“Согтуу ах нар өдөж, хоргоож, зарим эгч нар юуг нь авлаа гэж бодтол ширтэхээс айдаг"


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2023-10-11

Аравдугаар сарын 11. Энэ өдрийг дэлхий нийтээр Олон улсын охидын өдөр (IDG) болгон тэмдэглэж ирсэн. Охидын өдрийг тохиолдуулан Монголын залуучуудын холбооны дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлөөс нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч охидыг оролцуулсан “Өсвөр үеийн охидын зүрх сэтгэлийн боловсрол, үе тэнгийн гадуурхалт” сэдэвт чуулганыг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа.

Чуулганд оролцогчдоос охидын эрх гэж юу тухай, тэднийг сурч боловсроход, аюулгүй орчинд амьдрахад, энэ хотод амьдрахад хамгийн төвөгтэй санагддаг асуудлуудын талаарх бодлыг нь хуваалцлаа.

“Шинэ зуун билэг” сургуулийн сурагч “Миний бодож байгаагаар охид хайрлаж, хүндлэгдэх эрхтэй гэж бодож байна. Гэхдээ ийм эрхтэй гээд намайг хайрла, хүндэл гээд хөвгүүдийг шахаж, шаардаад байж болохгүй. Тэд ч бас бидэнтэй адил эрхтэй.

Улаанбаатарт амьдрахад аюултай, төвөгтэй санагддаг зүйл бол энд тэндгүй тараах харанхуй гудамж, сэтгэцийн өвчтэй хүмүүс бас их явдаг. Архи, согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн хүмүүс хамгийн хэцүү. Согтуу хүмүүс орилж, хашхирч, өдөж хоргоох асуудал их гардаг. Би ийм зүйлтэй нэг биш удаа нүүр тулж байсан. Томчууд архи, дарсаа тааруулж уугаасай билээ. Бас харанхуй гудамжнуудыг бүгдийг нь маш гоё тодоор гэрэлтүүлээсэй. Өөр нэг таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйл бол яг урд алхаж яваа хүн тамхи татах, утаа нь үнэртээд л үнэхээр тэвчишгүй. Би ирээдүйд шүүгч болно” гэж ярилаа.

Дундговь аймгийн ЕБС-ийн сурагч “Хүүхдүүд бид оюун санааны боловсрол эзэмшихээс гадна зүрх, сэтгэлийн боловсролоо хаяж болохгүй санагддаг. Зүрх сэтгэлийн боловсрол бол нэгнээ хайрлан хүндэтгэх, энэрэх сэтгэл. Энэ боловсролгүй хүн өөрийгөө ч тэр бусдыг ч ойлгохгүй, хайрлахгүй. Тэгэхээр энэ сэдэв маш чухал.

Өсвөр үеийнхэн дунд үе тэнгийн дээрэлхэлтэд нэлээн анзаарагддаг. Тоглоом, шоглоомоор ч ийм үйлдлүүд гаргаж байгаа харагддаг. Бас хүссэн хувцсаа өмсөөд явж байхад “Өө энэ ч угаасаа ийм л хүн дээ” гэж хувцсаар нь хүнийг өнгөцхөн дүгнэх явдал байдаг. Энэ л надад таагүй хандлага шиг санагддаг. Бүгдээрээ бусдыгаа хүндэлдэг, ойлгодог байгаасай” гэв.

Нийслэлийн 56 дугаар сургуулийн сурагч “Хүүхэд аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэвч согтуу хүмүүс хүүхдүүдийг их айлгадаг.  Сургуулиасаа гэртээ харихдаа замаа товчлоод алхчихдаг юм. Гэтэл энд тэнд булан тохойгоос хүмүүс дуудаад байдаг. Жишээ нь өчигдөр 20:00 цагийн үед харьж явсан чинь нэг танихгүй хүн араас дуудаад, би маш их айсан. Бараг л зүрх хагарах гэж байсан.

Бас зарим ах, эгч нар би юуг нь авчихлаа, юуг буруу хийлээ гэж бодтол таагүй харцаар ширтдэг. Тэгэхээр нь өөдөөс нь зөрүүлээд харангуут “Юугаа хараад байгаа юм” гэнэ. Тийм хүмүүсийн харцнаас л их айдаг. Мөн үе тэнгийн дээрэлхэлт бий. Манай найз дээрэлхэлтэд өртөөд, бид бөөнөөрөө очиж тэр үйлдлийг таслан зогсоож байсан. Бас үе тэнгийн дээрэлхэлтээс илүү гаднах төрхөөр нь ялгаварлан гадуурхах хандлага ажиглагддаг. Би том болоод прокурор болно” гэж ярилаа.

Энэ өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог. Улмаар охидын эрхийг сурталчлах, хүйсээр ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахыг уриалдаг.

#мэдээ