Монголын STE баг гурав дахь удаа PUBG Mobile-ын Өмнөд Азийн аварга боллоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-05-29

Монголын Stalwart Esports (STE) баг PUBG Mobile-ын Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаа түрүүллээ.

PUBG Mobile-ын мэргэжлийн лигийн хаврын улирлын Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Pro League - South Asia Championship Spring 2023" хагас сар үргэлжилж өндөрлөлөө.

Монгол, Бангладеш, Пакистан, Балба улсуудын багуудаас шигшигдэн 16 нь үлдсэн лигийн финалын шатанд Монголын таван баг өрсөлдсөнөөс 2022 оны намар, хаврын тэмцээний аварга STE дахин түрүүлэв.

Тэд нийт 20 тоглолтоос 259 оноо авч арын багаасаа 40 оноо илүү түрүүлсэн бол мөн Монголын "4Merical Vibes" баг 209 оноотой удаалсан.

Тэмцээний шилдэг тоглогчоор STE багийн TOP буюу Алтангэрэлийн Бүрэнбаяр тодорч 1000 ам.долларын шагналыг хүртэв. Түүний баг нэгдүгээр байрын шагнал 26 мянган ам.доллар болон PUBG Mobile-ын зуны дэлхийн аварга буюу "PUBG Mobile World Invitational 2023" хэмээх 3 сая ам.долларын шагналын сантай тэмцээнд оролцох нэг эрхийг халаасаллаа.

IHC Esports багт байсан ICY буюу Батнасангийн Тэнгис, DE Warriors багийг амжилтад хөтөлсөн NIRZED нарын шинэ тоглогчдоор хүч нэмсэн Stalwart Esports дэлхийн тавцант дахин нэг удаа Монгол Улсыг төлөөлнө.

#Мэдээ