ОКИ аппликейшн ӨНӨӨДӨР цахимаар нээлтээ хийнэ


Цэцээ | YOLO.MN
2020-06-29

Өсвөр насны охидод сарын тэмдгээ хянах, тэмдэглэл хөтлөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл авахад нь туслах зорилгоор бүтээсэн гар утасны ОКИ аппликейшний Монгол дахь цахим нээлт 2020 оны 6 дугаар сарын 29-ний 20:00 цагаас болно.

Тус аппликейшний нээлтийг КОВИД-19 цар тахлын улмаас ийнхүү цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сарын тэмдэг нь хэдийгээр бүх охид, эмэгтэйчүүдэд ирдэг, энгийн жам ёсны зүйл боловч дэлхийн олон улсад хамгийн хаалттай сэдвүүдийн нэг байсаар ирсэн билээ. Иймээс сарын тэмдгийн талаар мэдлэг мэдээлэл дутагдах, ичиж зовох, айж сандрах, хямрах явдал охидод элбэг тохиолддог. Харин ОКИ аппликейшн нь өсвөр насны охидод сарын тэмдгийн талаар үнэн зөв мэдээлэл олгох, буруу ташаа сөрөг ойлголтуудыг няцаах, сарын тэмдгээ хянахад нь туслах, сарын тэмдгээс болж ичиж зовох таагүй мэдрэмжүүдийг арилгах, өөртөө итгэлтэй болоход нь туслах зорилгоор бүтээгдсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс охидтой хамтран зохион бүтээсэн тус аппликейшнийг боловсруулахад Монгол, Индонез улсын 400 гаруй өсвөр насны охид хувь нэмрээ оруулж, тэдний санаа бодол, туршлага дээр тулгуурласан бөгөөд энэ нь тус аппликейшнийг охидын сонирхолд нийцсэн, тэдний өвөрмөц эрэлт хэрэгцээг хангасан сонирхолтой, өнгөлөг аппликейшн болгосон. Мөн өсвөр насны охидод зориулсан энэ төрлийн анхны аппликейшн гэдгээрээ онцлогтой. Олон улсад анхдагч энэхүү гар утасны аппликейшнийг Монгол охид монгол хэл дээр хэрэглэхээр болсныг тэмдэглэх нь зүйтэй.  

ОКИ аппликейшнийг бүтээх, Монголын өсвөр насныхны дунд нэвтрүүлэх, байнгын хэрэглээ болгох чиглэлээр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, WASH Action Монгол ТББ, Монгол контент компани зэрэг байгууллагууд цаашид ч хамтран ажиллана.

Эдгээр байгууллагуудын төлөөлөл зургаадугаар сарын 29-нд болох цахим нээлтэд оролцож, ОКИ аппликейшнийг хэрэглэгчдэд танилцуулах ба Монгол орны өнцөг булан бүрд амьдран суугаа ОКИ аппликейшний анхны хэрэглэгчдийн төлөөлөл болох Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн өсвөр насны охид, хөвгүүд сэтгэгдлээ хуваалцах аж. 

Цахим нээлтийг НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн ГБХЗХГ-ын Фэйсбүүк хуудас, www.gogo.mn www.yolo.mn www.namuu.mn сайтуудаар орон даяар цацах юм.

#app