Амттай аяллын "ЖОР"-ууд


Хүссэн газартаа очиж, тааваараа аялахад заавал мэргэжлийн хүн хайгаад хэрэггүй. Тэгээд ч мэргэжлийнхэн хүн бүрт хүрч ажиллах боломжгүй. Ухаалаг төхөөрөмжтэй бол мэргэжлийнхнийг хүлээж цагаа алдаад яах вэ. Магадгүй та анх удаа аялах гэж байгаа, бас аяллын төлөвлөгөө гаргах амаргүй ажилтай тулгарсан байж болох юм. Тэгвэл энэ бүх бэрхшээлийг хийсгэчихэж дөнгөх аппликейшнүүдийг танилцуулья.

НЯГТ НЯМБАЙ ТООЦООЛОГЧ "MINT"

Хүссэн бүхнээ авах нь сэтгэл хангалуун аялахад тусалдаг байж мэдэх юм. Гэхдээ хэн ч зардлаа хэтрүүлье гэж боддоггүй. Бас хоосон хэтэвчтэй эргэж ирэх нь хэн хүний хүсэхээр мэдрэмж биш. Зардлаа хэтрүүлэхгүйгээр аялахад "Mint" тусална. Орлого, зардлыг нягт нямбай тооцдог давуу талынх нь тусламжтайгаар та аяллын үед санхүүгээ хянаж чадна.


ТӨӨРӨХӨӨС СЭРГИЙЛЭХ "WORLD AROUND ME"

Аяллаас дурсамж, гэрэл зураг л үлддэг. Энэ бүхэнд хачир, чимэг болох аппликейшн бол "World Around Me" юм. Таны очсон хот, байрласан гудамж зэргийг автоматаар тогтоож, ойролцоох дэлгүүр, үйлчилгээний төв, жуулчдад зориулсан газруудын талаарх бүхий л мэдээллийг тун хялбараар дэлгэдэг. Мэдэхгүй газар, танихгүй хүмүүсийн дунд төөрч, цаг зав, эрч хүчээ барахаас сэргийлсэн энэ аппликейшн хамгийн сайн сонголт санал болгодог.

Түүнчлэн тухайн газрынхаа нийтийн тээврээр зорчиход "Citymapper" хамгийн сайн хөтөч болдог байна.


ЗАХИАЛГА ӨГӨХӨД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ НЬ "AIRBNB"

Үнэ, үйлчилгээний чанар нь тохирсон нислэг, зочид буудлыг урьдчилж мэдэх нь төсвөө хэтрүүлэхгүй аялахад тустай. "Airbnb" энэ бүгдийг төгс төлөвлөх төдийгүй зүг чиг оновчтой заадаг тул төөрнө гэж айлтгүй. Үүнтэй адил "Skyscanner" гэж аппликейшн бий. Түрээсийн машины үйлчилгээ, нислэгийн үнэ аль өдөр хямд байгааг, хамгийн ойр орших нисэх буудал, аяллын газруудыг санал олгодог.

Харин хамгийн хямд үнэтэй нислэг хайж байгаа бол “Hopper” аппликейшн сонгоорой.


АМТТАЙ ХООЛ ЗООГЛОХЫГ ХҮСВЭЛ "FOODSPOTTING"

Хоолноос сэтгэл ханамж авах нь аяллын бас нэг зорилго. Аялагчид эл хүслээ гүйцэлдүүлэхээр ихэнхдээ "Foodspotting"-ийг сонгодог байна. Уг аппликейшн хамгийн чанартай хоол, тохилог орчин, найрсаг үйлчилгээг санал болгодог. Аппликейшнийг аялагчдаас цуглуулсан бодит мэдээллээр тогтмол шинэчилдэг тул сонголт хийхэд хялбар, аялагчдын итгэл үнэмшлийг төрүүлж чаддаг аж.

Ц.Даян

#Sumer #Nice #Travel