BTS хамгийн үнэнч шүтэн бишрэгчтэй хамтлагаар шалгарчээ


А.Номин | YOLO.MN
2023-07-03

  • BTS хамтлагийн Америк дахь фенүүд тэдний тоглолтыг үзэхийн тулд дунджаар 500 доллар зарцуулахад бэлэн байна
  • Тус хамтлаг өөрсдийн түүхийг харуулах номоо энэ сарын 9-нд гаргана

Аялал жуулчлалын Upgraded Points компаниас алдартай хамтлаг, дуучдын АНУ дахь шүтэн бишрэгчид хэр үнэнч болохыг тодруулах судалгаа явуулжээ. Үр дүнд БНСУ-ын BTS хамтлагийн фенүүд нэгдүгээр байранд бичигдсэн байна.

3192 Америк иргэнээс дуртай дуучин, хамтлагийнхаа тоглолтыг үзэхийн тулд хэр хол явж, хэр хэмжээний мөнгө зарцуулж чадахыг асуусан. Үр дүнг нийт 100 онооноос тооцсон ба BTS хамтлагийн фенүүд 88 оноо авч тэргүүлсэн байна. Дуучин Майкл Жексоны фенүүд 77, Элтон Жоных 66 оноогоор удаах байруудыг эзэлжээ.

Судалгааны үр дүнгээр BTS-ийн шүтэн бишрэгчид хамтлагийнхаа тоглолтыг үзэхийн тулд дунджаар 500 доллар зарцуулахад бэлэн аж. Леди Гагагийн шүтэн бишрэгчид 405, Харри Стайлсынх 356 доллар төлнө гэсэн үзүүлэлт гарсан байна.

BTS саяхан 10 жилийнхээ ойн тоглолтыг Сөүл хотод зохион байгуулахад 400 мянга орчим шүтэн бишрэгч хүрэлцэн ирсэн. Грэммигийн шагналд нэр дэвшиж байсан тус хамтлаг өөрсдийн түүхийг харуулах "Beyond the Story: 10-year Record of BTS" номоо энэ сарын 9-нд гаргах юм.

Эх сурвалж: The Korea Times

#Мэдээ