"Y-PEER" клубийн үйл ажиллагаа ба ЗАЛУУСЫН ХҮЧ ТӨСӨӨЛЛӨӨС ИЛҮҮ


Өсвөрийн сэтгүүлч Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-04-21

Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Үндэсний сүлжээ Y-PEER клуб нь дэлхийн 50 гаруй орны мянга мянган залуучуудын байгууллага, сая сая залуучуудыг эгнээндээ нэгтгэн, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр үе тэнгийнхэн үе тэнгийнхэндээ нөлөөлөх зорилготой юм.

2011 онд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхлэн одоогоор 23 салбартай, 1000 үе тэнгийн сургагч, 250 үе тэнгийн сургагч багш, 10 үндэсний сургагч багштай үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол дахь Y PEER клубийн үндэсний зохицуулагч Ж.Тэргэл, үндэсний сургагч багш Л.Гомбо нартай ярилцлаа.

Y PEER клубийн үндэсний зохицуулагч Ж.Тэргэл:

YOLO: Y-PEER-чүүд юу хийдэг вэ?
Y-PEER сүлжээ нь зонхилон бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендер, ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, залуучуудын оролцооны асуудлаар үйл ажиллагааг явуулж, залуу хүнээр залуу хүнд мэдээлэл хүргэх үе тэнгийн сургагч нарыг сурган тэднийг дэмжин ажилладаг.

YOLO: Клубын үйл ажиллагааны чиглэл, хэтийн зорилгын талаар танилцуулаач?
Манай ерөнхий чиглэл нь бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар боловсрол олгох талаар үйл ажиллагаа явуулахад оршдог. ЕБС-ийн системд Эрүүл мэндийн хичээл орохгүй болсонтой холбогдуулан Монгол улсын хэмжээнд өсвөр үеийнхний мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа болохоор тэр хоосон орон зайг нөхөх зорилготой тухайн хүүхдүүдэд мэдлэг, мэдээлэл олгож ажилладаг юм.

YOLO: Y-PEER клубын дэд салбарууд нийт хэдэн аймагт байдаг вэ?
Архангай, Хөвсгөл, Дундговь гэсэн аймгуудад салбар маань арай нээгдээгүй байна. Хэнтий аймгийн хувьд өнөөдөр салбараа нээж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 5 клуб байна. Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргийн Залуучууд Хөгжлийн төвүүд дээр, мөн “Өнөр бүл” төв, “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” дээр салбарууд маань байгаа. Өмнөговь аймагт Даланзадгад, Цогтцэций, Ханбогд гэсэн гурван салбар ажиллаж байна.

YOLO: Y-PEER клубын явуулдаг онцлох ажлынхаа талаар мэдээлэл өгөөч?
ОУ-ын 10 хоногийн аян байдаг. Энэ аян ХДХВ\ДОХ-тай тэмцэх өдөр буюу арванхоёрдугаар сарын 01-10-ны хооронд явуулдаг хамгийн том үйл ажиллагаа юм. Өртөөчилсөн сургалт, Цусны донорын өдөрлөг гэх мэт ажлуудыг явуулдаг. Энэ жилийн хувьд зохион байгуулах томоохон ажил бол Y-PEER-чүүдын нэгдсэн форумыг явуулахаар төлөвлөж байна.

YOLO: Арван жилийн дараах өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл ямар түвшинд байх бол?
Арван жилийн дараа гэвэл, ерөнхийдөө бидний насныхан, мэдээллээ өгё байсан өсвөр үеийнхэн маань ээж аав болчихсон байна байх. Тэд гэр бүлээ зөв төлөвлөчихсөн, ажил мэргэжилтэй, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар үр хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ярилцаж чаддаг байгаасай гэж хүсэж байна.

YOLO: Монгол улсын хүүхдүүд бусад улс орны өсвөр үеийнхнээс ямар чадвараар илүү байдаг вэ?
Оюун  ухаан маш сайтай, юмыг түргэн ойлгодог, сэргэлэн, гүйлгээ ухаантай, юмыг хурдан хүлээж авдаг тийм байдаг. Бусад орны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү нээлттэй, чөлөөтэй ярилцаад байна. Иймдээ ч нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэгтэй байна, мэдээлэлтэй байдаг. Харин Монгол хүүхдүүд, эцэг эхчүүд энэ талаар маш хаалттай байгаа учраас хоорондоо нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ярьж чаддаг болоод хэвшчихвэл илүү нээлттэй болж, БЗДХ өсвөр үеийнхэн дунд бараг байхгүй болж чадахаар ийм хэмжээнд очиж чадна гэж бодож байна.

YOLO: Өсвөр үеийнхэнтэй ажиллаж байгаа хүний хувьд тэдэнд хандаж хэлэх үг байна уу?
Залуучуудын хүч төсөөллөөс илүү байдаг тиймээс өөрсдийн амьдралын жолоогоо алдалгүй бат атгаарай гэж хэлмээр байна.





Үндэсний сургагч багш Л.Гомбо:

YOLO: Өсвөр үеийнхэн Y-PEER клубээс зөвлөгөө мэдээлэл, сургалт авах боломжтой юу? Хэрхэн яаж авах вэ?
Бид өөрсдөө маш олон сум, сургуулиуд, асрамжийн газраас гадна их дээд сургуулиудад мэдээлэл, сургалтыг зохион байгуулдаг. Ингэснээр хүүхдүүд улам мэдээлэлтэй болж, өөрийнхөө найз нөхдөд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл өгөх ч чадвартай болдог. Бидэнтэй холбогдох шугам бол facebook, манай хаяг байршил дээр ирээд зөвлөгөө авах, багш нартайгаа холбоотой байх гэх мэт боломжууд зөндөө бий.

YOLO: Хувь хүн сайн дурын олон ажилд хамрагдсанаар тэр хүнд ямар ач тустай вэ?

Энэ ажлуудад оролцсоноор хүн мэдээж өөрийгөө олдог, илүү нээлттэй болдог. Бусдыг өөртэйгөө биш, өөрийгөө бусадтай харьцуулж, дүгнэж эхэлдэг. Чи бусдаас өөг хайгаад л байвал дуусахгүй, тэгсэн мөртлөө өөрөө өөрөөсөө өөг хэзээ ч хайдаггүй. Энэ ажлуудад хамрагдаж, багаар ажилласнаар тэр хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг. Маш олон зүйлийг мэдэж, сурч, өөрийгөө маш их хөгжүүлж чаддаг.

YOLO: Y-PEER клубийг сургууль дээрээ байгуулахын тулд хэнд хандаас, юунаас эхлэх вэ?
Клубтийг байгуулахын тулд эхлээд сургуулийн нийгмийн ажилтандаа хандана. Эсвэл Y-PEER клубийн үндэсний сургагч багш, зохицуулагч нартайгаа харилцаа холбоо тогтоон ажлаа эхэлнэ.

YOLO: Ярилцсанд баярлалаа.
 







 

Y-PEER клубийн хаяг: Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 5-р хороо, 10-р хороолол, Хаан банкны баруун талд 89\3-Монголын Гэр бүлийн Сайн Сайхны нийгэмлэгийн байр
Утас: 70183514
Веб: ypeer.mn
Facebook: y-peer Mongolia
Mail: ypeermongolia@yahoo.com

#teenagers #Club #Ypeer