Буй биеэрээ би цас болно


О.Батхишиг | YOLO.MN
2023-01-19

Өглөө сэрэхэд нэвсийсэн цагаан цас бүхнийг нөмөрчихсөн байх нь хэчнээн сайхан. Намрыг үдэж өвлийг угтсан анхны цасны хаялаан хүн бүрийн дотор орших эмзэгхэн оршихуйг тэжээж буй гэлтэй. Яг л ийм ягуухан өдөр Эрээн цавын эвдрээгүй яруу найрагч Данзангийн Нямсүрэн гуайн “Би цас болно” шүлгийг дуудахгүй яахан болох билээ. Ингээд Yolo.mn сайтын эрхэм уншигчдадаа Дорнын их найрагчийн нандин таван шүлгийг хүргэж байна. 

БИ ЦАС БОЛНО

Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно…

**********************************

Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд

Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд
Анзааралгүй дэргэдүүр нь хүмүүс өнгөрөхийн адил
Алтан навчсанд орон исгэрээд
Алга болмуй би
Нойрмог галуу гунганах үүрээр
Ногоон өвсний зүүдэн дундуур
Сарны гэгээ бүсгүй хүн шиг явахад
Салхи болж дагамуй би
Аянга цохих тэнгэрийн хаяанд
Аадрын өмнөх байдал дор
Аяархан дохих цэцгэнд шилжээд
Алга болмуй би
………………………
Аглагхан талаасаа 
Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ
Хэн хэнийгээ танихгүй олон
Хэрэх замын уулзварт нэг уулзацгаах юм даа
Хэтдээ тэд хаа очих нь тусдаа ч
Хэрэг болбол хүн хүнийхээ заяаг түшилцэнэ ээ
Нэр зүс үзээгүй бүсгүйтэй суудал хувааж явахад

************************************
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ
Хайр дурлал, инээмсэглэлээс эхэлнэ
Хаврын бороо цэцэгнээс эхэлнэ
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ
Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ
Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа хол хүний үр явахаас эхэлнэ
Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ
Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ
Хамаг юм, сайн сайнаас эхэлнэ
Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ
Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.

***********************************
Амирлангуй сүүдэр

Нүгэл гэгч сэтгэлээс үүдэх буюу
Сэтгэл үүсгэгч бодь модны навчис бөлгөө
Нигүүлсэнгүй хэмээх нүглээс эс умдлах эсү
Намагт үйгсэд лянхуаг шүлгэлсэн бус уу
Хий хоосон оршигч арчаагүй гэрэл агаад
Хигээсний сүүдэр, дугуйг зогсоход нэн торгомсог
Хийморь заль төгс үүлний наашлах
Хэдүй нь миний биений гадна...
Уран зураг найрссан бөгөөд хүрээ нь
Ус захалж олон гөрөөс гүйлдэх...
Сүүдрийн биет, гэрэл бүтээгч бөртөл юмс
Сүүлтэйгээ сая л мэдэх нохой мэт,
Би мэдэх асан, санаж сажилсаар байх ахуй
Билүүдсэн хутганы ирэн дээгүүр
Билбүүр чулууны бал сүүдэр урсуулан
Гивлүүрт бүсгүйн дүрс үзэгдэх агшинаа
Өвс хөдөлж наашаа намайг налнам
Өнгө үзэсгэлэн сүүдрээс тодорму
Өчүүхэн төрөл хорхой юм, хорхой би
Өлбөнгө хялгана төдийлөн гуядахад л үхэтхиймүү
Салхи хүүгэж, үүлс эсгэгдэн туугдана
Сансар огторгуйгаар нэг хашхичаан болно
Малгай үл тогтож тамхины гал бутарна
Манай дэлхийн хажуугаар нэг од зөржээ
Бүхнээр сүүдэргүй болбоос
Бүхнээр биес үгүй болно
Нүгэл хилэнц, нигүүлсэнгүй сэтгэл бээр
Ертөнц даяханы сүнс сүүдэрт оршиму

 

 

#нийтлэл