А.Аззаяа: Заримдаа нэг зургийг 3-4 цаг ч зурах тохиолдол байдаг


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-09-05

Өсвөр насны хүүхэд залуусын дуртай зүйлийн нэг бол яах аргагүй зураг зурах билээ. Тэр дундаа хүний хөрөг, манга зурах гэж хичээдэг шүү дээ. Тэгвэл бидний энэ удаад танилцуулах зочин бол А.Аззаяа хэмээх авьяаслаг нэгэн охин юм. Тэрээр  ШУТИС-ийн Архитекторын ангид суралцдаг 1-р дамжааны оюутан бөгөөд түүнийг зургийн чухам ямар төрлөөр зурдаг болохыг дараах ярилцлагаас хүлээн аваарай.

YOLOЧи үнэхээр гоё зурах юм аа. Хэзээнээс ингэж зурдаг болсон бэ?
- Багаасаа зурах их дуртай хүүхэд байсан. Багын л зураг зурж явсаар 8-р ангидаа Хүүхдийн Урлан Бүтээх Төвд суралцаж эхлээд 12-р ангиа төгстлөө нийт 5 жил суралцсан.

YOLOЦэгэн зураг, уран зураг гээд л зургийн олон төрлүүд бий. Яагаад комик зурах төрлийг сонгосон бэ?
- Би анимэ үзэх, манга унших их дуртай, энэ маань нөлөөлсөн. Гэхдээ зургийн төрөлд баригдахыг хүсдэггүй. Төрөл бүрийн зураг зурах гэж хичээдэг. Өмнө нь бодит зүйлийг хуулж их зурдаг байсан. Явц дундаа өөрийн зургийн төрлийг олж комик, манга руу чиглэсэн.

YOLOЗураг зурахын юу нь сайхан санагддаг вэ?
- Үгээр илэрхийлж чадахгүй зүйлээ зургаар илэрхийлдэг. Би ер нь их даруухан бүрэг талдаа хүн. Хүнтэй харилцахдаа бага зэрэг тааруу. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ дутагдал маань багасаж байгаа нь надад ажиглагдсан. Зургаа зурж байхдаа "Энэ хүний хувцсыг ингэж будвал зүгээр юм байна, энийг ингэж харагдуулахын тулд ингэж өнгө нэмбэл хүссэн өнгө аясыг илэрхийлэх бололтой" гэх мэтээр илэрхийлэх чадвар маань сайжирсан.

YOLOЗургуудаа харж дуурайлган зурдаг уу? Эсвэл төсөөллөөрөө зурдаг уу?
- Ер нь зурдаг л бол харж зурж чаддаг байх ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл зургийн анхны элементүүд, өөрийн гэсэн арга барилыг зураг харж зурснаар л олж авдаг. Миний хувьд бол би ихэвчлэн хуулж зурдаг байсан. Саяхнаас зохиож зурдаг болсон.



YOLO: "Азука" фэйсбүүк хуудсан дээр өөрийнхөө хөгжилтэй комикуудыг оруулдаг гэсэн. Комикуудаа цахим орчинд нийтэлье гэсэн санаа хэзээнээс төрсөн бэ?
- “Вампи” гээд мөн л комик оруулдаг хуудас бий. Тэрийг анх хараад зургуудыг нь их үздэг байлаа. Мөн өөрөө манга их уншдаг дэрээс нь надтай хөгжилтэй, бүтэлгүй зүйлс их тохиолддог л доо /инээв/. Эдгээр бүтэлгүй зүйлсээ комик болгож зураад хүмүүст инээд бэлэглэе гэж бодсоны үүднээс комикоо фэйсбүүк хуудсандаа нийтлэх болсон.

YOLOКомик зурахад ашиглагдах зүйлс юу байдаг вэ? Олон төрлийн бал харандаа ашигладаг уу?
- Заавал мэргэжлийн багаж хэрэгсэл гэхээсээ илүү гарын доорх материалаа ашиглаад зурсан ч болно. Маркер, харандаа, хар бал гээд аль нь ч байсан болно. Харандаагаа сонгохдоо ч гэсэн өөртөө эвтэйхэн байгааг сонгох хэрэгтэй. 0.5-н харандаагаар зурах дуртай хүн байхад HB-р зурвал өөрт нь эвтэйхэн байдаг хүн ч мөн байдаг.

YOLOНэг зургаа зурахдаа хэр их хугацаа зарцуулдаг вэ?
- Будах хэсэг хэр их байгаагаас шалтгаална. Загвараа гаргахдаа удаан хугацаанд бодож байгаад гаргах үе ч бий. Харж байгаад шууд гаргах үе ч бий. Загвараа гаргасны дараа ямар өнгө сонгох уу гэж бас бодно. Нийлээд ойролцоогоор 1 цаг болдог. Заримдаа 3-4 цаг болох ч тохиолдол бас байдаг.

YOLO: "MOST" сэтгүүлд ажилладаг гэсэн. Хэр удаан ажиллаж байгаа вэ?
- MOST сэтгүүл нь улирал болгон хүүхэд залуусдаа зориулан гаргадаг манга сэтгүүл. Намрын дугаар нь есдүгээр сарын 20-ны үеэр нээлтээ хийнэ. Би зургаан сарын турш зурж байгаад эхнийхээ мангаг жилийн өмнө хэвлэлтэнд өгч байсан. MOST сэтгүүл хүүхдийг бага жоохон гэж үздэггүй. Хүүхэд залуусыг маш их тусалж дэмждэг. Мэдэхгүй чадахгүй зүйл байвал санаа зоволтгүй асууж болно. Би бас анх "Энэ хэсэг яаж байна? Энэ зураг нь ямархуу болсон байна?" гээд байнга очиж асууж лавладаг байсан.

YOLOАнхны манга нь нэртэй чинь хамт нийтлэгдэж байсан тэр үеийн сэтгэгдлийг эргэн дурсвал?
- "Зураач" гээд бичсэн тэр хэсгийг хараад "Би ингээд зураач болчихож байгаа юм уу?" гээд үнэхээр их баярласан. Нөгөө "Хамуудаа би чадлаа" гэдэг шиг л /инээв/. Үнэхээр их догдолж баярласан. Зураач гэж нэрлэгдэхээр маш том цол хэргэмийн эзэн болсон шиг санагддаг.

YOLOЭнэ хамт олонд хэрхэн нэгдэх боломжтой вэ?
- Манай сэтгүүл улирал болгон тэмцээн явуулдаг бөгөөд манга зохиол, манга зургийн тэмцээн гэх мэтээр зохиогддог. Энэ зун манга зургийн тэмцээн явуулсан. Түрүүлсэн хүүхэд нь мангагаа хэвлүүлэх боломжтой.

YOLOМэргэжлээ сонгоход зурах чадвар нь нөлөөлсөн байх тийм үү?
- Би 9-р ангиасаа л архитекторч болно гэж боддог байсан. Миний хувьд архитекторч гэдэг мэргэжил эмэгтэй хүнд их гоё мэргэжил юм шиг санагддаг. Энэ байдал нь илүү их нөлөөлсөн байх.

YOLOӨдөрт хэчнээн зураг зурдаг вэ?
- Сүүлийн нэг сар зөвхөн мангагаа зурсан. Хугацаандаа амжихын тулд өдөрт 4-5 хуудас зураг зурж байсан. Манга зураагүй үед бол өдөрт 1-2 зураг зурдаг.

YOLOҮлгэр дуурайлал авдаг манга зураачаасаа нэрлэвэл?
- Nana, Paradise kiss, Gokinjo Monogatari эх мэт мангаг зурсан Ай Язава (Ai Yazawa)-ын зохиол нь мөн зураг нь гээд бүгдээрээ их гоё. Миний нэн түрүүнд үлгэр дуурайлал авдаг манга зураач.

"Day time shooting star", "Sugars", "Tsubaki chan lovely planet" –г зурсан Ямамори Мика (Yamamori Mika) гээд зураач бас бий.

YOLOХэзээнээс анимэ, манга сонирхож эхэлсэн бэ?
- Багадаа барбитай хүүхэлдэйн кино их үздэг байсан. Тэгээд дунд ангиасаа анимэ сонирхож эхэлсэн. Дараа нь ахлах ангидаа ороод манга уншдаг болсон доо. Анх анимийн баатруудыг хоёр жилийн турш дуурайж зурдаг байлаа. Эхний жилдээ учраа олохгүй байсан ч хоёр дахь жилээсээ сайжирсан. Би өөртөө байнга зорилго тавьдаг. Жишээлбэл эхлээд ямар ч дүрийн зургийг яг адилхан гаргах, дараа нь өнгийг нь яг ижил гаргах гэх мэтээр. Таван жил урланд явахдаа ч эхний дөрвөн жил нь чадвараа сайжруулахын тулд байнга хуулж зурдаг байсан.



YOLO: Хамгийн анх үзэж сэтгэлд хоногшсон ямар анимэ байдаг вэ?
- Жоохон байхад TV5 –аар "Наруто" гардаг байсан /инээв/. Тэр үед анимэ гэж мэдэхгүй хүүхэлдэйн кино гээд л их үздэг байлаа. Тэрнээс өөр гэвэл "Angel Beats"-ийг анх үзэж байсан. Тэрийг үзээд уйлаад... тэгээд л сэтгэлд хоногшиж үлдсэн.

YOLO: Ихэвчлэн ямар төрлийн анимэ үздэг вэ?
- Бүх төрлийн анимэ үздэг. Гэхдээ хайр дурлалын төрлийнхийг илүү их үздэг.

YOLO: Зургаа зурж байхдаа шантрах үе байдаг уу?
- Би 8-р ангидаа хүний хөрөг их зурдаг байсан. Хэчнээн хичээж байсан ч тэр хүнд миний зураг таалагдахгүй бол ямар ч үнэ цэнгүй болдог. “Миний дүү энэ чинь өөр байна шүү дээ” гэж нэг хүн хэлж байлаа. Энийг сонсоод их шантарч өөртөө гутраад бүтэн жил зураг зуралгүй, зурах гэхээс л айдас төрөөд их хэцүү байдалтай байсан.

Яваандаа шүүмжлэлийг ч хүлээж авч чаддаг болсон. Зурдаг хүмүүсийг ихэнхдээ дандаа магтдаг. Үргэлж магтаал сонссоор байгаад үнэн үг хүлээж авах чадваргүй болчихдог юм байна лээ. Хэчнээн болохгүй бүтэхгүй байсан ч байнга л зураад байх хэрэгтэй.

YOLO: А.Аззаяагийн хувьд зураг зурах нь өөрийнх нь сонирхол аьяас шүү дээ. Чам шиг сонирхлоо нээж илрүүлээгүй олон хүүхэд байгаа. Тэд сонирхлоо хэрхэн нээх боломжтой гэж боддог вэ?
- Манай нэг найз байдаг. Тэр найз маань тоондоо маш сайн, тоо бодох дуртай. Тэр нь өөрийнх нь давуу тал нэг ёсондоо авьяас болж өгдөг. Өөр нэг найз маань ярианы чадвар сайтай. Харин миний ярианы чадвар муу. Энэ нь миний хувьд авьяас биш дутагдалтай тал. Харин найзын маань хувьд авьяас. Яг үүн шиг хүн болгоны авьяас чинийх байх албагүй. Хүн бүр өөр өөр авьяастай байдаг. Одоо мэдээгүй ч өөр нэгэн авьяас хүн бүрт бий.

YOLO: Бидний ярилцлагыг уншиж буй өсвөр үеийнхэндээ зориулж урмын үг хэлэхгүй юу
- Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцээрэй. Залхуурч болохгүй шүү. Өөрт ноогдсон энэ алт шиг цаг хугацааг өөрийнхөө төлөө зөв ашиглаарай.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье



Түүний пэйж хуудсаар зочлохыг хүсвэл ЭНД дараарай.

#Artist #Prodigy #Girl