“Youtube Champ 2025”-ын тухай таны мэдэх хэрэгтэй бүх зүйл


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монголын контент бүтээгч, ютүбэр залуусын авьяас чадвар, бие бялдар, аз ёндоог шалгадаг нэгэн шоу бол “Youtube Champ” билээ. Зохион байгуулагдаад хоёр жилийг үдэж буй тус нэвтрүүлэг энэ жил илүү сонирхолтой үйл явдлуудаар эргэн ирэх гэж байна.

Ингээд бид энэ удаагийн нийтлэлээр энэ жилийн “Youtube Champ”-ын тухай таны мэдэх хэрэгтэй бүхий л зүйлийг багцлан хүргэлээ.

“YOUTUBE CHAMP” ГЭЖ ЮУ ВЭ?

2023 онд “Mesmerism” сувгийн Цогтоо, Мөнхүүш нар “Youtube Champ” нэртэй шинэлэг, сонирхолтой тэмцээнийг анхлан зохион байгуулж байв. Өмнө нь ютүб платформ дээрх контент бүтээгчдийн дунд ийм төрлийн уралдаант нэвтрүүлэг хийгдэж байгаагүй тул үзэгчдэд ч, оролцогчдод ч шинэхэн, содон контент болж байсан юм. Тиймээс энэ жилийн нэвтрүүлгийг үзэгчид хамгийн ихээр хүлээж буй.

Нэвтрүүлгийн туршид оролцогчид багаараа болон ганцаараа хэд хэдэн үе шаттай даалгаврыг хийж гүйцэтгэнэ. Ингээд төгсгөлд нь тухайн жилийн шилдэг ютүбэрийг шалгаруулах журмаар зохиогддог аж.

10 САЯ ТӨГРӨГИЙН ХАЙЧ, ЧУЛУУ, ДААВУУ

Тус нэвтрүүлгийн хамгийн гол тэмцээн бол бидний сайн мэдэх хайч, чулуу, даавуу тоглоом. Оролцогчид 10 сая төгрөгийн шагналын төлөө тоглох юм. Гол тэмцээнээс гадна оролцогчдыг баг болгон хувааж олон сонирхолтой тэмцээнийг явуулах ба түрүүлсэн баг шагналтай. 2023 оны багийн тэмцээнд Анар, Түвшин, Номин-Эрдэнэ нар ялалт байгуулж Хайнан явах эрхээр шагнуулж байжээ.

ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОГ

Энэ жилийн “Youtube Champ” өмнөхөөсөө илүү олон давуу талтай, илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгааг уншигч та бүхэн аль хэдийн анзаарсан биз ээ. Анхны улиралд нийт 16 оролцогч хүч үзэж байсан бол 2024 онд 17 контент бүтээгч өрсөлдөж байв. Харин энэ жил 100 хувь үзэгчдийн санал асуулгад үндэслэн шилдэг 15 ютүбэр шалгаруулсан юм. Түүнчлэн урилгаар Чамин-Эрдэнэ (Cami) оролцох гэнэ.

Үзэгчдийн санал асуулгыг mesmerism.mn вэбсайтаар дамжуулан авсан бөгөөд нэг санал 500 төгрөгийн үнэтэй байхаар тохируулжээ. Санал асуулга долоо хоног бүр явагдсан бөгөөд тухайн долоо хоногт хамгийн өндөр үнэлгээ авсан дөрвөн контент бүтээгчийг шалгаруулах зарчмаар явагдсан байна.

Ингээд үзэгчдийн саналаар хамгийн их санал авсан 15 оролцогчидтой танилцана уу.

ШАГНАЛЫН САН

Өмнөх жилүүдэд шагналын санг нэвтрүүлгийг зохион байгуулагчид бүрдүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн үзэгчдийн оролцоотойгоор бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үзэгчдийн саналаас цугларсан мөнгөн дүн нь энэ жилийн шагналын санг бүрдүүлж буй.

“YOUTUBE CHAMP”-ЫН АВАРГУУД

Нэвтрүүлгийн хамгийн чухал хэсэг бол тухайн жилийн аварга ютүбэрийг шалгаруулах явдал юм. Нэвтрүүлгийн анхны жил Монголын анхны нэг сая дагагчтай контент бүтээгч М.Ганбаяр буюу Gremix шалгарсан бол 2024 онд А.Чамин-Эрдэнэ /Cami/ тодорсон билээ. Харин энэ жилийн аварга хэн байх бол?

Өмнөх жилүүдэд бусад оролцогч ютүбэрүүдийн саналаар аваргаа тодруулдаг байсан бол энэ жилээс үзэгчдийн санал ч мөн нөлөөлөх аж.

2023 ОНЫ ОРОЛЦОГЧИД

Нэвтрүүлгийг үзэх бол энд дараарай.

2024 ОНЫ ОРОЛЦОГЧИД

Нэвтрүүлгийг үзэх бол энд дараарай. 

#Youtube Champ 2025