"Before trilogy" цувралын гунигт түүх


О.Батхишиг | YOLO.MN
2023-07-19

Before sunrise 1995, Before sunset 2004, Before midnight 2013.  Нийт 9 жилийн зайтай үзэгчдийн хүртээл болсон Before trilogy  цуврал нь бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонд зүй ёсоор тооцогддог.   Будапештаас Вина орох  галт тэргэнд Селин, Жесси  хоёр  анх биесээ харцгаадаг.  Чи ямар ном уншиж байна вэ? гэх асуултаар эхэлсэн тэдний онцгой харилцаа бүхэл шөнөжин адал явдалтайгаар  үргэлжилнэ.  Харин энэ үйл явдал нь найруулагч Ричард Линклейтерт тохиолдож байжээ.  

Хаврын тэр нэгэн өдөр өөрт 100 хувь тохирох бүсгүйтэй танилцсан нь гэх дэлхийн сонгомол өгүүллэгт гардагчлан тэрээр  анхны харцаар нэгэн эмэгтэйд дурлаж бүхэл өдөржин хамтдаа цагийг өнгөрүүлсэн гэдэг. Тэдний нэгхэн  өдрөөр цэглэгдсэн  харилцаа  найруулагчийн сэтгэлд онцгой дурсамжийг үлдээсэн учир кино хийхээр шийджээ. Тэрээр “ Before sunrise” киног бүтээснийхээ дараа дурлалт бүсгүй нь үзээд уулзахаар ирнэ хэмээн итгэжээ. Харин бүсгүй  Ричард Линклейтертэй учирснаас хойш удалгүй ослоор амь эрсэдсэн гэдэг.  

Найруулагчийн  зүрхэнд орших гунигт хайрыг  жүжигчин Итан Хоук, Июл Делпи  нар гурван  цувралын турш  гайхамшигтай амьдруулдаг. Ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг гурамсан зохиолууд бүтжээ.  Жесси, Селин хоёрын сэтгэл хөдлөл цаг хугацааны явцад хэрхэн хувьсаж буй нь анхаарал татахуйц.  Галт тэргэнд учирсан хоёр  холбоо барих хаягаа солилцолгүйгээр  6 сарын дараа Венад дахин уулзахаа амлаж салцгаана.   Хувь тавилан уу, сохор учрал уу гэдгээ шалгасан нь энэ биз.  

Харин тэд зургаан сарын дараа биш есөн жилийн дараа Селины номын нээлтэд Жесси ирж буйгаар эргэн учирдаг.    Тэдний аз сорьсон шийдвэр буруу байсныг өнгөрсөн есөн жилийн амьдрал нь  нотолно. Линклейтер  нэгэн ярилцлагадаа хэн нэгэнд хайртай гэдгээ хол байснаар илүү мэдэрдэг хэмээн  дурдсан байдаг.

Before midnight  цуврал нь хайр дурлал, хосын харилцааны өсөлт, бууралтыг харуулдаг.  Линклейтерийн натуралист хэв маяг нь  тэд биесээ  хэрхэн хайрлаж, үзэн ядаж байгааг тод өгүүлнэ.  

Хайр гэдэг солонгон өнгөтэй.   “ Before trilogy” цуврал нь энгийн атлаа хамгийн гүн хайрыг өгүүлж чадсанаараа онцгой юм. Магад найруулагчийн  чин зүрхний хайрын хэлээр бүтээгдсэн  болохоор тэр биз ээ. 

 

 

 

#нийтлэл