СУДАЛГАА: Хамт суралцагсад, багш, удирдлагаас оюутанд бэлгийн дарамт үзүүлдэг


С.Содбилгүүн | YOLO.MN
2022-11-16
“Цаглашгүй мэдлэг ТББ”-ын судлаач, доктор Ч.Байгалмаа

Их дээд сургуулийн оюутан, залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааны ажил, үр дүнгийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. ХЭҮК, НҮБ-ын Хүн амын сан, "Цаглашгүй мэдлэг ТББ" хамтран хийсэн уг судалгаанд 18 их, дээд сургуулийн 840 гаруй оюутныг хамруулсан байна.

Судалгаанаас харахад бэлгийн дарамт их байна. Судалгаанд оролцсон оюутнуудын 17 орчим хувь нь сургуулийн орчинд бэлгийн дарамт байхгүй гэсэн бол үлдсэн 83 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр бэлгийн дарамт байдаг гэсэн байна. Оюутан оюутандаа, багш, удирдлагын зүгээс оюутанд хамгийн их бэлгийн дарамт үзүүлдэг.

“Цаглашгүй мэдлэг ТББ”-ын судлаач, доктор Ч.Байгалмаа “Оюутан, залуус нөхөн үржихүйн эрхийнхээ талаар мэдэхгүй байгаа нь бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт зэрэг олон асуудлын үндэс болдог. Мөн эргэн тойронд нь бэлгийн болон хүйсийн цөөнх оюутнуудыг ялгаварлан гадуурхах явдал их байгааг судалгаанд хамрагдсан оюутнууд хэлсэн. 

ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийг маш хүртээмжтэй ордог болох хэрэгтэй. Тоо, монгол хэл зэрэг хичээлийг чухал гээд, эрүүл мэндийн хичээлийг ач холбогдолгүй гэж үздэг сургуулиуд их байна. Эсвэл хичээл нь орсон ч багш нь бэлтгэлгүй байх нь элбэг.” гэж хэллээ.

Мөн тэрээр зөвхөн боловсролын салбар ч гэлтгүй гэр бүлийн нөлөө маш чухал. Нөхөн үржихүйн талаар сургалт хийдэг байгууллагууд цагдаад дуудагдаж байсан тохиолдол ч бий. Хүүхдэд нь буруу юм зааж байна гэж эцэг, эхчүүд гомдол гаргах, эсэргүүцэх, бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлыг нуух зэрэг явдал их байгаа нь хүүхэд залуучуудыг энэ талын мэдлэггүй болгож, эргээд эрсдэлд оруулах боломжийг нэмж байна гэж тодруулав.

Судалгааны зарим тоо баримтаас дурдвал бэлгийн дарамтанд өртсөн таван оюутан тутмын дөрөв нь эмэгтэй, нэг нь эрэгтэй байна. Мөн ойролцоогоор гурван оюутан тутмын нэг нь энэ талаараа хэнд ч хандаагүй.

Зарим их, дээд сургуулийн эмч нарын тоон мэдээгээр нийт оюутнуудын 10 орчим хувь нь бэлгийн замаар дамжих халдвар илэрдэг гэсэн бол Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээлэлд 2021 онд 15-19 насны 103, 20-24 насны 303 оюутан бэлгийн замаар дамжих халдварын улмаас эмнэлэгт хандаж, эмчлүүлсэн байна.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “Оюутан, залуусын нөхөн үржихүйн эрхийн асуудлын талаар судалгаа хийж буй учир нь энэ насны иргэд нөхөн үржихүйн идэвхтэй насны бүлэг.

Нөхөн үржихүйн эрх гэдэг нь энэ талын боловсрол эзэмших, мэдээлэл авах, санал бодлоо илэрхийлэх, нөхөн үржихүйтэй холбоотой гутаан доромжлох, ялгаварлалаас ангид байх зэрэг цогц эрхийн асуудал юм. Гэвч судалгаанаас харахад оюутан, залуусын дунд нөхөн үржихүйн эрхийн талаарх мэдээлэл хангалтгүй байна. Үүний учир нь ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийн чанар, хүртээмж маш сул байгаа нь гол хүчин зүйл.

Жирэмслэлт болон төрөлттэй холбоотой сургуулийн дотоод дүрэм, журам байдаггүйгээс болж багш нар нь чөлөө өгөхгүй байх асуудал байнга гардаг. 18 их, дээд сургуулийн орчин, дотуур байранд судалгаа хийхэд алинд нь ч хөхүүл хүүхэдтэй оюутнууд хүүхдээ хөхүүлэх орчин нөхцөл байгаагүй.” гэв.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээнд хүсээгүй жирэмслэлтэд өртсөн оюутнууд үр хөндөлт хийлгэх нь өндөр байна. Тодруулбал Эрүүл мэндийн хөгжлийн төвийн тоон мэдээллээр 2021 онд 1571 оюутан үр хөндүүлжээ. Судалгааны дүнгээс харахад 72 цагийн дотор уудаг жирэмслэлтээс хамгаалах эмийг үр хөндөх зориулалтаар хэрэглэх сэдэл их байдаг. Үүнээс оюутнуудын нөхөн үржихүйн талаарх мэдлэг мэдээлэл маш хангалтгүй хэмжээнд байгаагийн илрэл. Энэ нь цаашлаад жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх арга хэрэгслийн хор хөнөөлийг мэдэхгүйгээс болж эрүүл мэнддээ аюул учруулах эрсдэл их байгааг хэлэлцүүлгийн үед онцоллоо.

#Мэдээ