П.Батхуяг : Өөр нулимс


YOLO.mn | YOLO.MN
2023-10-28

Yolo.mn сайтын эрхэм уншигчдадаа Зохиолч, яруу найрагч, судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор, тэргүүлэх профессор П.Батхуяг  гуайн “Өөр нулимс” өгүүллэгийг хүргэж байна.   

“Нисэж байна” гэж зүүдлээгүй хүн энэ ертөнцөд байхгүй санагдана. Бүгд л далавчаа дэвэн, хий агаарт дураараа дүүлэн нисэж байгаагаар зүүдэлсэн байдаг. Магадгүй хэзээ нэгэн цагт хүмүүс бид нисдэг ч байсан байж болох юм. Чухам тэр сайхан үеэ санагалзан хааяа нэг зүүдэлдэг биз ээ? Ертөнцийн дээвэр гэмээр өндөр уулсын бүсэд өвөл байтугай зун гаднаас хэн ч очдоггүй нэгэн жижигхэн хот байх. 

Оршин суугчид нь өөрсдийгөө “тэнгэр” язгууртай, бүргэдийн удам гэж үзэх бөгөөд эрчүүл нь бие биеэ их л эвгүй харцаар харах нь удам угсаагаа умартаж мартахгүйн төлөө хийж байгаа алхам гэж үзэцгээнэ. Хотын цагдаа, гал унтраах газар, хэдэн давгүй баар, цор ганцхан сургууль, өвдвөл очих, өлсвөл орох газар гээд нэрлээд байвал олон хүн суурьшин суусан газар юу байдаг билээ, тэр бүхэн энэ хотод бий. 

Гэхдээ түм түжигнэсэн их хотыг бодвол амар амгалан нам гүмийн орон гэсэн үг. Энэ хотын хаа нэгтээ хүмүүс муудалцвал гучин минутын дотор хот тэр аяараа мэдсэн байдаг, өөрийн гэсэн онцлогтой мэдээллийн ийм өвөрмөц сүлжээ бүхий интернэтийг бий болгосон нь хурдаараа бараг л дэлхийн нэг номерт тооцогдохоор болжээ. Өвөл цас их унах учир гэрээсээ гарч чадалгүй хоригдох хүмүүс ч цөөнгүй. 

Өвлийн богино өдөр болоод урт шөнийн турш тэдгээр хүмүүс зөвхөн сайхан зүүд зүүдлэхийн төлөө биеэ их л бэлтгэцгээдэг гэлцэнэ. Өглөө эрт ажил төрөлдөө яаран алхацгаах мөртөө орой гэрээдээ хойргодуухан харьцгаах эрчүүд нь бидэнтэй л адил урт өдөр, эрх чөлөөнд дуртай болох нь анзаарагдана. 

Тор саваа дүүртэл дэлгүүр хоршоогоор хэсдэг авгай хүүхнүүд нь харин нийлж хов ярихдаа нэлээд гаршсан байдал ажиглагдана. Харин энэ хотын хэвийн амьдралд байж боломгүй гэмээр гудмаар гэр хийж, гунигаа архиар тайлдаг ядуухан өвгөн, шөнө орой баар цэнгээний газар ил цагаан үйлчлэхээс буцдаггүй янхан хүүхэн хоёр бидний ярьдгаар энэ хотын жинхэнэ “Super Stars” болой. Тэр хоёрыг хүн бүхэн муу хэлдэг боловч ихэнх нь дотроо ялимгүй атаархдаг биз. Учир нь өвгөн, янхан хоёроос хүмүүс аль эрт мартагдсан “эрх чөлөөгөө” үнэртэхийг хүсдэг ажээ. Тэр хоёр ч ёстой эрх чөлөө гэгчийг үнэртүүлэхийг үзүүлдэг байжээ. 

Өвөл өнгөрч уулын цас нимгэрэх үед энэ хотынхон нэгэн өвөрмөц баярыг тэмдэглэнэ. Чухам өөр хаа нэг газар тийм баяр тэмдэглэдэг тухай би олж сонсоогүй билээ. Сар дүүрэн тэргэлтэх хаврын эхэн сарын аль нэг өдрийг сонгож аваад бүгд нэг цагт орондоо орцгоож “сайхан зүүдний баяр”-аа нойрондоо хийцгээнэ. Өглөө эрт нар мандахад босоцгоож хотын төв талбайд цуглараад урьд шөнө “сайхан зүүдний баяр”-аар хэн юу зүүдэлсэн тухайгаа нийтэд ярих ба хотын дарга шилдэг зүүд шалгаруулж мөнгөн шагналаар шагнах бөлгөө.

Сайхан зүүдний баяр тэмдэглэх өдрийг тэр жил урьд жилүүдээс арай эрт зарлажээ. Харин сайхан зүүдээ манаж хонох шөнө тэнэмэл өвгөний дотор бэмбэгнээд нэг ч хором дугхийсэнгүй. Баярын өдрийг мартсан янхан бүсгүй шөнөжин үйлчлүүлэгч хайсаар үүл цайлгажээ. Тэр хоёроос бусад нь цөм ер бусын сайхан зүүд зүүдлэхээр унтацгаасан ажээ.

Цэрэг, цагдаа, эмнэлэг түргэн, харуул манаа гээд шөнө унтах завгүй болоод ёсгүй албаныхан ч цөм баяр тэмдэглэв. Тэнэмэл өвгөн арай хийж нэг юм үүр цайлгаад гудманд гарсан боловч хэнтэй ч тааралдсангүйгээр барахгүй архины бүх дэлгүүр хаалттай байсанд гайхлаа. Нэлээд зогссон боловч хэн ч гарч ирсэнгүй. Харин гэрэл асангуут дулаан сайхан гэртээ хүмүүсийн орилох дуу тасралтгүй гарсаар өвгөн хэрэгт дурлан хаалга үүдийг нь тогшсон боловч хэн ч үүдээ тайлсангүй. Аргаа барсан өвгөн төв талбайн голд байх морьтой хүний хөшөө налан тухлаж аваад аргагүй нойрондоо дарагдан унтаж орхижээ.

Үүр тэмдгэрэхийн өмнө 5-6 цагийн үест хотын хүмүүс эхнээсээ сэрж эхэллээ. Анхны сэрсэн хүн амь тавих мэт орилсонд гэрийнхэн нь мөн сэрцгээж дуу дуугаа авалцан орилцгоожээ. Удалгүй эргэн тойрны байшинд хүмүүсийн учиргүй чанга гол тасалмаар орилох дуу гарсаар байлаа. Хотын даргын бүдүүн эхнэр яаж орилсон тухай бичих юм бол аятайхан онигоо арав хориодыг зохиочихоор болжээ. Бүгд л утсаа шүүрч аваад танилууд руугаа залгах гээд чадсангүй хичнээн удаа оролдсон ч ямар ч арга байсангүй. Хий дэмий л гэр дотроо үймэлдэж байлаа. Гадагшаа гарах зориг хүрсэнгүй учир нь янхан бүсгүй, тэнэмэл өвгөн хоёроос бусад нь буюу шөнө баяр тэмдэглэхээр унтсан хүн бүхний хоёр гарны оронд хос далавч ургажээ.

Хун шувууных гэмээр дун цагаан тэр далавч л хүн бүхнийг тэгж чангаар орилоход хүргэсэн гэдэг. Хэсэг хугацааны дараа ялимгүй тайвшраад далавчаа эргүүлж тойруулан харж, зарим зоригтой нь бүр дэвэх зэргээр туршиж эхэлжээ. Бие нь нэг л хөнгөхөн газар гишгэж байгаа нь мэдрэгдэхгүй мөртлөө алхаж явах хачин төвөгтэй болсныг бүгд мэдэрч байлаа. Удалгүй цонхоо онгойлгосон атлаа хөшигнийхөө араар биеэ нууж хөршүүдээсээ биеийн байдал хийгээд чухам юу зүүдэлсэн болохыг нь тандан асууцгаалаа. Хамгийн гайхалтай нь хот даяараа ганцхан зүүд зүүдэлсэн ажээ. Тэр нь далавчаа дэвэн тэнгэрийн уудамд дураар дүүлэх нисэх Гэвч анхандаа хэн ч нисэх тухай бодсонгүй. Гэхдээ тийм ч удсангүй.

Саяхан дампуурсан, гэтэл гэнэт далавчтай болчихсондоо сэтгэлээр унаж дөрвөн давхрын цонхоор үсэрсэн худалдаачин залуу газар няц үсрэхийнхээ өмнө санамсаргүй далавчаа дэвсэнд дээшээ хөөрчээ. Хотынхоо дээгүүр орилон нисэх түүнийг харсан хүмүүс дараа дараагаар тэнгэрт нисэж эхэллээ. Ахлах сургуулийн банди нар найз охидуудтайгаа хос хосоороо тэнгэрээр зугаалж, морьтой хүний хөшөө налан унтах хөөрхий тэнэмэл өвгөний дээрээс шүлсээ хаяж дэггүйтнэ. 

Нүүрэн дээр нь нойтон юм дусахад цочин сэрсэн өвгөн харин энэ удаа учиргүй чангаар орилжээ. Хотынхон тэр аяараа тэнгэрт нисэж байх нь тэр. Эцэг эх нь хүүхдүүдээ дагуулан эгээ л галуун цуваа мэт эгнэн нисэх нь үнэхээр зугаатай . Хотын дарга бүдүүн эхнэрээ дагуулан хэрэндээ хичээн дэвэх ба араас нь түшмэлүүд хошууран дагана. Үд өнгөрөхөд ядуу тэнэмэл өвгөн, янхан бүсгүй хоёроос бусад нь буюу бүх далавчтайчуул тэнгэрт гарсан байлаа. Хөөр баяраар дүүрэн хүмүүс хөөрхий хоёрын буян заяагүйг гайхан хоорондоо: 

-Аргагүй ээ, яасан гэж тэнгэр тэднийг таалах билээ?

-Ийм сайхан далавч нүгэлтэй хүмүүст заяах ёсгүй шүү дээ? 

-Хувь тавилан гэж сонин юм даа? Хэнийг ялгахаа хүртэл мэдэх юм гэх зэргээр хэл амаа бишгүй л билүүдэцгээжээ. Тэнгэрт тэдний амьдрал зугаатай байлаа. Гэвч удалгүй нар шингэх дөхөж задгай салхитай тэнгэрт эхнээсээ жиндэж мөн өдөржин ядрахыг мэдэлгүй дэвсэн далавч нь сульдаж газарт буух тухай бодож эхэллээ. Бүгд нисэж сурсан боловч хэн ч бууж үзээгүй байжээ. Анх нисэж үзсэн худалдаачин залуу газарт дөхөж аль болохоор зөөлөн буух гэж оролдовч яаж ч чадалгүй бяц үсрээд хэдэн цагаан өд тэнгэрт бутрав. 

Түүнийг харсан хотын даргын бүдүүн эхнэр ухаан алдаж тэр чигээрээ газар мөргөв. Яаж орилсон, ухаан алдаж унасан тухай бичих юм бол эмгэнэлт өгүүллэг нэлээд хэдийг зохиочих биз ээ. Хүмүүс тэнгэрт сандралдаж газарт байснаасаа илүү үймэлдлээ. Ахлах сургуулийн дэггүй банди нар найз охидуудтайгаа болоод аав ээжийгээ дагаж ниссэн жаахан хүүхдүүд эхнээсээ газар унаж эхэллээ. Энд тэнд пид пид хийх чимээ шөнөжин үргэлжилжээ. 
Ямар ч аргаар оролдоод хэн ч газар зөөлөн бууж чадсангүй. Тамир тэнхээ ихтэй залуучууд нэлээд удаан тэсэж үүрээр газар мөргөж унацгаав. Хөөрхий тэнэмэл өвгөн ганцаараа бүтэн долоо хоног тэнгэрээс унасан далавчтай хүмүүсийг хөдөөлүүлжээ. Харин янхан бүсгүй гэрээсээ толгойгоо цухуйлгасангүй, бөмбөгнөтөл чичирсээр арваад хоножээ. Эцэст нь нэг юм гэрээсээ гарч урьдынх шигээ гудамжаар алхав. Тэнэмэл өвгөнийг хараад ганцаараа үлдээгүйдээ хязгааргүй их баярлажээ. Хотынхныгоо дурсаж эзэнгүй хоцорсон уушийн газар тэр хоёр ийнхүү ярилцжээ. 

-Манай хотынхон бүгдээрээ далавчтай болчихоод намайг тавлаж шоолсон доо? Би яахав дээ, амьдрах гэж л яваа ядарсан эмэгтэй шүү дээ гэж хэлээд бүсгүй санаа алджээ. Харин тэнэмэл өвгөн: 

-Би жар гаруй наслахдаа элдвийн юм бишгүй л үзсэн. Хүн гэдэг амьтан далавчтай болоод чиг тэнгэрийн амьтан биш юм даа? Үхэхдээ бүгд газарт л уналаа шүү дээ? Шунал хүсэл хоёр нь хотынхныг маань далавчтай болгосон. Тэгэхээр тэд маань тамд л нисэж яваа даа. 

 

 

 

#нийтлэл