Францын ӨСВӨР ҮЕИЙНХЭН ЧӨЛӨӨТ ЦАГАА ингэж өнгөрүүлдэг


Заяц | YOLO.MN
2016-12-26

Та нар магадгүй дэлхийн өөр хаа нэгтээ өөртэй чинь чацуу хүүхдүүд хэрхэн сурдаг,  сургууль нь ямар байдаг бол, гэрийн даалгавар өгдөг болов уу, хэр их чөлөөт цагтай байдаг бол гэж бодож үзэж л байсан байх.

Тэгвэл та  бүхэндээ бусад орны хүүхдүүд цагийг хэрхэн өнгөрүүлдэг талаар цувралаар хүргэх гэж байна. Энэ удаад та бүхэндээ Европын холбооны улс болох Франц улсын өсвөр насныхан хэрхэн өдрийг өнгөрүүлдэг талаар сонирхолтой нийтлэлийг хүргэе.

Францын боловсролын систем нь цэцэрлэгт 3-6 нас, бага анги нь 6-11 нас, дунд анги буюу коллеж 11-15 нас, ахлах анги буюу лицейд 15-18 нас хүртэлх хүүхдүүд суралцана. Ангиуд манайх шиг өгсөх биш уруудах журмаар явдаг. Тэгэхээр чи 1-р ангид сурдаг гэвэл лицейн төгсөх анги гэсэн үг юм.  

Франц хүүхдүүд 14-15 насандаа коллежоо төгсөж ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохоо шийддэг. Ингээд коллежийн төгсөх анги буюу 3-р ангидаа ямар лицейд орохоо шийднэ. 4-5 төрлийн лицей байдаг. Жишээ нь чи ирээдүйд их сургуульд орж дээд боловсролтой болно гэвэл Ерөнхий лицей болон Технологийн лицейд элсэн орно. Энд гурван жил сурч төгсөөд төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн тохиолдолд их сургуульд ордог.

Дээд сургуульд сурах бодолгүй байгаа бол Мэргэжил эзэмшүүлэх лицейд орж болно. Энд гурван жил сурч төгсөөд шууд үйлдвэр үйлчилгээний салбарт ажиллах боломжтой болдог юм. Ер нь бол Франц улсад 6-16 насны хүүхдүүдийг заавал сургуульд сургах хуультай. Харин 16 наснаас хойш хүүхэд цаашид сурах эсэхээ өөрөө шийднэ. Сонин байгаа биз.

ТЭД СУРГУУЛЬДАА ХЭРХЭН ХҮРДЭГ ВЭ?

За ингээд ахлах сургууль буюу лицейд сурч буй хүүхдийн өдөр хэрхэн өнгөрдөг талаар өгүүлье. Хичээл долоо хоногийн 5 эсвэл 6 өдөр орно. Зарим сургууль хагассайнд мөн хичээллэдэг. Лхагва гарагт цэцэрлэг, бага анги, коллежийнхэн амардаг бол лицейд сурч байгаа хүүхдүүдийн хичээл өдөр хэдхэн цагийн завсарлага л авдаг байна. Хичээл өглөө 8 цагаас эхэлж орой 18 цагт тарна.  Ихэнх хүүхдүүд гэртэйгээ ойр сургуульд сурдаг учраас сургууль руугаа нэг бол алхаж эсвэл дугуй унаж явдаг. Том хотод сурдаг хүүхдүүд метрогоор сургуульдаа хүрнэ. Ерөнхийдөө гэрээсээ сургууль хүртэл 30 минутаас хэтрэхгүй хугацаа зарцуулахыг хичээдэг, мөн дээрээс нь хүүхэд сургууль дээрээ өдрийнхөө ихэнх цагийг өнгөрүүлдэг учраас хүүхдийг замд олон цаг зарцуулахыг таашааж үздэггүй.

Нэг хичээл 60 минут үргэлжилдэг. Багш хичээлээ их дээд сургуультай адил лекц маягаар орно. Зураг, график зэрэг олон нэмэлт материал ашигладаг. Ингээд хүүхдүүд ойлгосноо өөрсдөө бичиж тэмдэглэдэг. Хичээл хооронд 5 минутын завсарлага авах ч энэ цаг нь нэг ангиас нөгөө анги руу шилжихэд зарцуулагдана. Ингээд үдийн 12-14 цагийн хооронд үдийн хоолны завсарлагаан авдаг. Зарим сургуульд 12-13 цагийн хооронд, заримд нь 13-14 цагийн хооронд их завсарлага болдог.

Ихэнх сургуулиуд дотроо хоолны газартай байдаг ба 1, 2-р хоол, дессерт болон бяслаг өгдөг байна. Харин хоолны газаргүй эсвэл хоолны газарт хооллох мөнгө тушаагаагүй хүүхдүүд гэрээсээ хоол авчирч эсвэл ойр хавийн цайны газруудаас хөнгөн зууш авч иддэг байна.

ТЭДНИЙ ХИЧЭЭЛИЙН ЦАГ ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өдөрт 3-5 хичээл орно. Зарим хичээл дарааллаж хоёр цаг орох нь бий. Францын боловсролын тогтолцоонд сурагчдын хичээлийн дүнг 20 баллаар үнэлдэг. Жишээ нь онц сурлагатнууд 13-16 оноо, бүр “толгойтой, гавал” нэг нь 17-18 оноо авдаг аж. Маш ховор тохиолдолд 19 оноо авах ба 20 бол үнэхээр төгс гэж тооцогдсон цагт л авах оноо юм.  Төгсөлтийн шалгалтан дээр 10 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ, харин 8-10 авсан бол амаар дахин шалгалт өгнө. Аман шалгалтаа өгч чадахгүй бол улирдаг байна. Ер нь Францад анги улирах явдал элбэг тохиолддог. Францчууд “гавал” хүүхдүүдээ дэмжихээс илүү хөдөлмөрч хүүхдүүдийг сайшаадаг аж. Энэ ч манайд хэрэгжмээр шинэлэг санаа байна шүү.

Францын сургуулиуд хүүхдүүдэд зориулсан тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом зэргийг зохион байгуулах нь цөөн. Учир нь хэн нь лаг, хэн нь дорой вэ гэдгийг тодорхойлж хүүхдүүдийг өрсөлдүүлэхээс зайлсхийдэг. Эдгээрийг ихэнхдээ сургуулиас гадуур бусад байгууллагууд зохион байгуулдаг аж.

ХИЧЭЭЛ БА ШАЛГАЛТ

Тэд 4-р ангиасаа шинээр үзэх ёстой гадаад хэлээ сонгоно. Мөн 6-р ангидаа англи, герман, испани зэрэг хэлнүүдээс нэгийг нь сонгож нэмэлтээр үздэг. Үүнд дээрх гурван хэлээс гадна орос, итали хэл нэмэгдэж болдог байна. Лицейд ороод гурав дахь хэлээ ч сонгож болдог гэнэ. Нэгдүгээр ангидаа сурагч уран зохиол, шинжлэх ухаан, эдийн засаг зэрэг ерөнхий мэргэшлээ сонгох ёстой аж.

Терминал буюу 1-р ангидаа төгсөх шалгалт өгөх учраас хүүхдүүд маш завгүй хичээллэдэг. Тус бүрнээ ном худалдан авч оройдоо тэрийгээ чээжилнэ. Төгсөх шалгалт нь бүх үзсэн хичээлүүдийн мэдлэгийг шалгана. Шалгалт 3,5-аас 4 цаг үргэлжилж, амаар, бичгээр гэж авна. Шалгалтдаа тэнцсэн сурагч шууд их дээд сургуульд орох боломжтой болох юм.

Оюутнуудын хувьд хичээл нь долоо хоногийн бүх өдөр орно гэж бараг л байхгүй учир нь цаг зав их гардаг байна. Тиймээс зарим нь сурахынхаа хажуугаар ажил хийж, дуртай зүйлдээ цаг зарцуулдаг аж.

ТЭД ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Франц хүүхдүүд ихэнх  нь ямар нэг хөгжмийн зэмсэг тоглож сурсан байх ба давхар ямар нэг спортын төрлөөр хичээллэдэг байна. Орой хичээлээ тараад эсвэл амралтын өдрөө хөгжмийн болон спортын дугуйландаа явна.

Лицейд сурч байгаа сурагчдын хувьд гэрийн даалгавар ихтэй учраас хичээлээ тараад номын санд сууж гэрийн даалгавраа хийж төгсөх шалгалтандаа бэлддэг. Ер нь франц хүүхдүүд биеэ даасан байдаг учраас өөрсдөө дор дороо шалгалтандаа бэлдэнэ. Уншсан номынхоо тэмдэглэлийг хөтөлж, зохиолч ямар дүрэм ашигласан, зохиолчийн өөрийнх нь тухай бүх зүйлийг нарийн судалж тэмдэглэдэг жишээний.

Сурагчид хариуцлагаа маш сайн ухамсарласан байдаг тул өөрсдөө нэмж, хувиараа биеэ даан их юм хийдэг. Тэд хувь хүний орон зай, эрх чөлөө зэргийг маш их чухалчилдаг. Тиймдээ ч өөрт нь хамааралгүй бол элдвийн асуудалд оролцдоггүй. Мөн түүнчлэн бүх зүйлийг урьдаас төлөвлөж, цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх зэргээ маш сайн тооцдог учраас ийм шахуу хуваарийнхаа хажуугаар найз нөхөдтэйгээ уулзах, тоглолт кино зэрэг үзэх цаг зав гаргаж чаддаг байна.

Хичээл дээр үзсэн зүйлээ яг нүдээр харж үзэх боломжтой л бол ангиараа үйлдвэр, музей, төрийн байгууллагууд зэрэг газрууд руу очиж үзнэ. Мөн Герман хэл судалж байгаа хүүхдүүд Герман улсад очиж амрах зэрэг олон хөтөлбөрүүдтэй. Энэ нь мэдээж хувиараа өөр улс орон руу аялахаас хамаагүй хямд тусахаар шийдэгдсэн байдаг. 

Францад хичээлийн шинэ жил 9 сараас эхлэх ба Зул сар, Улаан өндөгний баяр зэргээр 2-3 долоо хоног амардаг байна. Харин зуны амралт долдугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Олон хоногийн амралтаар нь ихэнх томчууд хүүхдүүдээ дагуулан аялдаг.

 

#world #teenagers #freetime #France