Кпопын эргэн тойронд: "T.O.P дахин уран бүтээл гаргахгүй"


Юука | YOLO.MN
2020-02-10

BIGBANG T.O.P БНСУ-Д ДАХИН УРАН БҮТЭЭЛ ГАРГАХГҮЙ

Big Bang хамтлагийн гишүүн T.O.P шүтэн бишрэгчдэдээ дахин нэг таагүй мэдээ дуулгалаа. Тэрээр хоёрдугаар сарын 7-ны өдөр Инстаграм хуудсаараа шууд дамжуулалт (live) хийсэн бөгөөд өөрийг нь хайрлаж, дэмждэг хүмүүсээс уучлалт гуйсан байна. Мөн өнгөрсөнд хийсэн бүх зүйлдээ маш их харамсаж буйгаа илэрхийлээд "Би БНСУ-д дахин уран бүтээл туурвих бодолгүй байна. Яагаад гэвэл ард иргэд нь чөтгөр" гэжээ. Харин сэтгүүлчдэд хандан "Миний хэлсэн үгийг нийтлэл болгох хэрэггүй" хэмээн анхааруулсан байна. 

Гэсэн ч төд удалгүй Naver, Nate зэрэг томоохон сайтууд энэ талаар нийтлэл гаргажээ. Хүмүүс реппэр T.O.P-ийн энэ үйлдлийг маш их шүүмжилсэн бөгөөд “Дахин солонгос хэлээр ярих хэрэггүй. Гадаадад очиж амьдраарай”, “Бидний мөнгөөр баян болсон байж биднийг доромжилж байна” гэх зэрэг сөрөг сэтгэгдлүүдийг үлдээсэн байна. 

T.O.P 2019 оны аравдугаар сард Инстаграмдаа “Надад дахин Кпопт хөл тавих бодол алга” хэмээн бичиж байсан юм. Шүтэн бишрэгчид нь үүнийг хошигнол хэмээн тайлбарлаж байсан ч реппэр маань энэ удаад дуу гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Реппэр T.O.P-ийн хувьд 2017 онд мансууруулах бодистой нэр холбогдож шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан билээ. Түүний энэхүү үйлдлийг Солонгосчууд маш ихээр шүүмжилсэн. Үүний дараа реппэр T.O.P нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэж сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж байв. Ийнхүү шүтэн бишрэгчид нь түүний энэхүү үйлдлийг “амиа хорлох оролдлого” хэмээн таамаглаж байсан юм.

Тэрээр 2019 оноос Инстаграм хуудсаа идэвхтэй ашиглаж эхэлсэн ч Өмнөд Солонгосчуудын доромжилсон сэтгэгдлүүд түүнийг тайван байлгаагүй бололтой. Учир нь өнгөрсөн аравдугаар сард T.O.P “Доромжилсон сэтгэгдэл гэдэг бол аллага. Эрх чөлөөг ч бас хариуцлага дагах ёстой” хэмээн сторидоо оруулж байжээ.

Big Bang хамтлаг ирэх дөрөвдүгээр сард "Coachella" наадамд оролцох бөгөөд хүмүүс тэднийг Солонгост биш Америкийн зах зээлд уран бүтээл хийнэ хэмээн таамаглаж байгаа аж. 

ДУУЧИН CHUNG HA АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЖЭЭ

Залуу дуучин Kim Chung Ha төрсөн өдрөөрөө хүүхэд багачуудад амны хаалт авах 20,000,000 вонын хандив өргөсөн байна. Тэрээр “Коронавирусээс хамгаалахын тулд амны хаалт зүүх ёстой ч зарим гэр бүл амны хаалт авах боломжгүй байгаа. Энэ хандив тэдгээр гэр бүлд өсч буй хүүхдүүдэд тусламж болно хэмээн найдаж байна” гэжээ. 

KIM NAM GIL: “БИ BTS ХАМТЛАГААР МАШ ИХ БАХАРХДАГ”

Жүжигчин Kim Nam Gil Naver сайтад BTS хамтлагийн шүтэн бишрэгч болсон талаараа ярилцлага өгчээ. Тэрээр хэлэхдээ: 

- “BTS хамтлагийн гишүүн Jin миний тоглосон “The Great Queen Seondeok” киног үзээд жүжигчин болохыг хүссэн гэсэн. Тухайн үед хүмүүс надад энэ талаар хэлэхээр нь интернетээс BTS хамтлагийн тухай хайж үзсэн юм. Тэдний хөдөлмөрч зан нь маш их таалагдсан шүү. Манай залуус гадаад улсад хэдэн арван тоглолт хийж, дэлхий дахин ч Солонгос хамтлагуудад анхаарлаа хандуулж байгааг хараад маш их бахархаж байна

Мөн тэрээр унтахаасаа өмнө BTS хамтлагийн бичлэгийг үзэх дуртай гэжээ.

iKON ХАМТЛАГИЙН ШИНЭ ЦОМОГ “I DECIDE”

Хоёрдугаар сарын 06-ны өдөр IKON хамтлаг “I DECIDE” нэртэй шинэ цомгоо танилцуулсан бөгөөд уг цомогт 5 дуу багтжээ. Цомгийн гол дуу болох “DIVE” хэмээх уран бүтээл нь Youtube хуудсанд 8 сая орчим хандалт авсан бол “I DECIDE” цомог нь 24 орны iTunes чартыг тэргүүлсэн байна.  

Эх сурвалж: Naver

#Кпопын эргэн тойронд #Big Bang #T.O.P #Coachella