Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Казахстантай тоглоно


А.Анужин | YOLO.MN
2025-07-18

БНХАУ-ын Шэнжэнд зохиогдож буй Азийн эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах "FIBA Women's Asia Cup 2025" тэмцээнд манай улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг хэсгээсээ шалгарсан билээ.

Тэд B хэсгийн эхний тоглолтоо Тайландын багтай хийж 81:74-өөр хожсон юм. Харин удаах тоглолтдоо Ираны шигшээ багт ялагдсан ч хэсгийн сүүлийн тоглолтод Күүкийн арлуудын багийг 82:55-аар хожсоноор дараагийн шатанд шалгарлаа.

Тус тоглолтод МУГТ Б.Ариунцэцэг 25 оноо, арван самбар, МУГТ О.Хулан 18 оноо, гурван самбар, МУГТ Н.Нандинхүсэл 16 оноо, зургаан дамжуулалт болон МУГТ Б.Болор-Эрдэнэ 10 оноо, долоон самбар авсан амжилтыг үзүүллээ.

Тэд өнөөдөр Казахстаны шигшээтэй багтай тоглоно. Монгол, Казахстаны аль ялсан нь хагас шигшээд Тайванийн багтай өрсөлдөх юм.

#Сагсанбөмбөг