Загвар өмсөгч С.Төгс: Бусдад таалагдах хамгийн эхний алхам бол өөртөө таалагдах


Б.Мишээл | YOLO.MN
2019-08-13

Энэ удаа ярилцлага булангийн зочноор өөрөөсөө үргэлж эерэг энерги цацруулж, гоо үзэсгэлэн, сайхан аалиараа бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн загвар өмсөгч С.Төгсыг урилаа. Түүний хүүхэд насны дурсамж болон мэргэжлээ сонгосон тухай сонирхолтой ярианаас эрч хүч мэдрээрэй.

YOLOСайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өсвөр насандаа ямар зорилготой, ямар зан ааштай хүүхэд байв?

-Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Өсвөр насанд миний хамгийн том зорилго бол гадаадад суралцах байсан. Тэр зорилгодоо хөтлөгдөн өөрийн сурч байсан 1-р сургуулиасаа гараад Гёте сургууль руу ороод герман хэлний шалгалтад бэлдэж байсан. Зан  аашны хувьд намайг таньдаггүй хүмүүст би даруухан. Харин миний дотнын найз нөхөд намайг галзуу гэдэг. Тэр үед миний найзууд ч их галзуу, хөгжилтэй хүүхдүүд байсан.

YOLOӨсвөр насандаа ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан бэ?

-Би бага байхдаа генетикч болохыг их хүсдэг байсан. Эмээ минь Хөдөө аж ахуйн их сургуульд багшилдаг доктор байсан. Тэр үед эмээгийнхээ мэргэжлийг өвөлж авахыг их хүсдэг байлаа. Тэгээд яг сургуулиа төгсөх болсон чинь  сонирхол өөрчлөгдөөд загвар өмсөгч болъё гэж шийдсэн.

YOLOСонирхол нь өөрчлөгдөх болсон шалтгаан юу байв? Юу нөлөөлөв?

-Би уул нь загвар өмсөгч болохыг нэг их хүсдэг байгаагүй. Make up artist болно гээд сургуульд нь ч сурч байлаа. Тэгтэл нэг зуныхаа амралтаар “Торго” загварын агентлагт очсон юм. Тэр үед О.Болд дизайнер нь намайг “Чи ер нь загвар өмсөгч болох хүүхэд байна” гээд “Торго”-ын нэг оройн шоунд оруулснаар би анх тайзан дээр алхаж байлаа. Яг тайзан дээр алхаж байх үед надад үнэхээр их кайфтай, гоё санагдсан. Тэгж л анх шийдэж байсан.

YOLOХүнд анхны юм гэдэг сэтгэлд нь кодлогдсон байдаг. Тайзан дээр анх гарах тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Би тайзны алхааны хичээлдээ их дуртай байсан. Яг үнэндээ би ямар ч хичээлд тийм дуртай байгаагүй. Тайзан дээр гарахын өмнө маш их сандардаг. Гэхдээ яг тайзан дээр гараад алхаж эхэлсний дараа л бүх сандрал үгүй болоод, их тайвширч, үзэгчдэдээ өмсөж буй загвараа амилуулж харуулахын тулд өөрийнхөө мэдрэмжээр алхдаг. Тэр цагаас хойш 10 жил өнгөрсөн байна. Бас би одоо ч тайзан дээр гарахын өмнө их сандардаг.

YOLOБодолд автсан үедээ өлгөж аваад л боддог хүүхэд насны дурсамж?

-Би бага насаа бодохоор дандаа л эвгүй байдалд орж байсан дурсамжууд л хамгийн түрүүнд санаанд орж ирдэг /инээв/. Би Германд өссөн, тэр үед цэцэрлэгээсээ тараад гэр лүүгээ явах замд доошоо уруудсан чулуун зам байдаг байсан юм. Тэр замаар явж байгаад бүдэрч унаад ахар сүүлээ хугалж байсан удаатай. Тэр үед өмсөж явсан гутал, хувцсаа одоо хэрнэ мартдаггүй.

YOLOӨсвөр насандаа өөрөөсөө салгадаггүй байнга авч явдаг байсан зүйл бий юу?

-Өсвөр насанд байхгүй ч бага насандаа байнга авч явдаг “Тедди” гээд бамбарууш байдаг байсан. Одоо хүртэл миний охин тэр бамбаруушаар тоглодог. Багадаа тоглодог байсан бүх тоглоомууд минь одоо ч цоо шинээрээ.

YOLO“Тедди” гэхээр Mr Beаn-ий чихмэл нүдэнд харагдаж байна.

-Нээрээ яг тийм баавгай байсан. Чи яг таачихлаа /инээв/

YOLOЗагвар өмсөгч гэдэг мэргэжлийг их амархан гэж хардаг хүмүүс цөөнгүй. Хэдэн хувцас өмсөөд тайзан дээр гоё харагддаг хүн гэж ойлгодог нь ч нууц биш. Энэ тал дээр та ямар үзэл бодолтой байдаг вэ?

-Би энэ мэргэжилд үнэхээр дуртай байгаагүйсэн бол аль хэдийнээ хаячих байсан. Ямар ч нөхцөлд ажиллаж чаддаг байх ёстой болдог.

Жишээ нь: өвөл уулын орой дээр 8 цагийн турш тасралтгүй зуны хувцастай зураг авалт болно, эсвэл нэмэх 40 хэмийн халуунд өдөржингөө ноолуурын зураг авалт хийх зэрэг ямар ч хүнд нөхцөлд байсан зураг авалтаа хийж дуусгах л ёстой болдог. Гадаадад ажиллаж буй тохиолдолд байнгын дэглэмтэй байхыг шаарддаг. Моделиудын хамгийн дээд хэмжээ нь 90:60:90 байх ёстой. Болж өгвөл үүнээс бага. Тэр хэмжээгээ барьж чадахгүй дэглэм алдвал шууд л “Чи бүдүүн байна” гэж хэлүүлээд л сэтгэл санаагаар унах магадлал өндөр. Наад захын жишээнүүд гэхэд л ийм байна.

YOLOЗагвар өмсөгч болоогүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?

-Би Make up artist, stylist мэргэжлээр Берлиний Maggie сургуулийг дүүргэсэн. Загвар өмсөгч болоогүй байсан бол өөрийн мэргэжлээрээ л ажиллах байсан.

YOLOМанай өсвөр үеийн охидуудад гоо сайхны зөвлөгөө өгвөл?

-Хэзээ ч битгий будагтайгаа унтаарай. Яаж ч ядарч байсан заавал будгаа арилгаад унт.  Бас одоо таргалалт ихтэй байгаа үед хөдөлгөөн сайн хийгээд, ус сайн уугаарай. Таргалалт өндөр байгаагийн шалтгаан нь биедээ авч байгаа калор, зарцуулж байгаа калороос давснаас болдог. Тийм болохоор байнгын хөдөлгөөнтэй байгаарай.

YOLOИдэх дуртай амттан?

-MAOAM-ийн лимонтойд нь их дуртай. Би ер нь жоохон гашуун зүйлд дуртай.

YOLOГэртээ байнга хийдэг хоол. Ер нь хэр тогооч вэ?

-Би хоол гэхээсээ илүү торт хийх их дуртай. Миний хийсэн тортууд их гоё амттай болдог гэж найзууд маань ярьдаг. Би өөрөө торт идэх их дуртай болохоор өөрийн гараар хийгээд идэх дуртай.

YOLOЗагварын мэдрэмжтэй хувцаслахад зөвлөгөө өгвөл?

-Хүн заавал тэгж хувцаслах ёстой гэсэн юм байхгүй. Хүн өөртөө таарсан, өөрийнхөө стилийг олсон байхад тэр хүн загварлаг харагдаж чадна. Миний бодлоор энгийн байх тусмаа илүү чамин харагддаг гэж боддог шүү. Бусдад таалагдах хамгийн эхний алхам ч өөртөө таалагдахаас эхэлнэ.

YOLOТаны амьдралдаа хийж байсан хамгийн зөв алхам?

-Намайг загвар өмсөгч болохоор шийдэхэд гэр бүлийнхэн минь тийм ч дуртай байгаагүй. Тэр үед би өөрийнхөө хүслийг дагаж загвар өмсөгч болж, үүндээ тууштай байсан минь миний хамгийн зөв алхам гэж хувьдаа боддог.

YOLOЯг одоо манай уншигчид ч бас таныг зөв алхам хийсэн байна хэмээн бодож суугаа байх. Манай өсвөр насныханд хандан энэ насан дээрээ юу хийж амжаасай, юу хийж үзээсэй гэж боддог вэ?

-Залуухан байгаа дээрээ өөрийнхөө хүссэн болгоныг хий. Хийж үзмээр байгаагаа бүгдийг нь хий, хүссэнээ ид, хүн нэг л удаа амьдарна. Загварын агентлагт явмаар байвал яв, дуулмаар байвал дуул, гоё хоол идмээр байвал бүгдийг нь ид. Хамгийн гол нь өөрийнхөөрөө байгаарай.

YOLOМиний саналыг хүлээн авч бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа.

#Загвар_Өмсөгч_Төгс #Tugs