Ядарсан мэдрэмжид автуулдаг хортой 9 зуршил


О.Батхишиг | YOLO.MN
2023-10-14

Бүх зүйл хэвийн мэт атлаа угтаа нэг л хоосон оргиж ядарсан мэдрэмж төрж байна уу? Тэгвэл бид эл нийтлэлдээ амьдралын хэв маяг, өдөр тутмын хэвшлээс үүдэлтэй хүний оюун санаанд дарангуйлал учруулж, сульдаж ядарсан мэдрэмжид автуулдаг 9 хүчин зүйлийг танилцуулъя. Хэрэв эдгээр нь таны одоогийн нөхцөл байдалтай эвлэж байвал  энерги бардаг эдгээр зуршлаа эргэж нэг харах хэрэгтэй шүү.

Кофейны хэрэглээ нэмэгдэх

Халуун американо, аяга латте уухгүй л бол ажил  урагшилж бие тавирахгүй байгаа мэт санагдаж байна уу? Ядарсан нойрмог мэдрэмжээ үдэн хөөхийн тулд кофегоор аргалж байгаа юм биш биз. Тэгвэл кофег өдрийн цагаар уух нь  ядрах мэдрэмжийг  төрүүлж мэдрэлийн дамжуулагч эсэд дарангуйлдаг. Та кофе уусны дараа богино хугацаанд сэргэсэн мэдрэмж авч болох ч төд удалгүй ядарсан мэдрэмжид автах болно. 

Дасгал хөдөлгөөнийг орхигдуулах

Дасгал хөдөлгөөн хийхээс илүү нэг газар хөдлөлгүй удаан сууж юм хийх нь  таны биеийг илүүтэй ядраадаг. Харин өдөрт тогтмол биеийн тамирын дасгал хийх нь нойрны чанарыг сайжруулж, өглөөг сэргэг мэдрэмжээр эхлүүлэхэд тусалдаг. Хэрэв та дасгал хийхээс зайлсхийн ядарсан мэдрэмж авна гэж цааргалдаг бол амьдралын хэвшлээ өөрчлөөд үзээрэй.

Байнга дэлгэц ширтэх 

Дижитал эринд хүмүүс дэлгэцийн хамааралтай болсон нь гарцаагүй үнэн. Шөнө болтол утас юм уу зөөврийн компьютероо ширтэх нь ихэнх хүмүүсийн хувьд хэвийн үзэгдэл гэж хэлж болохуйц. Дэлгэцээс ялгарах цэнхэр гэрэл нь хүнийг ядарсан мэдрэмжид автуулж нойрны хямралд хүргэдэг байна. Тиймээс унтахаасаа дор хаяж нэг цагийн өмнө бүх гар утас, таблетаа унтрааж хэвшээрэй.  

Өглөөний цайг орхигдуулах

Ажил хичээлийн завгүй хэв маягаас болж залуучууд өглөөний цай уулгүй гарах тохиол их. Өглөөний цай уухгүй байснаар хүний бие  "мацаг барих" горимд шилжиж ядарсан мэдрэмжийг хүчтэй мэдэрдэг аж. Харин эрүүл өглөөний цайг тогтмол ууж хэвших нь архаг ядаргаатай тэмцэхэд шаардагдах энергийг биед өгдөг байна.

Шингэний дутагдалд орох 

Ус болоод шингэн уух зүйлийн хэрэглээ тань хэт багассан юм биш биз. Шингэний дутагдалд орох нь  мэдрэлийн болон архаг ядаргааны суурь болдог. Тиймээс та өдөрт тогтмол 2-4 литр ус уухыг чухалчлаарай. 

Сахрын хэрэглээ нэмэгдэх

Чихэр ихтэй бүтээгдэхүүнийг тогтмол их хэмжээгээр хэрэглэх нь хүнийг сул дорой, ядарсан мэдрэмжид автуулдаг. Цаашлаад нойрны тэнцвэрт хүртэл сөргөөр нөлөөлдөг байна.  

Тухгүй орчинд суралцаж, ажиллах

Хүний стрессийн түвшнийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл бол хүн хоорондын харилцаа, суралцаж ажиллах орчин нөхцөл юм. Давчуу цагийн хуваарь, хамт олны дарамт, энерги барсан ажил хүнийг туйлдуулдаг. Тиймээс байх ёстой газраа олж, өөрийнхөөрөө, хамгийн сайнаараа суралцаж бас ажиллаарай. 

Унтах цагаа үл зохицуулах

Хүний бие байгалиасаа унтах-сэрэх хэмнэлд оршдог. Энэ хэмнэлийг хэт орой унтаж, хэт эрт сэрэх зэргээр алдагдуулах нь  ядрах мэдрэмжийг хүчтэй өдөөдөг.  Тиймээс нойр тань хүрсэн бол унтаж, сэрсэн бол босож унтлагын тогтсон хэмнэлтэй болох хэрэгтэй.

Өөртөө цаг гаргахгүй байх

Карьерын өсөлт, завгүй амьдралын хэв маягаас болж өөртэйгөө ярилцан хэсэг амсхийх цаг гаргаж чадахгүй байгаа юм биш биз. Урт амьсгаа авч, өөрийгөө эрхлүүлэхгүй байх нь хүний бухимдах, амьдралын идэвх буурах, хүсэл эрмэлзэл унтрах гол нөхцөл болдог. Тиймээс ном унших, агаарт гарч ууланд авиран, дасгал хийж, тэмдэглэл хөтлөн өөрийгөө эрхлүүлж бодлоо чөлөөлөөрэй.

#нийтлэл