IU эрүүл мэндийн шалтгаанаар тоглолтоо цуцалж, шинэ цомгийн нээлтээ хойшлууллаа


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин IU (Lee Ji-eun) удаан хугацаанд шаналж буй чихний өвчин нь сэдэрсний улмаас энэ оны есдүгээр сард хийхээр төлөвлөсөн бие даасан тоглолтоо цуцалж, удаан хүлээлгэсэн зургаа дахь бүрэн хэмжээний цомгийнхоо нээлтийг мөн тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Эрүүл мэндийг уран бүтээлээсээ дээгүүр тавих шийдвэр

IU-ийн агентлаг EDAM Entertainment-ийн мэдээлснээр эмч нарын үзлэгээр түүний одоогийн биеийн байдал тайзан дээр тоглолт хийхэд тохиромжгүй гэж дүгнэжээ.

Агентлагийн мэдэгдэл:

"IU-ийн чихний одоогийн байдал тоглолтоо хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэл учруулж байгаа тул бид уран бүтээлчийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, есдүгээр сард болох Гоянг цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолт болон зургаа дахь бүрэн хэмжээний цомгийн хуваарийг өөрчлөхөөр шийдсэн."

"Өдөр, шөнөгүй үргэлжилдэг болсон"

IU өөрийн фенүүдтэй харилцдаг Berriz платформд сэтгэл хөдөлгөм захидал нийтэлж, олон жилийн турш хамт явсан өвчин нь сүүлийн үед эрс даамжирсныг илэн далангүй хуваалцсан байна.

Тэрээр:

"Олон жилийн турш хамт байсан евстахийн гуурс нээлттэй байх хамшинж маань сүүлийн үед улам дордож байна. Урьд нь шинж тэмдэг нь сайжирч, муудах үе ээлжилдэг байсан бол одоо хэдэн өдрөөрөө өдөр, шөнөгүй үргэлжилж, дуулах үед биеийн байдал хэвийн хэмжээнд хүрэхгүй байх тохиолдол давтагдсаар байна."

Мөн тэрээр өнгөрсөн хэдэн жилийн турш ажилдаа хэт төвлөрч, эрүүл мэнддээ хангалттай анхаарал хандуулж чадаагүй байж магадгүй хэмээн өөрийгөө буруутгасан байна.

Евстахийн гуурс нээлттэй байх хамшинж гэж юу вэ?

IU-ийн өвчин болох Patulous Eustachian Tube (PET) буюу евстахийн гуурс нээлттэй байх хамшинж нь чихийг хамар, залгиуртай холбодог нарийн гуурс хэвийн үед хаалттай байх ёстой ч үргэлж нээлттэй хэвээр байх эмгэг юм.

Үүний улмаас өөрийн хоолой хэт чангаар сонсогдох, амьсгалын чимээ чихэнд хүчтэй сонсогдох, чих битүүрсэн мэт мэдрэмж төрөх, даралтын өөрчлөлтөөс болж сонсголын тав тух алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Энгийн хүмүүсийн хувьд энэ нь таагүй мэдрэмж төрүүлдэг бол дуучдын хувьд өөрийн хоолой, амьсгалын чимээ хэт хүчтэй сонсогдсоноор зөв өнгө, хэмнэлээ барихад хүндрэл учруулдаг. Тиймээс мэргэжлийн түвшний тоглолт хийхэд хамгийн хүндрэлтэй эмгэгүүдийн нэг гэж үздэг.

Цомог аль хэдийн бэлэн болсон ч...

Сонирхолтой нь IU зургаа дахь бүрэн хэмжээний цомгийнхоо бичлэгийг үндсэндээ дуусгаад байсан аж. Гэвч шинэ цомгийн сурталчилгаа нь томоохон тоглолт, аялан тоглолттой нягт холбоотой байсан учраас зөвхөн цомгоо гаргахын оронд бүх төлөвлөгөөг хамтад нь хойшлуулахаар шийджээ.

IU захидлынхаа төгсгөлд:

"Та бүхнийг удаан хүлээлгэхгүй байхыг хичээнэ. Эрүүл саруул эргэн ирж, шинэ цомог болон тоглолтоороо уулзах болно. Жаахан л хүлээгээрэй."

хэмээн фенүүддээ амласан байна.

Фенүүд нь "Эрүүл мэнд хамгийн чухал" хэмээн дэмжиж байна

IU-ийн мэдэгдлийн дараа дэлхийн өнцөг булан бүрийн фенүүд олон нийтийн сүлжээнд түүнийг эрүүл мэнддээ анхаарч, хангалттай амрахыг хүссэн мянга мянган зурвас нийтэлжээ. Олон фенүүд "цомгийг нь хүлээхэд бэлэн", "эрүүл саруул эргэн ирэх нь хамгийн чухал" хэмээн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд түүний илэн далангүй мэдэгдлийг уран бүтээлчийн хувьд зоригтой шийдвэр болсон гэж үнэлж байна.

#IU