“Friends” цувралын цоо шинэ анги тун удахгүй...


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-02-22

Дэлхий даяар алдар нэрээ цуурайтуулсан, одоо ч сая сая хүмүүсийн шимтэн үзэх дуртай цуврал бол "Friends". Цувралын нэгдүгээр анги нь анх 1994 онд цацагдсанаас хойш 10 жилийн турш буюу 2004 он хүртэл нийт 236 анги бүхий 10 улирал нь олны хүртээл болсон билээ. 

Энэ цагаас хойш бид "Friends" цувралын жүжигчдийг дахин нэг удаа ч болов хамтад нь харахыг хүссээр ирсэн. Уг цувралын жүжигчид ч бидний хүслийг сонссон мэт саяхнаас ойр ойрхон уулзалдацгааж Инстаграм хуудсаа нээж бидэнд бэлэг бариад буй. 

Харин тэд хамгийн том бэлгээ өнөөдөр зарлалаа. Гол дүрийг зургаан жүжигчид бүгд "It's happening" гэх тайлбартайгаар дараах зургийг Инстаграм хуудсандаа нийтэлсэн юм. Энэ нь уг цувралын тусгай анги буюу "Friends Special" гарна гэдгийг илэрхийлж байгаа билээ. 

Энэхүү ангийг "Friends" цувралын үндсэн найруулагчид болох Kevin Bright, Marta Kauffman, David Crane нар найруулах бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй тул кино багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цоо шинэ ангиар эргэн ирж байгаа ажээ. 

Сонирхуулан хэлэхэд гол дүрийн зургаан жүжигчид маань тус тус 2.5 сая ам.доллараар /Монгол мөнгөөр 6.9 тэрбум төгрөгөөр/ уг ангид дүр бүтээхээр болсон байна. "Friends Special" энэ тавдугаар сард "HBO Max" сувгаар гарах аж. 

Эх сурвалж: Cosmopolitan

#Friends #Цуврал #Кино