Ц.Сувддарь: Би ахынхаа МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХИЙГ хүсдэг


Цуглуулгадаа үнэнч, сонирхолтой цуглуулгатай олон үе тэнгийнхэнтэй бид та бүхнийг өмнө нь уулзуулсан.

Харин энэ удаад танилцуулах удаах зочны цуглуулга хэдэн зуугаар хэмжигдэнэ. Цуглуулгаа гэр бүлээрээ өргөжүүлж түүнийгээ амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгож чадсан Ц.Сувддарьтай ярилцлаа.

YOLO: Цуглуулгынхаа үүсэл хөгжлийн тухай яриагаа эхэлье.
Миний ах маш олон төрлийн зүйл цуглуулдаг байсан. Жишээ нь үзэг, гутал, буу, малгай гээд төрөл бүрийн цуглуулгатай байлаа. Харамсалтай нь ах минь хоёр жилийн өмнө бурхан болсон юм. Ах маань өөд болохынхоо өмнө “Зоосыг маань арвижуулаад гэр бүлээрээ хамтраад цуглуулаарай” гэж бидэнд захиж үлдээсэн. Тиймээс зоосны цуглуулгын эхлэлийг анх ах маань тавьсан гэж хэлж болно. Одоогоор цуглуулга маань ойролцоогоор 700 гаруй зоостой болжээ.

YOLO: Энэ олон зоосыг цуглуулахад бэрхшээлтэй зүйл байсан уу?
Зоос бол өөрөө түүхийг харуулдаг түүхийн бодит хөдөлшгүй баримт. Монгол зооснуудыг дагнаад цуглуулъя гэхээр монгол зооснууд байдаггүй, дандаа гадаад руу гарчихсан байдаг. Гадаадаас захиж авчируулъя гэхээр үнэ өртөг нь өндөр. Монголчууд өөрсдийнхөө өв соёлыг яагаад гадаад руу гаргачихсан юм бол гэж их бодогддог. Гадаадын зооснуудыг цуглуулахад гарах нэг бэрхшээл нь европчууд жил бүр зоос гаргадаг учраас он оноор нь цуглуулъя гэхээр маш их өртөг зарлага гарна. Мөн зоосны ямар материалаар хийснээс нь шалтгаалаад үнэ өртөг харилцан адилгүй болохоор санхүүгийн хувьд бэрхшээлтэй байдаг.

YOLO: Чамд ихэвчлэн ямар зоос байдаг вэ?
Гүйлгээнд ашигладаг байсан зооснуудаа 100 хувь гэж үзвэл 30 гаруй хувь нь Монгол зоос, үлдсэн хувь нь гадаад зоос эзэлж байна. Учир нь гадаадын улсуудад жил бүр зоос гаргадаг.  Зоосыг дурсгалын, гүйлгээнд хэрэглэгддэг гэж хоёр ангилдаг.

 

Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

YOLO: Ховордсон монгол зооснуудыг яаж олдог вэ?
Зоос цуглуулагчдын холбоо гэж байдаг. Гэр бүлээрээ цуглуулгаа арвижуулаад хоёр жил болж байна. Бүр 20, 30 жил цуглуулсан ч хүмүүс бий. Тэр хүмүүстэй холбоогоороо дамжуулж уулзаад “чамд байхгүй зоос байна уу, надад байна” гээд солилцож болдог. Гадаадаас захиалж авчраад цуглуулгадаа нэмдэг. Хэдийгээр мөнгө үрж байгаа ч гэсэн дуртай зүйлдээ сэтгэл гаргаад хийж байгаа юм чинь сайхан байдаг. Ихэвчлэн  хүмүүстэй солилцож авдаг даа. Хүмүүст буруу ойлголт байдаг. Зоос хэр элэгдсэн байна тэр чинээгээрээ үнэтэй гэж боддог. Тэр бол эсрэгээрээ зоос элэгдэх тусмаа бичиг үсэг байхгүй болчихсон, тэд нар илүү үнэ өртөг багатай байдаг. 

YOLO: Зоосон мөнгөний бусад мөнгөнөөс ялгарах онцлог нь юу вэ?
Монгол зоосон дээр ихэвчлэн соёмбыг харуулсан байдаг. Зоосон дээр байгаа тэмдэгтүүдийг гаргасан хүн нь тодорхойгүй, дүрсэлж, зурсан хүмүүсийнх талаарх мэдээлэл маш ховор байдаг. Цаасан мөнгөнөөс ялгарах онцлог нь урт хугацаанд хадгалагддаг.

YOLO: Дээр хэлэхдээ, зоосыг дурсгалын болон гүйлгээнд хэрэглэгддэг гэж хоёр ангилдаг гэсэн. Гаднаас нь хараад энэ хоёрын ялгааг хэрхэн таних вэ?
Европын улс орнуудын зоосны хөгжил өндөрт тавигддаг. Гүйлгээнд ашигладаг зооснуудаас гадна дурсгалын зооснууд зоос цуглуулагчдын сонирхлыг их татдаг. Гүйлгээнд хэрэглэдэг зооснууд дээр тэдэн евро, тэдэн төгрөг гэж байдаг бол дурсгалын зооснууд бол дурсгалд зориулаад зургууд нь арай өөр буюу тэмдэглэлт үйл явдалд зориулсан гэдгийг оноор дүрсэлж зургаар харуулдаг болохоор цуглуулагчдын сонирхлыг ихээхэн татдаг юм.

Зоос мөнгөний хэмжүүрээсээ хамаараад жижиг том байна. Хэр элэгдэж хуучирсан гэдгээсээ , хийгдсэн металаасаа шалтгаалж өнгүүд нь мөн өөр өөр байдаг. Зоос бол хэдий мөнгө орсон ч гэсэн зэсийн хольц байгаа учраас цаг хугацааны эрэхээр элэгдэж, үрэгдээд, гүйлгээнд орсон, олон хүний гар дамжсанаасаа болон орсон металлаасаа хамаараад өнгө нь өөр өөр байдаг. Мөн Хятадын зооснуудыг танихад их амархан. Дундаа нүхтэй, мөнгө биш дандаа хөнгөн цагаанаар хийгдсэн байдаг.
 

Би л лав их ариг гамтай болсон. Хүн чинь өөрөө хайртай зүйлдээ сэтгэл гаргадаг болохоор аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг болчихсон юм шиг санагддаг. Өөрийнхөө хувцсанд хүртэл гамтай болчихсон.

Ц.Сувддарь

YOLO: Цуглуулгаараа ямар нэгэн бүтээл хийж байсан уу?
Ах маань дунд сургуульд байхдаа зоосныхоо бүх тайлбарыг нь бичээд багш, найз нартаа үзүүлдэг байсан. Тэр үед  “Хэрвээ цуглуулга маань  (одоогийнх шиг) арвин болчихвол музей гаргана. Хүмүүст харуулах, соёлыг нь мэдүүлэх зорилготой тийм юм хийх юмсан гэж боддог. Бүр болохгүй бол хоосон ханан дээр тавиур хийгээд гоё зооснуудаа өрөөд, дээрээс нь гэрэл тусгаад хүмүүст харуулах гоё байрлалаар хийе” гэж бид хоёр ярилцдаг байсан. Би ахынхаа энэ мөрөөдлийг биелүүлэхийг хүсдэг.

YOLO: Хувийн биш гэр бүлийн цуглуулгатай байхын ач холбогдлыг юу гэж боддог вэ?
Манай аав, ээж хоёр зоос авчраад “Энийг хардаа, ийм гоё зурагтай юм байна, Энэ бол ийм түүхтэй...” гээд л ярихад танин мэдэхүйн мэдээлэл авахаас илүүтэй тэдэнтэйгээ илүү нээлттэй болж байгаа юм л даа. Зарим хүүхдийг харахад эцэг эхтэйгээ ярилцдаггүй, ойлголцдоггүй, нээлттэй бус байдаг. Аав зоос авчраад надад үзүүлэхэд сонирхол нэгтэй болохоор яриа нийлдэг. Би ахыгаа өөд болохоос өмнө нь зоосонд сонирхолтой, ярилцдаг байсан болохоор аавтайгаа ч гэсэн ойр дотно болоод бие биенээ дэмждэг юм. Хүнд сэтгэлийн урам өгч байгаа юм л даа.

“Гоё юм байна, одоо энийг ингэчихвэл, дахиад хэдийг нэмчихвэл...” гээд л бие биендээ урам өгдөг. smiley Тэр байдлаараа нэг сонирхлын доор нэгдснээр бие биетэйгээ харьцах хандлага нь илүү халуун дулаан, урмаар дүүрэн, бие биенийгээ ойлгох  од илүү дөхөм байдаг. Мөн зоос цуглуулснаар гаднын болон өөрийн өв соёлоо таньж мэдэхэд тусална.

YOLO: Гэр бүлийн цуглуулгад гишүүдийн оролцоо хэр байдаг вэ?
Ахыгаа цуглуулдаг байхад би жоохон байсан болохоор үнэ цэнийг нь ойлгохгүй тараагаад л хаячихдаг байсан. Эцэг эх хоёр хийгээд өргөжүүлээд яваад байхад хүүхдүүд нь тоохгүй туслахгүй байвал хэцүү л дээ. Бид нар эцэг эхтэйгээ байнга хамт байх биш. Би том болсон ч цуглуулгаа авч явна. Дүү нар маань ч гэсэн авч явна гэж боддог. Одоо бид нарт зоос авах мөнгө байхгүй ч гэлээ дараа нь үүнийгээ өргөжүүлээд явахад аав ээж маань хэчнээн их баярлах бол гэж боддог доо.

YOLO: Цуглуулгынхаа хамгийн онцлох зоосны тухай яривал?
Монголоос хамгийн үнэ өртөг өндөртэй нь гэвэл 1970 оны зоос байна. Энэ зоос гүйлгээнд орохдоо маш цөөхөн тоогоор гарсан (200 ширхэг). Гүйлгээнд хэр олон тоогоор гарснаасаа хамаараад үнэ цэнэ нь тодорхойлогдоно. Энэ зоосны орц нь 70 хувь зэс хувь мөнгө байлаа ч гэсэн энэ зоос тэр үедээ хэчнээн тоогоор гарч байснаасаа хамаараад үнэ өртөг нь дээгүүр тавигддаг. Нэг үгээр зоосыг гадна талаас нь хараад энэ үнэтэй, энэ хямдхан гэж хэлэх боломжгүй л гэсэн үг л дээ.

 

 "БИ ЭДГЭЭРИЙГ ХАЙРЛААД, ХАМГААЛААД, ӨРГӨЖҮҮЛЭЭД ЯВАХ НЬ МИНИЙ
НАНДИН БӨГӨӨД ХЭЗЭЭ Ч ОРХИМГҮЙ ҮҮРЭГ ЮМ"

 

YOLO: Хэр олон улсын зоос байна вэ?
Анх ахаасаа өвлөж аваад тоолоход 24 улс орны зоос байсан. Одоо бол өргөжөөд дөрөв дахин ихэссэн гэж бодож байна. Зоосны хөгжил өндөртэй орнууд худалдаанд гаргасан зооснуудаа он оноор нь. Жишээ нь Америк 50 мужаар нь төлөөлүүлээд он тус бүрээр хавтасласан.

YOLO: Хувийн цуглуулгатай болох талаар бодож байсан уу?
Хэдийгээр зоос манай гэр бүлийн цуглуулга ч гэсэн өөрөө цуглуулгатай болъё гэж боддог. My little pony гээд хүүхэлдэйн киноны тоглоомыг нь бага байхдаа цуглуулдаг байсан. Зоос цуглуулж байхад аав маань  надад марк цуглуулаач гэсэн санал тавьсан. Марк их сонирхолтой яагаад гэвэл би өөрөө зураг зурах их дуртай. Марк хэдий алгын чинээ цаас ч тийм жижигхэн цаасан дээр маш гоё зургийг, олон төрлийн өнгөний ялгарал гаргаж илэрхийлж байдаг болохоор энэ сонирхлоо илүү хөгжүүлж, зоостойгоо эн тэнцүү хөгжүүлэх юмсан гэж боддог.

Маркны зоосноос ялгарах онцлог нь үнэ өртөг багатай. Ийм жижигхэн цаасан дээр ийм олон дүр дүрслэл, өнгөний ялгарлыг гаргаад хийсэн байгаа нь гайхамшигтай санагдсан, цөөхөн харагдаж байгаа ч жилийн хөдөлмөр маань нэлээн арвин болсон. Маркууд чинь их сонирхолтой, цаанаасаа өөрөө ийм цаастайгаа байдаг бөгөөд маркаа олоод дээр нь наачихдаг юм.
 













YOLO: Цуглуулга чинь чиний төлөвшилд яаж нөлөөлсөн гэж бодож байна вэ?
Би л лав их ариг гамтай болсон юм шиг санагддаг. Хүн чинь өөрөө хайртай зүйлдээ сэтгэл гаргадаг болохоор аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг болчихсон юм шиг санагддаг шүү. Өөрийнхөө хувцсанд хүртэл гамтай болчихсон. Тэдэн цагт таны юмыг өгнө гэсэн бол цагт өгчихдөг. Зоос цуглуулахад хүмүүс хоорондоо цаг тохироод солилцдог тэрнээс эхлээд  цагийн юмыг цагтаа гэсэн зарчимтай болсон. Миний юм биш ч байсан хүний юмыг хайрлаж, гамнаж аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийе гэсэн хандлагатай болсон гэх үү дээ.

Мөнгө санхүү дээр ч зөв хандлагатай болсон. Аав ээж маань халаасны мөнгө гэж өгдөг. Өмнө нь юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй дуусчихдаг байсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард зардлын дэвтэр гэж нээгээд бичээд байсан чинь огт хэрэггүй юманд мөнгөө үрдэг нь харагдсан. Чихрэнд дуртай болохоор амттанд их мөнгө үрдэг байсан. Харин үүнийхээ оронд чихэр идэхэд шүд өвдөнө гэж бодон хэрэггүй юмнуудаа дараад л, энэ мөнгийг би зөвхөн хоолондоо зарцуулна гэхэд аав ээжийн өгдөг мөнгөнөөс илүү мөнгө зөндөө гарна. Тэрийг нь хадгалаад дараа нь хэрэгтэй зүйлдээ зарцуулна гэх мэт ариг гамтай болсон шүү.

YOLO: Чиний ирээдүйн мөрөөдөл?
Өөрийгөө магтаж байгаа юм биш л дээ, гэхдээ би ер нь тал бүрийн авьяастай гэхэд буруудахгүй. smiley Зурах маш их дуртай. Багаасаа загвар зохион бүтээгч, дизайнер, архетиктур, дотоод заслын мэргэжилтэн болъё гэж боддог байсан. Тэгээд дизайнер хүн чинь няхуур, нямбай байх ёстой. Цуглуулга цуглуулснаараа няхуур, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг болсон болохоор мэдээж энэ хандлага маань хэзээ ч үгүй болохгүй. Энэ цуглуулгаас олж авсан зан чанар маань ирээдүйн миний амьдралд бүх юманд хэрэг болно. yes

Жишээ нь, маркуудын зураг дээрх хээ угалзны санаанаас суралцах гэх мэт зөндөө зүйл байгаа. Хэрвээ би ирээдүйд дотоод засалч болчихвол яагаад би тавилгаа зоосны хэлбэрээр гаргаж болохгүй гэж, нэгэн хэвийн л обойны хээг маркийн зургаар яагаад илэрхийлж болохгүй гэж, тийм ээ? laugh  Энэ бүгдээс суралцах маш олон зүйл байгаа. Би эдгээрийг хайрлаад, хамгаалаад, өргөжүүлээд явах нь миний нандин бөгөөд хэзээ ч орхимгүй үүрэг минь юм.

#Hobby #Хобби #Цуглуулга #Collection