ЗАХИА: Аав ээжийн минь хэрэлдэх шалтгаан надаас болдог...


ССҮТөв | YOLO.MN
2017-04-18

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: НАДАД ХЭД ХЭДЭН АСУУДАЛ БАЙНА

Сайн байна уу? Намайг Г... гэдэг. Юу ч гэсэн энэ захиаг унших өдрийн мэнд хүргэе. Өөрт тулгараад байгаад дараах асуудлууддаа зөвлөгөө авах гэсэн юм аа.
1-Би заримдаа өөрийнхөө сэтгэл хөдлөлийг барьж чадахгүй хэт их уурлаж эсвэл хэт их инээгээд байдаг.
2-Би өөртөө заримдаа итгэлгүй болоод багш нараасаа их айдаг хулчгар нэгэн болдог.
3-Аав ээж маань сүүлийн үед маш их хэрэлдээд байгаа, зарим асуудал нь надаас болдог болохоор би их гутардаг
4-Би ер нь маш залхуу хүүхэд болж хувирч байна. Хичээл хийхдээ гайгүй ч гэрийн ажилдаа маш муу байгаад байна. НАДАД ТУСЛААЧ crying


ЗӨВЛӨГӨӨ: ӨӨРИЙГӨӨ ТЭГТЛЭЭ ИХ БУРУУТГАХ ШААРДЛАГАГҮЙ

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Чамд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Ингээд чиний асуусан асуултын дагуу хариултыг чинь бичлээ.
1. Ямар үед тийм үйлдэл гаргадаг вэ? Найз нөхөдтэйгөө байхдаа юу гэртээ байхдаа юу? Эсвэл бүхий л үед тийм байдал гаргадаг уу гэдгээ тодорхой бичээрэй. Ерөнхийлөн хариулахад: хүн ойр дотнын хүмүүсийнхээ дэргэд ихэвчлэн тийм байдал гаргах тохиолдол байдаг. Учир нь чамайг мэддэг хүмүүстэй харилцахад хүн өөрийгөө хянах хяналт сул байх үе бий. Тиймээс инээж баярлах гэдэг асуудал биш бөгөөд харин хэт их уурлах нь чиний өөрийн аливаа зүйлсийг хүлээн авах байдалтай холбоотой байж магадгүй. Өөрийнхөө яг ямар зүйлд түргэн уурлаж хариу үйлдэл үзүүлж байна гэдгийг сайн бодож үзээд, өөртөө байнга сануулж уурлахгүй байх хэрэгтэй, хүлээн зөвшөөрөх болон зөв хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй гэдэг бодлыг бодож аливаа зүйлд хандвал илүү үр дүнтэй байх тохиолдол байдаг. 

2. Хичээлийн явцад багш чинь асуулт, даалгавар ямар нэгэн чам руу хандсан харилцаа үүсэхэд айдаг бол хичээлийнхээ талаар мэдлэгээ нэмэгдүүлснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэх үе байдаг. Тиймээс хичээлдээ одоо хийдэг цагаасаа арай илүү цаг гарган давтах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга байж болох ба нөгөө талаас хэрэв чи ямар нэгэн яриа, харилцааны үед өөртөө итгэлгүй байдал гаргадаг бол харилцааны үед бусдын яриаг анхааралтай сонсож, хүрээллээ өргөсгөснөөр өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга бас байж болно.

3. Эцэх эхчүүдийн харилцааны хувьд хүүхдийнхээ талаар маргалдах байдал цөөнгүй гардаг бөгөөд үүнд өөрийгөө тэгтлээ их буруутгах шаардлагагүй ба харин чиний зүгээс тэдэнд тусалж чадахаар зүйл байна уу гэдгийг бодоод үзээрэй.

4. Залхуу гэдэг ойлголтыг ганцхан гэрийн ажлаар дүгнэж болохгүй шүү. Харин гэрийн ажлаа сайн хийж сурахын тулд ээжээсээ болон гэрийнхнээсээ тусламж авч болно. Мөн өөрийн сайн хийж чаддаг зүйлээсээ эхэлбэл чамд гэрийн ажил хийх нь сонирхолтой бөгөөд урамтай санагдаж магадгүй бөгөөд чиний хувьд өөрөө гэрийн ажлаасаа юуг хамгийн сайн хийж чадахаа бодоод нэг үзээрэй. Амжилт хүсье. wink

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа болyolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

#Problem #Асуудал #School #Teenagers #Parents #Friends