Yolo.mn сайтын уншигч та бүхэндээ зориулан бид “Онцлох уран бүтээлч” гэх цувралаа эхлүүлж байна. Цуврал нийтлэлээр Монголын урлаг, соёлын ертөнцөд өөрийн өнгө төрх, авьяас чадвараар ялгарч буй уран бүтээлчдийг танилцуулах бөгөөд долоо хоног бүр хүргэх юм. Ингээд бид хамгийн эхэнд өсвөр үеийн авьяастнуудыг нэгтгэсэн “146 Records”-ийн бяцхан уран бүтээлчдийг онцолж байна.
“146 Records” нь дуучин, реппер Б.Өлзий-Учрал буюу ThunderZ-ийн санаачлан үүсгэн байгуулсан хөгжмийн агентлаг юм. Тэрээр өсвөр үеийн уран бүтээлчдийг дэмжих, авьяасыг нь хөгжүүлэх, олонд таниулах зорилготойгоор 2024 онд уг агентлагаа байгуулсан байна. “The Voice Kids Mongolia” шоуны ялагч, шилдэг оролцогчид болон “Хувьзаяа” киноны жүжигчин Нартай нараар багаа бүрдүүлжээ. Албан ёсоор Нинжин, Чингүүн, Нартай, Баянмөнх, Энхжин, Танан, Өсөх-Ирээдүй, Болормаа гэсэн найман артисттай гэрээ байгуулан, хамтран ажиллаж байгаа юм.
Одоо “146 Records”-ийн уран бүтээлчдийг илүү таньж мэдэцгээе.
THUNDERZ
“Ганцхан шалтгаан”, “Байгаагаар минь хүлээн авах уу”, “Бүгд тэгээс эхэлдэг”, “Гэрэлт хот”, “Нисээрэй”, “Ноён эмэгтэй”, “Цөмөөхэй”, “Зунжин” гээд түүний гаргасан бараг бүхий л дуу нь хит. Анх 2015 онд “Backyard” хип хоп дууны тэмцээнд түрүүлж, дуучин болох замналаа эхлүүлж байсан тэрээр одоо орчин цагийн урлагийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг болжээ.
2024 онд манай улсад анх удаагаа “The Voice Kids Mongolia” зохион байгуулагдаж ThunderZ шүүгчээр ажилласан юм. Тус шоунаас тэрээр өөрийн багаа бүрдүүлэн “146 Records”-ийг байгуулсан байна.
ThunderZ, “Энэ агентлаг бол миний аль дээрээс л бодож явсан зүйл. Нэрийн тухайд 146 гэдэг нь миний “Backyard” тэмцээнд оролцсон хувийн дугаар. Өмнө нь хэдэн дүү нараа нийлүүлээд нэг агентлаг болгох гэж үзсэн. Гэтэл тараад нэг л болж өгөөгүй. Харин дараа нь “Voice Kids”-ийн шүүгч болох боломж олдсон. Тэгээд л Voice Kids-ээс хүүхдүүдээ авсан. Харин Нартайг бол кинонд хамтарч тоглох үеэрээ санал тавиад багтаа авсан. Ингээд л миний олон жил бодож явсан хөгжмийн агентлаг маань өнгөрсөн жил биеллээ олсон доо. Үүнийг болох ёстой юм болох цагтаа л болсон гэж бодож байна.
Жилийн дараа гэхэд манай “146 Records”-ийн youtube суваг 100 мянган дагагчтай болоод, silver play botton-оо барьчихсан зургаа даруулж байх байх. Манай хүүхдүүд маш олон дуу хийж гайхшируулсан байх. Бас хүүхдүүдийнхээ тоглолтыг ч хийх санаа байна. Бүр хүрээгээ тэлээд олон артисттай болсон байх гэж харж байна” гэжээ.
Д.НИНЖИН
Нинжин бол “146 Records”-ийн хамгийн эхэнд танилцуулагдсан артист. Voice Kids шоуны шилдэг оролцогчдын нэг, финалист. Тэрээр одоо 14 настай, наймдугаар ангийн сурагч юм. Цэцэрлэгт байх үеэсээ дуулж эхэлсэн ба 5 настайдаа Өвөр Монгол улсын Одон телевизэд Anymone хамтлагийн “Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ” дууг дуулж байжээ. Хамтарч дуулахыг хүсдэг уран бүтээлч нь Gangbay хамтлаг аж.
Voice Kids тэмцээндээ өөрийгөө сориод үзье, хүүхдүүдийн хажууд би хэр хэмжээнд явж байгаа вэ гэдгээ мэдье гэсэн зорилгоор анх оролцож байсан гэнэ. Шоуны туршид “Сар шиг холын нутаг”, “Glimpse Of Us”, “I’ll Never Love Again” зэрэг дуунуудыг уянгалаг хоолойгоороо маш чадварлаг дуулж, үзэгч, шүүгчдээ гайхшируулсан. Шоу дууссаны дараа ThunderZ-тэй хамтран “Kiss Me” дуугаа олны хүртээл болгосон нь хүмүүст ихэд таалагдсан юм. Одоогийн байдлаар youtube хуудаснаа 11 сая хандалттай байна.
Э.ЧИНГҮҮН
“Georgia, wrap me up in all your
I want you, in my arms oh, let me hold ya” хэмээн саарал цамц, хар малгайтай тайзны голд зогсоод чин сэтгэлээсээ дуулж байсан хүү дараа, дараагийн тайз бүрээ эзэгнэсээр “The Voice Kids Mongolia” шоуны анхны ялагч болж байсан билээ. Тэрээр энэ дуугаа гурван сар гаруй хугацаанд бэлдэж байжээ. Бага байхдаа “Яг түүн шиг” нэвтрүүлгийг үзэж, хүмүүсийн хоолойг нь дуурайж дуулдаг байсан. Байнга дагаж дуулсаар байгаад хоолойны өнгө нь засагдчихсан гэнэ. Ирээдүйд ThunderZ-тай хамтарсан уран бүтээл хийхийг хүсдэг аж. Чингүүний хувьд “146 Records”-т нэгдээд “Даараа юу”, “Silly”, “1 Тоотын хаалга”, “Lies Lies” гэх хамтарсан болон ганцаарчилсан олон дуу гаргасан юм.
У.НАРТАЙ
Нартайг бид “Хувь Заяа” уран сайхны киноны гол дүр Хувьзаяа гэдгээр нь илүү сайн мэднэ. Тэрээр тус кинонд тоглохоосоо өмнө “Ганцхан шалтгаан” кинонд хорт хавдартай охины дүрд үсээ хусуулан тоглож байжээ. Мөн “Моралаш” адал явдалт олон ангит хүүхдийн кинонд туслах дүр бүтээсэн чадварлаг охин. Сүүлд ThunderZ-тай “Аминч” кинонд хамтран ах, дүүгийн дүрийг бүтээсэн билээ. Одоогоор 15 настай, айлын гурав дахь хүүхэд. Ном унших, кино үзэх, контент бүтээх маш их дуртай нэгэн юм. Түүний хувьд “146 Records”-т нэгдээд Чингүүнтэй хамтран “Silly” хэмээх дуугаа цацсан нь хүмүүст ихэд таалагдаж, youtube хуудаснаа 5.2 сая хандалтыг аваад байна.
Л.БОЛОРМАА
Болормаа бол “146 Records”-ийн цорын ганц реппер охин. Blind Audition буюу шоуны хамгийн эхний шатанд “Аз жаргалын дуу”-г хөнгөхөн реп үглэж, гурван шүүгчийг гайхшируулсан юм. Дараа нь “Аваад яв”, “Нулимс дуссан хайр” зэрэг дуугаараа илүү чадварлаг реппер гэдгээ батлан харуулсан. Тэрээр 2021 онд дууны дугуйланд явж байжээ. Дугуйланд явж эхэлсэн цагаасаа л үглэх сонирхолтой болсон аж. Олон сонсогчид түүнийг хоёр дахь Babynna хэмээн хочилдог гэнэ. Болормаа сүүлд Чингүүнтэй хамтран “Lies Lies” гэх шархалсан хайрын тухай дуу гаргасан билээ. Энэхүү дуундаа реп үглэх биш уянгалаг хэмнэлээр дуулсан нь түүнийг ямар ч дууг чадварлагаар дуулж чадна гэдгийг маш сайн харуулжээ. Мөн “Teenega Girl” гэх дуугаа ч гаргаад амжсан билээ.
М.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ
Содура киноны “Хайр” дууг тайзнаа амилуулж, хоолойны дээд өнгө, дуугаа бүрэн эзэмшсэн байдлаараа үзэгчдийг гайхшируулж бүх шүүгчдийг эргэж харуулсан хүн бол Өсөх-Ирээдүй. Тэрээр шоуны шилдэг оролцогчдын нэгээр шалгарсан, чадварлаг залуу. Одоо 16 настай. Ирээдүйд ThunderZ-тай хамтран уран бүтээл хийхийг хүсдэг гэнэ. Өсөхөө “146 Records”-т нэгдээд “Кирмааны Халуунтай Шоколад” гэсэн дуугаа гаргасан. Мөн Чингүүнтэй хамтран “1 тоотын хаалга” дуугаа олны хүртээл болгосон билээ.
Т.ТАНАН
10хан настай хайр татам Танан бол “146 Records”-ийн хамгийн бяцхан уран бүтээлч. Voice Kids-ийн хамгийн эхний шатанд “Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй” гэх намуухан аялгуутай уран бүтээлийг өөрийн хэмнэлд тааруулж тун эвлэгхэн дуулсан. Харин дараагийн шатанд Чойжоогийн “Чамд үлдээе” дууг биедээ баймааргүй уянгалаг, гайхалтай хоолойгоор дуулсан юм. 146 агентлагийнхан нь түүнийг “Нанат” хэмээн өхөөрдөн дууддаг гэнэ. Тэрээр ирээдүйд Babynna-тай хамтран дуулахыг хүсдэг аж. Агентлагтаа ороод “Мартмааргүй” гэх өөрийн анхны бие даасан уран бүтээлээ гаргасан билээ.
Н.БАЯНМӨНХ
“Аавдаа би хурдан очоод үнсүүлмээр санагдах юм
Амин нөмөр барааг тань санаад л байна” хэмээн хоёрхон мөр дуулаад л бүх шүүгчдийг эргэж харуулсан хүн бол Баянмөнх. Мөн л “The Voice Kids Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг. Тэрээр одоо 15 настай бөгөөд гурван настайгаасаа л дуулж эхэлж байжээ. Өөрийгөө сорьж үзье гэсэн зорилгоор Voice Kids-т орж байсан гэнэ. Тэрээр албан ёсоор “146 Records”-ийн уран бүтээлч болсон хэдий ч хараахан бие даасан уран бүтээлээ гаргаагүй байгаа аж. ThunderZ-ийн хэлснээр түүний дуу тун удахгүй гарах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Одоо бид хүлээх л үлдлээ.
М.ЭНХЖИН
Энхжин шоуны эхний шатанд Adele-ийн “Easy On Me” гэх дууг өөрийн хэмнэлд тааруулж тун чадварлагаар дуулсан. Харин Battle шатанд Чингүүн болон Цэлмүүн нартай хамтран “Blue Bird” япон дууг мөн л чадварлаг дуулсан нь олны сайшаалыг хүртсэн юм. Одоо 14 настай. Тэрээр албан ёсоор “146 Records”-ийн артист болсон хэдий ч хараахан бие даасан уран бүтээлээ гаргаагүй байгаа билээ. Ямартай ч тун удахгүй гаргах биз ээ.
Одоогийн байдлаар “146 Records”-ийн артистууд Өмнөд Солонгос улсад клипний зураг авалт болон бусад ажлаар гадаадад байгаа аж. Мөн нэмж дурдахад “Toonot Records”-ийн Дэлгэрмөрөн буюу Дээгий тэдний арын албыг хариуцан, дэмжин ажиллаж байгаа юм байна.
Тэрээр, “Манай 146 Records агентлаг болон уран бүтээлчид хоёр гурван жилийн дараа гэхэд монголын орчин үеийн урлаг, хөгжмийг бусдад сурталчилсан, томоохон байр суурь эзэлсэн мундаг артистууд болно гэдэгт би итгэлтэй байна” гэлээ.
Авьяас, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж буй эдгээр бяцхан артистууд ирээдүйд дэлхийн хэмжээний уран бүтээлч болсон байхыг үгүйсгэх аргагүй биз ээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!