Эрэгтэй хүн ч бас хөхний хорт хавдар ТУСДАГ


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2022-10-26

Хөхний хорт хавдартай тэмцэх аравдугаар сарын нэгэн өдрийн мэнд!

Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэдэг. Үүний нэг жишээ нь хөхний хорт хавдар юм. Эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрын жагсаалтын нэгдүгээрт бичигддэг уг өвчлөлөөр эрэгтэйчүүд ч мөн өвчлөх тохиолдол байдаг гэнэ.

Ингээд хөхний хорт хавдрыг таниулах сарын хүрээнд бэлтгэн хүргэж буй цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт эрэгтэйчүүдийн дундах хөхний хорт хавдрын тохиолдлуудыг хүргэж байна.

Хорт хавдрын нийт оношлогооны нэгээс бага хувийг эрэгтэйчүүдийн хөхний хорт хавдар эзэлдэг гэх судалгааны дүн бий. Гэвч онош нь хавдрын сүүл үед илрэх хандлагатай байдаг. Онош ийм сүүлд тодрох хамгийн түгээмэл шалтгаан бол мэдлэг дутмаг байдал. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд хөхний хорт хавдрын талаар мэдлэг, мэдээлэл харьцангуй сайтай байдаг ч эрэгтэйчүүдийн хувьд тийм биш. Энэ нь өвчний эрт үед илрүүлэг хийж, онош тодорхойлох хувийг бууруулж байгаа хэрэг юм.

Эрэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх үндсэн шалтгаан бол дааврын өөрчлөлт. Харин нөлөөлөх хэлбэр нь тухайн хүнээс хамааран ялгаатай байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн хөхний эд эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад бага байдаг. Жижиг булдрууг илрүүлэхэд хялбар ч хорт хавдар хөхөн дотор ургах зай багатай. Үр дүнд нь хавдар хөхний ойролцоох эдүүдэд богино хугацаанд тархах эрсдэлтэй.

Дээрх болон бусад шалтгаанаас үүдэн хөхний хорт хавдраар өвчилсөн эрчүүдийн 40 орчим хувь нь хавдрын гурав юм уу дөрөвдүгээр шатанд оношлогддог. Энэ үед хавдар аль хэдийнэ биеийн бусад хэсэгт тархсан байна.

Ингээд эрэгтэй хүнд тохиолдож болох хөхний хавдрыг хэрхэн таних, биед өөрчлөлт илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСЭХ ШАЛТГААН:

Нас ахих: Эрэгтэй хүн нас ахих тусам хөхний хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг.

Гэр бүлийн өвчний түүх: Хэрэв гэр бүлийн бусад гишүүд (цусан талын садан) хөхний хорт хавдар тусаж байсан бол уг өвчнийг тусах эрсдэл нэмэгддэг. Хөхний хорт хавдраар өвчилсөн таван эрэгтэй тутмын нэгийнх нь гэр бүлийн ойрын гишүүн өвчилж байсан байдаг.

Удамшлын генийн мутаци: BRCA2 генийн мутаци (согог) бүхий эрчүүдийн хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл их байна. 100 хүн тутмын зургаа орчим нь эрсдэлт бүлэгт байдаг.

Цацраг туяаны хордлого: Цээжний хэсгээ цацраг туяагаар эмчлүүлж байсан эрэгтэй хүний хөхний хорт хавдар тусах эрсдэл өндөр байдаг.

Согтууруулах ундаа: Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь эрэгтэйчүүдэд хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

ШАЛГАХ:

Гараа толгойнхоо ард авч баруун гараараа зүүн талын хөхийг зөөлөн, дараа нь арай чанга тэмтэрч ямар нэг бэрсүү байгаа эсэхийг, мөн хоёр хөхний хоорондын болон хөх, суганы хонхор хоорондын зайг шалгана.

Хурууны өндгөөр хөхний товчийг тойруулан тойрог, шулуун шугамаар эсвэл од маягаар төвөөс зах руу гурван чиглэлийн аль нэгийг сонгож, иллэг хийх байдлаар шалгана. Хэрэв хангалттай шалгасан гэж үзвэл нөгөө хөхөө дээрх дарааллын дагуу шалгаарай.

Хөхөнд ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандан нарийн оношлогоо хийлгээрэй.

ЭМЧИЛГЭЭ:

Хэрэв шинжилгээний үр дүнгээр хорт хавдартай гэдэг нь тогтоогдвол эмчилгээний хэд хэдэн хувилбар бий. Хавдрын хэмжээ, хорт хавдар бусад хэсэгт тархсан эсэхээс хамаарч мэс засал, цацраг туяаны эмчилгээ, дааврын эмчилгээ зэргийг хийгддэг.

Амьдрах магадлал:

- Хавдар оношлогдсон ч зөвхөн хөхний эдэд нөлөөлсөн бол 97 хувь,

- Хөхний ойролцоох хэсгүүдэд нөлөөлсөн бол 83 хувь,

- Биеийн бусад хэсэгт тархсан тохиолдолд 22 хувь байна.

Ийм учраас хөхөнд тань ямар нэгэн өөрчлөлт орсон байгааг анзаарсан даруйдаа эмнэлгийн байгууллагад хандах нь чухал юм. Хөхний хорт хавдрын эхний үе шатанд хийгдсэн эмчилгээ үр дүн сайтай байдаг. Өвчин хүнийг голно гэж үгүй. "Би эрэгтэй хүн юм чинь" гэдэг бодлоо түр орхиод хөхөө эрүүл байгаа эсэхийг шалгаарай. Эрсдэлээс өөрсдийгөө хамгаалцгаая!

Эх сурвалж: Medical News Today, gogo.mn

#Зөвлөгөө