4862 хүүхэд Монгол хэл бичгийн шалгалтад ТЭНЦЭЭГҮЙ


Сондор | YOLO.MN
2023-05-17

2014 оноос эхлэн Засгийн Газрын тогтоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах шалгуулагчдаас Монгол хэл бичгийн шалгалт авах болсон.  “Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын түвшнийг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулах” зорилготой юм.
Энэ шалгалтаар

Уншиж ойлгох чадвар
Зөв бичих дүрмийн хэрэглээний чадвар
Үндэсний бичгээр унших чадвар
Эх зохион найруулах буюу илэрхийлэх чадварыг сорьсон задгай хэлбэрийн даалгавраар шалгуулагчийн бодит чадварыг үнэлдэг.
Шалгалтын босго оноог Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 400 байхаар тогтоосон.

2023-2024 оны хичээлийн жилийн Монгол хэл бичгийн шалгалтыг 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.  Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтын гүйцэтгэлийн улсын дундаж 34 оноо буюу 68 хувьтай байлаа. Энэ нь өмнөх онуудын дунджаас өссөн үзүүлэлт юм.

Монгол хэл бичгийн шалгалтад 30879 шалгуулагч оролцож, 26017 нь тэнцсэн бол 4862 шалгуулагч тэнцээгүй юм. Тэнцээгүй суралцагчдын тухайд энэ оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах 2 дахь шатны шалгалтад хамрагдах боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд заасны дагуу Монгол хэл бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагчид 6 дугаар сард зохион байгуулах Элсэлтийн ерөнхий шалгалтад сонгосон хичээлүүдээрээ хамрагдах боломжтой.

Эх сурвалж: БШУЯ

#Мэдээ