууны гол өвдөлт болж, сонсогчдыг өөрийн эрхгүй өөрийн дурсамжтай нүүр тулгарахад хүргэдэг.

Мөн уг дуу нь гэмшил, өөрийгөө буруутгах мэдрэмжийг ч хөнддөг. Гол дүр шинэ хүнийг хайрлахыг хичээж байгаа ч, түүнийг бүрэн чин сэтгэлээсээ хайрлаж чадахгүй байгаагаа ухамсарлана. Энэ нь хайр гэдэг зөвхөн хамт байх бус, сэтгэл санаагаараа бүрэн чөлөөтэй байхыг шаарддаг гэдгийг сануулдаг.

“Glimpse of Us” нь хэн нэгнийг алдсаны дараах гуниг төдийгүй, мартахыг хүссэн ч мартаж чаддаггүй тэр бодит мэдрэмжийг дүрсэлсэн дуу юм. Тийм ч учраас уг дуу олон хүний сэтгэлд хүрч, өөр өөр түүх, дурсамжтай хүмүүст ижилхэн өвдөлтийг мэдрүүлдэг.

“'Cause sometimes I look in her eyes, and that’s where I find a glimpse of us.”

Клипний нууц: Дууны дүрс бичлэгийг сонирхогчийн камераар авсан мэт замбараагүй дүрсүүдээр бүтээсэн нь тухайн хүний дотоод сэтгэл дэх зөрчил, өөрийгөө сүйтгэж буй сэтгэл зүйн байдлыг илэрхийлдэг.

Э. Баярцэцэг

#Joji #Glimpse of Us