Яагаад 11 нас гэж?


Б.Азбаяр | YOLO.MN
ӨНӨӨДӨР

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма

Монгол Улсад жил бүр 334-500 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар шинээр оношлогдож, 160-182 эмэгтэй нас барж буйг ХСҮТ-өөс мэдээлж буй. 

Энэ нь долоо хоног бүр ойролцоогоор 3-4 эмэгтэй амь насаа алдаж байна гэсэн үг. Мөн улсын хэмжээнд жил бүр 200 орчим эмэгтэй мэс засалд ордог ч нийт өвчлөлийн талаас илүү хувь нь хожуу шатанд илэрч, эмчилгээний үр дүнг хязгаарлагдмал болдогтой хамааралтай.

Умайн хүзүүний хорт хавдар нь монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилох хорт хавдрын хоёрдугаарт бичигддэг. 15-44 насны эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл хорт хавдар бөгөөд амьдралын идэвхтэй, хөдөлмөрийн насанд байгаа олон эмэгтэйчүүдийг хамарч буй. Мөн эмэгтэйчүүдийн нас баралтын шалтгаанаар гуравдугаарт орж байна. 

Тэгвэл умайн хүзүүн хорт хавдар үүсэх үндсэн шалтгаан бол хүний папиллома вирус гэж үздэг.  Тус хавдрын 96 хувиас дээш тохиолдол нь хүний папиллома вирусээр үүсгэгдсэн байна.

Хүний папиллома вирусийн 200 гаруй төрөл бий. Эдгээрээс хорт хавдар үүсгэдэг хоруу чанартай 12 хэв шинжийн вирус бий. Тухайлбал 16, 18,31,33,35,39,45,51,52,56,58,59 хэв шинжүүд юм. 

Уг вирус нь ихэнхдээ умайн хүзүүн хавдар үүсгэхээс гадна, шодой, шулуун гэдэс, нойр булчирхай, толгой, хүзүү гэсэн хавдрыг үүсгэдэг. 

Гэхдээ вакцины тусламжтайгаар эдгээр хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгвэл тус вакциныг 11 насанд хийх нь хамгийн үр дүнтэй гэж үздэг. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа. 

Тэрээр, "Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхий дахинд 9 настайгаас эхлэн хийхээр үйлдвэрлэгчид зааварласан байдаг. Мөн улс орнууд хүн амын дунд энэ өвчлөлийн тархалт, судалгаа, нотолгоо болон сургуульд суурилсан эрүүл мэндийн асуудлыг судалдаг.

Судалгаагаар аль наснаас хүүхдүүд бэлгийн харьцаанд орох эрсдэлтэй болохыг тогтоож, дархлаажуулалтад хамруулах хамгийн тохиромжтой насыг тодорхойлдог.

Эдгээр судалгааны үндсэн дээр Монгол Улсад уг вакциныг 9 настайгаас эхлэн хийх ёстой ч, одоо хэрэгжүүлж байгаа туршлагаар 11 настай буюу 5-6 дугаар ангид байхдаа хийх нь хамгийн тохиромжтой гэж эрдэмтэд, мэргэжлийн зөвлөлүүд зөвлөж, энэ насыг сонгон хэрэгжүүлж байна.

Ер нь дэлхийн 150 гаруй улсад нэвтрүүлсэн туршлагаас харахад, 60-70 хувь нь хүүхдийг 11-12 настайдаа вакцинжуулдаг. Энэ нас нь дархлаажуулах хөтөлбөрийн логик, вакцины зааврыг хэрэгжүүлэх талаас нь ч хамгийн тохиромжтой гэж үздэг" гэв. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ДАРААХ БИЧЛЭГЭЭС ҮЗНЭ ҮҮ.

#өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт