ХӨЛДСӨН БОЛОН ОСГОСОН ХҮНД хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?


Б.Намуун | YOLO.MN
2018-10-31

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний эрч наашилсан хүйтэн сэрүүн өдрүүд хэдийнэ эхэлжээ. Өвлийн улиралд асран халамжлагчийн анхаарал болгоомжгүйгээс хүүхэд багачууд гар, хөл, чихээ хөлдөөх нь бий. Мөн хөлдөж осгосон хэн нэгэнтэй таарч болзошгүй юм. Тэгвэл эдгээр тохиолдлуудад анхны тусламжийг хэрхэн хурдан шуурхай өөртөө болон бусдад үзүүлэх талаар мэдлэг болохуйц ээлжит мэдээгээ хүргэж байна.

ОСГОХ ҮЕД БИЕД ЯМАР ҮЙЛ ЯВЦ БОЛДОГ ВЭ?

Нам температурын үйлчлэлээр хүний биеийн дасан зохицох чадварын нөлөөгөөр цусны судсууд агшиж дулаан ялгаралтыг хэсэг хугацаанд багасгах ба энэ нь цааш удаан үргэлжилбэл хүний эд эрхтэнд эдгэшгүй өөрчлөлт гарах, улмаар үхэх аюултай.

Хөлдөлт

Нам температурын улмаас хэсэг газраас арьс, улмаар эд эрхтний цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдснаас арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлнэ. Биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруу, чих, хамар, эрүү, гар, хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг.

Хөлдөлт үүсэх шалтгаан:

  1. Цаг агаарын хүчин зүйлс: агаарын чийглэг, хүчтэй салхитай байх, цочмог хүйтрэлт зэргээс болно
  2. Механик хүчин зүйлс: Бариу давчуу гутал, хувцас өмссөнөөс болж мөчний цусан хангамж буурснаас болно.
  3. Урьд нь хөлдөөж байснаас, эсвэл үеэр нугарч, хөдөлгөөнгүй нэг байрлалд хэт удснаас эд эрхтний эсэргүүцэл суларч цусан хангамж алдагдах
  4. Шархдах, цус алдах, турж эцэх, ядрах, өлсгөлөн удсанаас, эсвэл архи тамхинаас болж ерөнхий биеийн эсэргүүцэл сулрах зэрэг болно.

Хөлдөлтийн зэрэг:

Хөлдөлтийг арьсыг гэмтээсэн байдлаар нь дараах 3 зэрэгт хуваадаг.

Зэрэг

Арьсны гэмтсэн байдал

1-р зэрэг

Арьсны өнгөц давхарга гэмтэнэ

  • Арьсны өнгө цайж, цайвар толбууд үүсч хөхөлбөр туяатай болно
  • Тэр хэсэгт бадайрч лугшина
  • Өнгөн хэсэг нь дарайж хатуурсан байх боловч гэссэний дараа судсууд нь тэлж өргөссөнөөс улайж хаван үүснэ
  • Хожим нь арьсны өнгөн давхрага гуужиж нимгэрч хөрс муутай болно

2-р зэрэг

Арьсны өнгөц болон жинхэнэ давхарга гэмтэнэ

  • Эхэн үедээ жижиг үеүдээр өвдөлт ихтэй, хөдөлгөөн нь хязгаарлагдсан, арьс нь цайрч хатуурсан байх ба хөхөлбөр туяатай болно.
  • Гэссэний дараах үедээ улайж хавагнана
  • Хөлдсөн хэсэгт хуруугаар дарах үед цайрч толбо нь удаан арилна.
  • Тодорхой хугацааны дараа цэврүү үүсч, хагалахад тунгалаг шингэн гоожино. Хөлдөлтийн дараах 10-12 цагт цэврүү үүсэх нь дээд цэгтээ хүрдэг. Цэврүүг хагалахад суурийн хэсэг ёроол нь ягаан өнгөтэй, цус хуралтгүй байна.

3-р зэрэг

Арьсны бүх давхарга гэмтэнэ

  • 2-р зэрэгт гарах шинжүүд илүү тод, удаан үргэлжилнэ
  • Арьсны өнгө цайж, хөхөлбөр туяатай болно
  • Цусархаг шүүс бүхий том том цэврүүнүүд үүснэ. Цэврүүний суурийн арьс нь хөхөлбөр туяатай, цэгчилсэн цус харвалттай байна
  • Чинэрч мэдээгүй болно

Шинж тэмдэг:

  • Даарч, чичирсэн
  • Бүх биеийн болон мөчдийн арьс биржийсэн
  • Судасны цохилт олширсон
  • Хөлдсөн хэсгийн арьсыг тэмтрэхэд хүйтэн, хатуурч зузаарсан мэт байна
  • Мөчид хөлдвөл хөдөлгөөн нь хязгаарлагдана

Анхны тусламж:

  1. Амьсгал, судасны цохилтыг шалгана
  2. Гэмтсэн хүнээ салхи, бороо, цасан шамарга, чийгтэй орчноос холдуулж хуурай, дулаан газар аваачна
  3. Хөлдсөн, осгосон хүнийг аль болох өөрөөр нь явуулахгүй, хөдөлгөөнгүй байхаар зөөвөрлөнө.
  4. Хөлдөж осгосон хүнийг босоо байрлалд байлгана
  5. Хүйтэн нойтон хувцсыг нь тайлна.
  6. Дулаан хөнжлөөр хучиж хэвтүүлнэ
  7. Дулааныг барихын тулд толгойг хучина
  8. Хэрвээ ухаантай байвал халуун юм уулгана
  9. Дулаацуулна. 2 янзаар дулаацуулж болно. Үүнд:
  • Шууд биеийн дулаан хэсгээр хүрэлцүүлнэ. Жишээ нь: хөлдсөн гар, хөлийг анхны тусламж үзүүлэгч та өөрийн биеийн дулаан хэсэгт наан дулаацуулах /суга, хэвлий гэх мэт/, хамар чих хөлдвөл дулаан гараар барьж дулаацуулна.
  • Гадны зүйлээр буюу бүлээн жин, шилтэй ус зэргийг том судасны цэгүүд дээр тавих. Хөлдсөн гар хөлийг 36,5-37 хэмийн бүлээн усанд дүрнэ. Хөлдсөн хэсгийг аль болох дулаацаж гэстэл дүрнэ.

!!!АНХААР!!!

  • Хөлдсөн гарыг үрж болохгүй
  • Цахилгаан халаагуур ил гал, туяанд ээж болохгүй
  • Архи уулгаж болохгүй
  • Халуун бүлээн жин тавихдаа гадуур нь даавуугаар жийрэглэн ороож тавина.

ОСГОЛТ

Хүйтэн, нойтон, салхи, шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтний тогтолцоонд өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүрэх аюултай.

Осголт явагдсаныг хэрхэн мэдэх вэ?

Биеийн температур 33 хэм хүртэл буурах:

  • Маш их даарч чичирнэ
  • Арьсны өнгө нилэнхүйдээ цайж, хөхөлбөр туяатай болно
  • Барихад маш хүйтэн байна
  • Хөдөлгөөн хязгаарлагдаж, явах хөдлөхөд бэрхшээлтэй болно
  • Нүд нь гөлөрсөн
  • Судасны цохилт цөөрсөн /1 минутанд 60-аас доош/
  • Нойр их хүрч нойрмоглоно
  • Ухаан санаа өөрчлөгдөнө

Харин биеийн температур 30 хэм хүрч буурахад ухаан алдаж үхэлд хүрдэг.

Анхны тусламж

  1. Хэрэв осгосон хүн ухаангүй байвал юуны өмнө дулаан тасалгаанд оруулна.

Дулаацуулна. Бүлээн ус юм уу, архиар биеийг нь угааж, биеийн дулаан хэсэгт наан дулаацуулах ба дулаан юмаар хучина.

#FirstAid