Д.Лхамсүрэн: Хүн үзэл бодлоо илэрхийлэх, өөрийгөө хамгаалах ЗОРИГТОЙ БАЙХ хэрэгтэй


Сондор | YOLO.MN
2017-11-28

YOLO.mn сайт болон “Нээлттэй Нийгэм Форум” байгууллага хамтран “Үе тэнгийн дээрэлхэлт ба гадуурхалт”-ын талаарх сэдвийг хөндөж байгаа билээ. Тиймээс энэхүү асуудал хэрхэн үүсдэг болон эцэг эх багш үүнд хэрхэн хандвал зохих талаар Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

YOLO: Багш хүүхдийг бусад сурагчдын дэргэд загнаж гоочлох нь үе тэнгийн хүчирхийлэл үүсэх бас нэгэн  шалтгаан болдог уу?
Үүнийг тайлбарлахад хүчирхийлэл гэдэг үгнээс эхлэх хэрэгтэй байх. Учир нь хүчирхийлэл гэдгийг ихэнх хүн үндсэн агуулгаас нь арай өөрөөр ойлгоод байдаг. Хэн нэгэн нөгөөгийнхөө бие махбодид нь халдсан, зодсон зодуулсан, цус гаргасан, хөхөрсөн, хүнд гэмтэл учруулсан л бол хүчирхийлэл гэж ойлгодог. Гэтэл хүнийг “тэнэг мангар, чи чадваргүй, чи муу сурлагатан” гэж хэлэх нь хүчирхийллийн нэг хэлбэр байдаг ч үүнтэй санал нийлэхгүй хүмүүс ч байдаг. Өөрөөр хэлбэл нийгэм хүлээн зөвшөөрддөг ба үл хүлээн зөвшөөрөгддөг гэсэн хүчирхийллийн хэлбэрүүд байдаг.

Хүний эрхийн судлаачид, тэмцэгчид энэ талаар ярьдаг ч гэсэн бодит байдал дээр энэ асуудалд “байдаг л зүйл” гэсэн далд хандлага яваад байгаа нь хүчирхийлэл үүсэх суурийг тавиад байдаг. Тэдгээрийн нэг нь багш хүүхдэд үзүүлэх хүчирхийллийн нэг хэлбэр байдаг. Зарим багш сурагчаа дүрэмт хувцас өмсөөгүй бол, хэн нэгэнтэй хамт суумааргүй байна гэж хэлэхэд, эсвэл даалгавраа хийгээгүй ирэхэд нь гээд олон шалтгаанаас болж загнадаг. Гэхдээ энэ хүүхэд “яагаад ингэв” гэдэг учир шалтгааныг мэдэхийг хүсдэггүй.

Эмэгтэй сурагч ангийнх нь хэн нэгэн өдөөд байхад “Багш аа, энэ намайг ингээд байна” гэж хандахад нь хүртэл “Хүн ховлоллоо” гэж загнан хүлээж авах нь хүртэл буруу юм. Нөгөө талаар багш хүн мэдээж гэрийн эзэгтэй (эзэн), эх хүн зарим нь магадгүй өрх толгойлсон учир тодорхой хэмжээнд стрессдэх нь цөөнгүй. Гэхдээ тухайн стрессээ сургууль, анги танхимдаа аваачин гаргах тохиолдол их байдаг. Тиймээс багшаас авах ёстой хүүхдүүдийн суурь боловсрол, үлгэр жишээ байдал, хүмүүжлийн арга барил доголдоход хүрдэг. Нөгөө талаар нэг багшид ногдох хүүхдийн тоо ч сүүлийн жилүүдэд ихэссэнтэй холбоотой байх. Гэсэн ч багш хүн сургуулийн хаалгаар орсон л бол “багш хүн” гэдгээ хэзээ ч мартах ёсгүй юм.

YOLO: Өсвөр насны хүүхэд залуусаас санал асуулга авахад “Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт харьцангуй багассан” гэх хариултыг өгч байсан. Гэхдээ энэ нь багассан гэж харагдаж байгаа боловч цахим хэлбэрт шилжсэн мэт санагддаг. Энэ тал дээрх таны бодол?
Энд нэг жишээ дурдахад хэсэг бүлэг найз охид нэгнийхээ гэрт очин хамтдаа хоноцгоосон. Бие биенийхээ хувцсыг сольж байх үеийн зургийг гар утсаараа авцгаасан. Гэхдээ эхэндээ сайн найзууд байсан боловч тэдний дунд хагарал үүсэж бие биедээ дургүй болсон.

Тэгтэл утсан дээр хадгалагдаж үлдсэн өнөөх зургийг нөгөө найз нь ашиглаж “Миний тэр хүслийг биелүүлэхгүй бол, мөнгө өгөхгүй бол олон нийтийн сүлжээнд постоллоо” хэмээн дарамталж эхэлсэн. Тэгэхээр үүн дээрээс юу харагдаж байна гэхээр хүүхэд залуус сошиал орчинд юу хүссэнээ хийж болно гэх бодлыг төрүүлээд байгаа юм. Тухайн нийгмийн шинэ соёл, трендийг бид ашиглаж болно, гэхдээ ямар зорилгоор үүнийг ашиглах боломжтой болон гарах үр дүнг нь заавал мэддэг байх хэрэгтэй. Хүүхэд залууст харин энэ талаарх ойлголт хомс байна, тиймээс аль нь зөв аль нь буруу гэдгийг ялгаж салгаж чадахгүй асуудалд хөнгөн хандаж байгаатай л холбоотой юм.

Хоёрдугаарт, тэр хүүхэд хэн нэгнийг дарамтлах “ингэвэл ингэнэ, чи тэгвэл би ингэнэ” гэсэн хандлага нь өөрөө ч мөн тийм байдалд орж байсан гэдгийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, ээж аавууд ч мөн “Чи даалгавраа хийвэл, гэрээ цэвэрлэвэл тийм юм өгнө шүү” гэж хариу хүссэн зүйл нэхдэг. Энэ нь эргээд хүүхдийн харилцааны хүмүүжилд нөлөөлж энэ мэт үйлдлийг гарахад нөлөөлдгийг үгүйсгэхгүй.

Хэн нэгэн хүчирхийлэл үйлдэж, нөгөө нь хохирч байгаа нөхцөлд хөндлөнгөөс хараад зогсох бус, дууссаны дараагаар хохирогч дээр очин “Зүгээр үү” гэж асуух бус тэрхүү үйл явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Зүгээр хараад зогсоно гэдэг нь чи хүчирхийллийг дэмжиж байгаагаас өөрцгүй юм.

YOLO: Үе тэнгийн гадуурхалтад өртөж байгаа хүүхэд залуус мэдээж сэтгэлийн дарамтад өртдөг шүү дээ. Тэд тэгвэл тухайн асуудалд хэрхэн хандах ёстой байдаг юм бол?
Би энд дахиад л эцэг эхчүүдийн талаар ярина. Учир нь хүүхдийн бие хүн болж төлөвших, харилцааны чадварыг нь суулгах газар бол гэр бүл шүү дээ. Хамгийн чухал нэг зүйл нь эцэг эчхүүд хүүхдэдээ нэгдүгээрт “Үгүй” гэдэг үгийг хэлж сургах, хоёрдугаарт өөрийгөө хамгаалахыг заах ёстой. Гэхдээ өөрийгөө хамгаална гээд хэн нэгний өөдөөс гар далайхыг хэлээгүй, харин өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг, таалагдахгүй байгаа зүйлээ шууд хэлэхийг хэлж байгаа юм. Хүчирхийлэл хэзээ зогсдог вэ? Хажуу айлын хүн хаалга тогшиход. Яг түүнтэй адил, хүүхэд өөрийнхөө эрхийн төлөө “Үгүй” гэж хэлж сурах, өөрийгөө хамгаалах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах хэрэгтэй. Гадуурхдаг, нэгнээ дээрэлхдэг хүүхдийн өөдөөс зоригтойгоор “Үгүй, боль” гэх үгийг хэлээд байхаар тэд дахин хүчирхийлэл үйлдэхээ больдог. Мөн өөрийгөө хамгаал гэдэг нь тухайн хүнд ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөл ирсэн тохиолдолд “Яагаад ингээд байгаа юм бэ, ингэж болохгүй” гэж хэлэх, өөрийгөө хамгаалах зоригтой байх хэрэгтэй.

Эх сурвалж: "Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь" нотлох баримтын тойм

Мөн хэн нэгэн хүчирхийлэл үйлдэж, нөгөө нь хохирч байгаа нөхцөлд хөндлөнгөөс хараад зогсох бус, дууссаны дараагаар хохирогч дээр очин “Зүгээр үү” гэж асуух бус тэрхүү үйл явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Зүгээр хараад зогсоно гэдэг нь чи хүчирхийллийг дэмжиж байгаагаас өөрцгүй юм. Дээр өгүүлсэн зүйлс байхгүй учраас тэрхүү хүчирхийлэл нь энгийн үзэгдэл мэт харагдах болсон.

Хүүхэд эцэг эх, багшдаа хэлж болох ч хэн нэгний дарамт, үе тэнгийн гадуурхалтад байна уу гэдгийг тэд эхэлж анзаарах нь маш чухал. Хэлэхийг нь хүлээхээс илүүтэй анзаарахыг хичээх хэрэгтэй юм. Хүүхэд хамгийн их итгэдэг хүндээ хэлдэг. Хамгийн их итгэдэг хүн нь хэн бэ? Найзууд... түүний дараагаар найзынхаа найзад итгэдэг. Итгэдэг хүний тоонд эцэг эх орох нь цөөн. Хэрэв энэ талаар эцэг эхдээ хэлвэл “Сүртэй шдээ эсвэл эргүүлээд цохиод ав” бүр зарим нь “Сургууль дээр чинь очиж байгаад тэр хүүхдийг зодоод өгье” гээд өс хонзон тээн ханцуй шамлан очиж хүүхдээ улам л эвгүй байдалд оруулдаг.

YOLO: Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтын гол үндэс нь юу байдаг болон үүний хамгийн сөрөг үр дагавар юу вэ?
Хүчирхийлэл үйлдэж байгаа хүн багадаа мөн хүчирхийлэлд өртдөг байсан гэдэг шүү дээ. Гэхдээ энэ нь нөгөө талаараа асуудлыг шийдэх арга замыг л багаас нь суулгасан байдагтай холбоотой. Нэг үгээр ямар нэгэн алдаа хийвэл зоддог, буруу хэрэг хийвэл зодож асуудлыг шийддэг гэх ухамсрыг л багаас суулгасан байдаг юм. Асуудлыг шийдэх зөв хувилбарыг сонгож байж л хүүхдэд тэр нь төлөвшинө шүү дээ.

Үе тэнгийн гадуурхалт, дээрэлхэлтийн талаар ярихаар сурагч хөвгүүдийн зодоон санаанд орох байх л даа. Гэхдээ одоо бол эдгээр нь маш олон хэлбэртэй, охид хөвгүүдийнх ч гэж ялгагдахгүй болсон. Гарах сөрөг үр дагавар нь мэдээж маш олон. Тэр дундаа, зодолдож байгаа хүүхдүүдийн бичлэгийг цахим ерөнцөд тараах тохиолдол цөөнгүй гардаг шүү дээ. Энэ нь тэр хүүхдүүд тухайн үедээ асуудлыг шийдэх зөв хувилбарыг олж чадаагүй, уур бухимдал нь дээд цэгтээ тулсан байгааг илтгэх ч тэд насаараа тийм зан араншинтай, хандлагатай байхгүй нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл өсч том болно, асуудлыг арай өөрөөр шийддэг болно. Гэтэл олон нийтийн сүлжээнд тавигдсан тухайн бичлэгээс болж насан туршдаа “Нөгөө зодолддог охин, хөвгүүн” гэсэн хоч салахгүй байхыг үгүйсгэхгүй.

Үе тэнгийн хүчирхийллийн шинж чанар нь нэг л өдөр болоод өнгөрчихдөг зүйл огт биш, тодорхой давтамжтай, урт хугацааны турш үргэлжлэх хандлагатай байдаг. Дээрэлхэж дарамтлах, нэр хоч өгөх, таагүй зүйл хэлэх нь хүртэл насан туршид нь дагалдаж, тэр хүнд муугаар нөлөөлж болно. Дээд ангийнхан нь доод ангийнхнаа зоддог гэсэн уламжлал аятай энэ зүйлийг эцэг эх, сургуулийн захиргаа, багш нийгмийн ажилтнууд л тэдэнд болохгүй гэдгийг ойлгуулж ухааруулах хэрэгтэй юм.

Нийгэмд тэр дундаа сургуулийн орчинд үе тэнгийн хүчирхийллийг ор мөргүй байхгүй болгож чадахгүй ч багасгая гэвэл гэр бүл, эцэг эхийн харилцаа л чухал нөлөөтэй. Манайхан нэг зүйлд их буруу ойлголттой байдаг. Хүүхэд стресстдэггүй гэж боддог. Угтаа бол хүүхэд ч гэсэн хүн шүү дээ, тэд томчуудтай адилхан л сэтгэл зүрх, оюун бодолтой учир сресстдэг. Тэд заримдаа томчуудаа илүү их бухимдаж, түүнийгээ дотроо нуудаг. Тэр бухимдлаа гэртээ гаргахгүй бол гаргах газар нь мэдээж сургуулийн орчин болж байгаа юм. Тиймээс эцэг эх, багш нар хүүхэдтэйгээ асуудлыг нь сайтар ярилцаж, ойр дотно байхаас гадна ухаалаг зөв зөвлөгөөг өгөх хэрэгтэй юм.

YOLO: Ярилцлсанд баярлалаа.

#YOLO #ННФ #Teenagers #School