Арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болох кдрамууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-12-03

2023 он дуусахад ганцхан сар үлджээ. Шинэ кдрама эхлүүлэхийг хүсэж байгаа хүн бүр анхаарлаа нааш нь хандуулаарай. Энэ сард цацагдах бүх кдрамыг хүргэж байна.  

                                                                               “Sweet Home 2” 

Цацагдах өдөр: Арванхоёрдугаар сарын 1 

Үйл явдал: Ча Хёнсү бол ахлах сургуулийн сурагч. Тэр өрөөнөөсөө гарах дургүй, аав ээж, дүүтэйгээ ч ярих дургүй,ганцаараа байхыг илүүд үздэг хүү. Нэг өдөр гэр бүлийнхэн нь автомашины осолд орж Хёнсү ганцаараа үлдэнэ. Ослын дараа түүнийг жижиг орон сууцад нүүж ирэхтэй зэрэгцэн хүмүүс мангас болж хувирах бөгөөд тэрээр амьд үлдэхийн тулд орон сууцны оршин суугчдын хамт мангасуудтай тэмцэж буй тухай өгүүлнэ.  

                                                                           “Welcome to Samdalri” 

Цацагдах өдөр: Арванхоёрдугаар сарын 2 

Үйл явдал: Жэжү арлын хажууд орших Самдал хэмээх газар хоёр найз амьдарна. Багаасаа л хамт найзалж өссөн тэдэнд том болохын хэрээр асуудал тулгарна. Жо Ён Пил (Жи Чан Вук) нь төрөлх Самдалдаа үлдэж амьдрах хүсэлтэй. Харин Жо Сэм Дал (Шин Хэ Сун) жижиг хотоос гарч Сөүл рүү нүүх зорилготой. Хоёр найзын шийдвэр  хэрхэх бол? 

                                                                     “Overlap Knife, Knife” 

Цацагдах өдөр: Арванхоёрдугаар сарын 2 

Тус кино нь KBS телевизээс “Drama Special” нэвтрүүлэгт зориулан бүтээсэн богино хэмжээний вебдрама юм. 

Үйл явдал: Хоёр найз цаг хугацаагаар аялан өнгөрсөнд очиж, хайртай хүмүүсээ хамгаалахыг хичээж буй тухай өгүүлнэ. 

 

                                                                           “Night Has Come” 

Цацагдах өдөр: Арванхоёрдугаар сарын 4 

Үйл явдал: Ахлах сургуулийн хэсэг сурагчид санаандгүй мафийн үхлийн тоглоомын бодит хувилбарыг тоглох сонголтод унана. Сурагчид нууцлаг алуурчныг олохын зэрэгцээ үхлээс өөрсдийгөө хамгаалан, сүүлдээ хоорондоо муудалцаж буй талаар өгүүлэх адал явдалт кино юм.  

                                                                               “Soundtrack 2” 

Цацагдах өдөр: Арванхоёрдугаар сарын 6 

Үйл явдал: Хан Со Хи, Пак Хён Сик нарын хамтран тоглосон “Soundtrack” –ийн үргэлжлэл болох “Soundtrack 2” кино нээлтээ хийлээ. Тус кино нь санамсаргүй тохиолдлоор дахин уулзсан хуучин хосуудын тухай өгүүлэх романтик драма юм. Хосууд салсныхаа дараа До Хён Сео нь хайр дурлал гэхээсээ илүүтэй хувийн амьдралдаа анхаарч, төгөлдөр хуурын багш болсон бол түүний хуучин найз залуу Жи Су Хү нь баян чинээлэг, гүйцэтгэх захирал болсон байна. 

                                                               “Maestra: Strings of Truth” 

Цацагдах өдөр: Арванхоёрдугаар сарын 9 

Тус кино нь Францын “Филармони” олон ангит киноноос сэдэвлэн бүтээгджээ. 

Үйл явдал: Дэлхийн найрал хөгжим удирдаачдын ердөө таван хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эл бүтээлд өөрийн ур чадвараа харуулахын тулд эцсээ хүртэл хичээн, домогт удирдаач гэх нэрийг авах Ча Се Еумын тухай өгүүлнэ. 

                                                                      “Death’s Game” 

Цацагдах өдөр: Арванхоёрдугаар сарын 15 

Үйл явдал: Тус кино нь үхсэн хүмүүст дахин амьдрах боломж олгож буй тухай өгүүлнэ.   

                                                               “Like Flowers in Sand” 

Цацагдах өдөр: Арванхоёрдугаар сарын 20 

Үйл явдал: Солонгос уламжлалт бөхийн спортоор хичээллэж, амжилтад хүрэхийн тулд хоорондоо тэмцэж буй залуусын тухай өгүүлэх романтик кино юм. 

                                                                  “Gyeongseong Creature” 

Цацагдах өдөр: Арванхоёрдугаар сарын 22 

Үйл явдал: Тус кино 1945 оны хаврын цаг үед өрнөнө. Хүний шуналаас төрсөн аймшигт мангастай тулалдан, амьд үлдэхийн төлөө тэмцэж буй бүлэг хүмүүсийн тухай эл драмад гарна. Пак Со Жүн нь Кёнсүн хотын хамгийн баян хүн, Альан хаш ордны ломбардын эзэн Жан Тэ Сангийн дүрд тоглоно. Тэрээр сураггүй алга болсон хүмүүсийг хайж байгаа Чае Ок (Хан Со Хи) – тэй таарснаар тэд хамтран ажиллаж буй тухай өгүүлнэ.  

                                                                       “My Happy Ending” 

Цацагдах өдөр: Арванхоёрдугаар сарын 30 

Үйл явдал: Тус кино нь итгэж байсан хүмүүстээ хууртагдаж, цочирдмоор үнэнтэй нүүр тулж буй эмэгтэйн тухай өгүүлнэ. Сео Жан Вон (Жан На Ра) нь олон жил шаргуу хөдөлмөрлөн, хичээсний эцэст мөрөөдлөө биелүүлэх ч  түүний төгс мэт амьдрал итгэлт хүмүүсээс нь болж нэг л өдөр нурна. 

Шинэхэн драмуудаа тухлан сууж үзээрэй. 

Эх сурвалж: Soompi 

 

 

 

 

 

 

 

 

#нийтлэл