Сэтгэл гутрал ЯМАР ШАЛТГААНЫ улмаас бий болдог вэ?


Бид өдөр тутамдаа кино, зохиол дээрээс аль эсвэл эргэн тойрны хүмүүсээсээ сэтгэл гутралд өртсөн хэн нэгний тухай олж сонсдог. Гэхдээ сэтгэл гутрал гэж чухамдаа яг юу болох, сэтгэл гутралтай нэгнийг хэрхэн таних, тэдэнд хэрхэн туслах талаар хангалттай хэмжээний мэдээлэлгүй байдаг. Магадгүй дотнын нэгэнд тань таны тусламж хэрэгтэй байгааг та анзаарахгүй өнгөрүүлэхийг үгүйсгэхгүй шүү дээ.

Иймд өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулаасай хэмээн "Сэтгэцийн эрүүл мэнд" цуврал нийтлэлийнхээ шинэхэн дугаарт сэтгэл гутрал гэж юу болох, ямар шалтгааны улмаас бий болдог талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

СЭТГЭЛ ГУТРАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүн бүрд сэтгэл санаагаар унах, тавгүйрхэх, уйтгарлах үе тохиолддог ч энэ нь зөвхөн тэрхүү нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлж буй хэлбэр юм. Харин сэтгэл гутрал нь хоёр долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг бөгөөд бие физиологт аажмаар сөргөөр нөлөөлж эхэлдэг.

Харвардын Анагаахын Ухааны Их сургуулийн сайт дээрх нэгэн өгүүлэлд "сэтгэл гутралд аль ч насныхан өртөж болох хэдий ч жендерийн хувьд ихэвчлэн эмэгтэйчүүд өртдөг" хэмээсэн байдаг. Үүнийг эмэгтэйчүүдийн гормоны өөрчлөлт, сарын тэмдгийн мөчлөгтэй холбон тайлбарлаж болох юм. Мөн сэтгэл гутралд орсон хүмүүсийн тархины ихэнх хэсэгт идэвхгүй байдал давамгайлж эхэлснээр хүн сөрөг мэдээллийг тархиндаа илүү ачаалуулж эхэлдэг байна.

СЭТГЭЛ ГУТРАЛ УЙ ГАШУУ ТОХИОЛДОХ ҮЕИЙН СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?

Ихэнх хүмүүс уйтгар гуниг, сэтгэл гутрал хоёрыг нэг зүйл гэж ойлгодог ч эдгээр нь хоорондоо ялгаатай ойлголтууд юм. Байгалийн гамшигт нэрвэгдэх, ажлаасаа халагдах, өрөнд орох зэрэг таагүй үйл явдал тохиолдоход тухайн нөхцөл байдлыг даван туулах маш хэцүү байдаг.

Гэвч тэрхүү шаналал, хямрал, уйтгар гуниг зөвхөн хэсэг хугацаанд үргэлжилж буй хэвийн сэтгэл хөдлөл юм. Ийм нөхцөл байдалд орсон хүн өөрийгөө сэтгэл гутралд орсон гэж тодорхойлж болзошгүй. Хайртай хүнээсээ болж сэтгэл санаагаар унасан тохиолдолд зөвхөн түүний талаарх эерэг дурсамжууд бодогдож, хэсэг хугацааг уйтгарлаж өнгөрүүлдэг.

Харин сэтгэл гутрал хоёр долоо хоног болон түүнээс дээш хугацааны турш үргэлжилдэг ба энэ хугацаанд сэтгэл хөдлөлгүй болж, бусад зүйлээс аз жаргал, таашаал мэдрэхээ больдог. Мөн хүн уйтгар гунигтай байсан ч өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алддаггүй бол сэтгэл гутралд орсон хүн өөрийгөө үнэ цэнгүй гэж бодон, буруутгаж, үзэн ядах сэдэл төрдөг байна.

Цаашлаад сэтгэл гутралаа даван туулж чадаагүйн улмаас амиа хорлож болзошгүй байдалд хүрдэг. Тиймээс хэрэв өөрт тань сэтгэл гутралд орсон юм шиг санагдаж байвал “Одоо миний мэдэрч буй уйтгар гуниг түр зуурынх уу эсвэл удаан хугацаанд үргэлжилж байна уу” гэдгийг сайтар анзаараарай.

СЭТГЭЛ ГУТРАЛД НӨЛӨӨЛДӨГ ХҮЧИН ЗҮЙЛС БУЮУ СЭТГЭЛ ГУТРАЛЫН ШАЛТГААН

Сэтгэл гутрал үүсгэж буй хүчин зүйлс хүн бүрд харилцан адилгүй байдаг боловч дараах нийтлэг зүйлс түгээмэл ажиглагддаг байна.

1. ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ

Гэр бүлийн таагүй уур амьсгал сэтгэл гутралд хүчтэй нөлөөлдөг. Уйтгар гунигтай байх шалтгаан нь хамгийн ойр дотнын хэн нэгэн байж болно гэсэн үг юм. Тухайлбал, гэр бүлээс хичээлээ хийхийг цаг үргэлж шаардах, ихээр хүчлэх нь өсвөр насныхны сэтгэл гутралын шалтгаан болдог.

2. БАГА НАСНЫ ДУРСАМЖ

Сэтгэл санаа таагүй болох үед бага насны таагүй дурсамж дахин бодогдож, сэтгэл гутрал үүсэх шалтгаан болдог. Ямарваа нэгэн зүйлээс болж айж, сандрах, эмээх үед бага насны таагүй дурсамж стрессийг даамжруулж, тухайн нөхцөл байдалд бие махбод сөрөг хариу урвал үзүүлж эхэлдэг байна.

3. ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Удаан хугацааны турш сэтгэл санаа таагүй байх үед хүмүүсийн тархины ихэнх хэсэгт идэвхгүй байдал давамгайлж эхэлдэг. Үйл ажиллагааг хянах үүрэгтэй тархины бор гадаргын урд хэсэгт идэвхгүй байдал давамгайлснаар хүн сэтгэл гутралд өртөх эрсэл нь өндөр байдаг.

4. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ

Архаг хууч өвчин, нойргүйдэл болон удаан хугацаанд үргэлжилж буй бие махбодын өвчлөл зэрэг нь сэтгэл гутралын бас нэгэн шалтгаан болдог.

5. МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭ

Мансууруулах бодис, согтууруулах ундаанд донтсон хүмүүсийн 21 хувь нь сэтгэл гутралд ордог байна. Мөн эдгээр хүчин зүйлээс гадна дараах түгээмэл эрсдэлт хүчин зүйлсийг сэтгэл гутрал үүсгэдэг хэмээн үзжээ. Үүнд:

- Гормоны өөрчлөлт

- Эм бэлдмэлийн гаж нөлөө

- Стресстэй үйл явдлууд

- Санхүүгийн асуудал

- Дотнын хүнээ алдах

- Өөртөө байнга шүүмжлэлтэй хандах зэрэг.

Бид дараагийн дугаарт сэтгэл гутралын үед илрэх шинж тэмдгүүд болон тэдгээрийг хэрхэн таних тухай мэдээллийг хүргэх болно.

Зөвлөх багш: МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Н.Должин

Эх сурвалж: Healthline, Psychiatry, Mayoclinic

#Эрүүл мэнд #Сэтгэлзүй #Сэтгэл гутрал