Кпопын эргэн тойронд: BTS хамтлагийн шүтэн бишрэгчид үзэгчдийг ГАЙХШРУУЛАВ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-03-29

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

BTS ХАМТЛАГИЙН ШҮТЭН БИШРЭГЧИД ҮЗЭГЧДИЙГ ГАЙХШРУУЛАВ

BTS хамтлагийн залуус саяхан “You Quiz on the Block” нэвтрүүлэгт оролцсон бөгөөд шүтэн бишрэгчдийнх нь хийсэн үйлдэл үзэгчдийг гайхшруулжээ.

Тус нэвтрүүлэг гуравдугаар сарын 24-ний өдөр tvN телевизийн сувгаар цацагдсан ба BTS хамтлагийн шүтэн бишрэгчид нэвтрүүлгийн бүхий л зар сурталчилгааг худалдаж авсан байна. Тодруулбал, нэвтрүүлгийн дундуур ивээн тэтгэгчдийн сурталчилгааг гаргадаг боловч BTS хамтлагийн оролцсон дугаарт нэг ч сурталчилгаа гараагүй аж.

Тэдний энэхүү үйлдэл хөтлөгч Yoo Jae Suk-ийг маш их гайхшруулсан тул тэрээр BTS хамтлагт мэхийн ёсолжээ. Мөн BTS хамтлагийн гишүүд ч өөрсдөө багагүй хэмжээнд цочирдсон байна. Түүнчлэн, нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Yoo Jae Suk, “Та нарын хувьд ARMY гэж юу вэ?” хэмээн асуухад:

Jimin, “Тэд бол миний хайртай хүмүүс. Надад бодогдож байгаа цорын ганц зүйл бол энэ. Бид өдийг хүртэл цөөнгүй алдаа гаргасан ч шүтэн бишрэгчид маань биднийг “зүгээр дээ” гээд л тайвшруулдаг байв. Тийм болохоор би чамд хайртай гэх үгийг яагаад хэлэх ёстойг ойлгуулсан хүмүүс гэж боддог” гэжээ. Харин Suga, “Манай хамтлагийн шүтэн бишрэгчид бол үнэхээр онцгой хүмүүс. Тэд бидэнд АНУ-ын хөгжмийн зах зээлд өрсөлдөх томоохон боломжийг олгосон” гэв.

VICTORIA-ГИЙН ҮЙЛДЭЛ ОЛНЫ ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭВ

Өмнөд Солонгосын f(x) хамтлагийн гишүүн асан, дуучин Victoria H&M компанитай хийсэн гэрээгээ цуцалжээ.

H&M, Nike тэргүүтэй бэлэн хувцасны брэндүүд хөвөнгийн үйлдвэрлэлд уйгаруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж, эрхийг нь ноцтой зөрчиж байгаа явдалд санаа зовниж буйгаа илэрхийлсний дараа Хятадууд эдгээр брэндүүдийг бойкот хийхээ мэдэгдэж, томоохон худалдааны сайтуудаасаа бүтээгдэхүүнийг нь устгасан байна.

Тэгвэл уг брэндийн албан ёсны нүүр царай болон ажиллаж байсан дуучин Victoria энэхүү үйл явдлын дараа уг брэндтэй байгуулсан гэрээгээ цуцлах талаараа мэдэгдсэн нь Солонгосчуудын дургүйцлийг хүргэжээ. Хэдийгээр тэр Хятадын иргэн ч өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгосын SM энтертайнментийн уран бүтээлч, кпоп дуучны хувиар ажилласаар ирсэн.

Мөн Victoria Хонг Конгийн тусгаар тогтнолыг хүчтэй эсэргүүцдэг нэгэн бөгөөд өөрийн цахим хаягтаа “Хонг Конг бол Хятадын нэг хэсэг” гэсэн утга бүхий зураг нийтэлж байжээ. Ийнхүү түүний тухай асуудлууд сөхөгдөж, Солонгосын цахим сайтуудаар түүний тухай нийтлэл ар араасаа нийтлэгдэж, Өмнөд Солонгост уран бүтээл туурвихыг нь эрс эсэргүүцэх бойкот хийх уриалга хүртэл гараад амжсан байна.

CHANHYUK “G-DRAGON-ООР ӨВЧИЛСӨН” ГЭХ ШҮҮМЖЛЭЛД ХАРИУ ӨГӨВ

Гуравдугаар сарын 26-ны өдөр Chanhyuk “Yoo Hee Yeol’s Sketchbook” нэвтрүүлэгт оролцжээ. Хөтлөгч Yoo Hee Yeol, “Өнгөрсөн жил AKMU хамтлаг манай нэвтрүүлэгт оролцож, сайхан үзүүлбэр үзүүлсэн. Бичлэг бараг хоёр сая гаруй хандалт авсан. Сүүлийн үед тэр бичлэг дахин хандалт авч эхэллээ. Хүн болгон “Lee Chanhyuk G-Dragon-оор өвчилсөн” гэх юм” хэмээжээ. Хариуд нь Chanhyuk:

- “Надад тэгвэл бонус цалин өгөөрэй” хэмээн хошигножээ. Мөн үргэлжлүүлэн, “Тэр бичлэгээс болоод олон хүмүүс над руу холбогдсон. Гэхдээ асуудал нь... Ер нь бол би үүнд яг ямар асуудал байгааг огт ойлгоогүй. Миний хувьд дуулж байгаа үсэг, үе, үг болгоноо биеэрээ бэлддэг. Би зүгээр л өөрийнхөөрөө байхыг хичээдэг. Хэрвээ хэн нэгэнд хүндрэл учруулсан бол уучлалт гуйя” гэжээ.

ДУУЧИН IU 100 САЯ ВОН ХАНДИВЛАЖЭЭ

Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусламжийн гараа үргэлж сунгадаг сайхан сэтгэлт дуучин IU энэ удаад сонсголын бэрхшээлтэй хүмүүс болон өрх толгойлсон ээж, аавуудад зориулж 100 сая вон хандивлажээ.

Гуравдугаар сарын 25-нд Edam энтертайнментаас дуучин IU өрх толгойлсон ээж, аавуудад 50 сая вон, сонсголын бэрхшээлтэй хүмүүст 50 сая воныг тус тус хандивласан талаар мэдэгдлээ. Дуучин IU, “Жавартай өвөл дуусаж, урин дулаан хаврын улирал ирж байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр UAENA фэнклубийн гишүүдтэйгээ хамтран халуун дулаан сэтгэлээ хуваалцахаар шийдлээ. Миний хайрт UAENA болон бусад бүх хүний сэтгэлд урин дулаан хавар ирнэ гэж найдаж байна” гэсэн зурвас үлдээжээ.

SPIRE ЭНТЕРТАЙНМЕНТААС OMEGA X ХАМТЛАГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Гуравдугаар сарын 26-ны өдөр SPIRE энтертайнментаас 11 гишүүнтэй OMEGA X хамтлагийг танилцуулжээ.

Тус хамтлагт “Produce 101”, “The Unit”, “MIXNINE”, “Under 19” нэвтрүүлэгт оролцож байсан Seven O’Clock хамтлагийн Han Gyeom, SNUPER хамтлагийн Sebin, LIMITLESS хамтлагийн Raychan болон саяхан тарсан 1TEAM хамтлагийн Jehyun Jinwoo, 1THE9 хамтлагийн Yechan зэрэг уран бүтээлчид орсон байна.

SPIRE энтертайнментаас, “Бид тун удахгүй кпоп ертөнцөд хөл тавих OMEGA X хамтлагийн гишүүдийг танилцуулж байна. Тус хамтлагийн гишүүд бүгд өөрсдийн гэсэн түүхтэй бөгөөд гишүүдийг сонгохын тулд бүтэн нэг жилийн хугацааг зарцуулсан. Та бүхэн мөрөөдөлдөө хүрэхээр хичээж буй OMEGA X хамтлагийн гишүүдийн шинэ эхлэлийг дэмжиж өгөөрэй” гэжээ.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд