Сэтгэл зүйн хувьд төлөвшсөнийг илтгэх 8 шинж


О.Батхишиг | YOLO.MN
2023-12-16

Өдөр тутам нийгмийн харилцаанд оролцоход цаашлаад амьдралд тулгарах эрээвэр хураавал элдвийн асуудалтай нүүр тулж шийдвэр гаргахад бидний сэтгэл зүй хамгийн чухал бай болдог. Гаргаж буй шийдвэр, хийж буй сонголт эргээд учрах үр дагаврыг тооцож өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах нь сэтгэл зүйн хувьд төлөвшиж буй хүний  шинж мөн. Ингээд эл нийтлэлээрээ бэрхшээлийг эергээр шийдвэрлэж чаддаг сэтгэл зүйн хувьд төлөвшсөн хүний л гаргах 8 шинжийг хүргэе. 

Мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх 

Нэн тэргүүнд өөрт төрж буй мэдрэмжээ хүлээн зөвшөөрч ойлгох явдал.  Сэтгэл зүйн хувьд төлөвшсөн хүмүүс эерэг болоод сөрөг аль ч мэдрэмжээ өөрөөсөө нуудаггүй. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч, удирдах чадвар нь сэтгэл зүйн хувьд төлөвшсөний шинж гэж үздэг. Хүлээн зөвшөөрөх нь бэрхшээлийг даван туулахад тусалдаг бөгөөд сэтгэцийн эрүүл мэндэд эергээр тусдаг аж. Сэтгэл хөдлөлөө байгаагаар нь таньж, хүлээж авахын тулд үнэнч шударга байдал, зориг, өөрийгөө ухамсарлах үнэнч зан чухал гэдгийг санаарай. 

Бусдыг өрөвдөх сэтгэл 

Бусадтай харилцах чадвар нь тухайн хүний сэтгэл хөдлөлийг илтгэх хэмжүүр билээ. Аливаа харилцаанд эмпати буюу бусдын мэдрэмжийг ойлгож, хуваалцах нь чухал.  Өөрийгөө бусдын оронд тавьж, тэдний юу мэдэрч байгааг ойлгож сонсох нь хүнд олон зүйлийг бодогдуулж бусдыг хүлээн зөвшөөрөхөд илүү дөхөм болгодог. Энэ нь бидэнд хүчтэй харилцаа тогтоож, бусадтай гүнзгий түвшинд холбогдоход тусалдаг. 

Хожимдсон таашаал 

Энэ нь сэтгэл хөдлөлөөр өнгөц шийдвэр гарган одоодоо багахан таашаал авахаас илүүтэй урт хугацааны үр ашгийг тооцоолж илүү том жаргалыг мэдрэх явдал. Аливаа зүйл харж, сонсож буйн адил тийм ч хялбар биш бөгөөд ухаалаг сонголт нь илүү том үнэ цэнийг бүтээдэг гэдгийг сэтгэл зүйн хувьд төлөвшсөн хүмүүс хэдийн ойлгосон байдаг.  

Хариуцлага хүлээх 

Сэтгэл зүйн хувьд төлөвшсөн хүмүүс өөрийн үйлдлийнхээ үр дагаврыг мэдэрч хариуцлага хүлээх чадвартай байдаг. Бүх зүйл өөрийн гэсэн үр дагавартай гэдгийг хэдийн ойлгосон тэд нүүрээ буруулж зугтахаас даван туулж тайвшралыг мэдэрдэг.   

Нээлттэй сэтгэлгээ 

Нээлттэй сэтгэлгээтэй байна гэдэг нь санал хүсэлт, бүтээлч шүүмжлэлийг хүлээж авдаг гэсэн үг юм. Сэтгэлийн хувьд төлөвшсөн хүмүүс өөрийгөө өмөөрөх эсвэл бухимдахын оронд үүнийг сурч, хөгжих боломж гэж үздэг.  

Уучлах чадвар 

Уур хилэн, урвалт хийгээд хүн хоорондын харилцааны нарийн төвөгтэй асуудлыг эрүүлээр даван туулах аргачлал нь орхих хийгээд дотоод сэтгэлдээ уучлах билээ.  Сэтгэл зүйн хувьд төлөвшсөн хүмүүс бусдыг уучилж чаддаг. Тэд уучлалыг харилцаж буй хүнээ дэгээнээс салгах төдийгүй өөрийгөө эдгээх боломж, эерэг хүч болно гэж итгэдэг. 

 

Өөрийгөө ухамсарлах 

Өөрийгөө ухамсарлах нь өөрийн сэтгэл хөдлөл, давуу болоод сул тал, өдөөгч хүчин зүйлсийг ойлгохыг хэлнэ. Энэ нь та яагаад ингэж хариу үйлдэл үзүүлж, таны үйлдэл бусдад хэрхэн нөлөөлж байгааг мэдэх явдал. Өөрийгөө ойлгож таних нь тасралтгүй аялал. Эл аяллаар бид өөрийнхөө жинхэнэ үнэнтэй нүүр тулдаг. 

Тэнцвэртэй харилцаа 

Сэтгэл хөдлөлийн хувьд төлөвшсөн хүмүүс бусдыг хүндэтгэж харилцааны хил хязгаарыг тогтоож мэддэг..  Тэд хүн бүр өөрийн гэсэн хувийн орон зайтай байх ёстой гэж үздэг бөгөөд тэнцвэртэй харилцааг бий болгодог.   

Сэтгэл зүйч Карл Рожерс нэгэнтээ “Сайхан амьдрал бол оршихуй биш үйл явц юм. Энэ бол зорьсон газар биш чиглэл” гэж хэлсэн байдаг.  

 

#нийтлэл