Монгол охид анх удаа “Өөрчлөлт бүтээгчдийн шагнал”-ыг хүртлээ


YOLO.mn | YOLO.MN
2022-09-09

2022 оны Азийн охидын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2022.09.09/ Улаанбаатар хот дахь Тайваний төлөөлөгчийн газар боллоо.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдрийн мөрөөр Тайванийн "The Garden of hope" халамжийн сан 2012 оноос эхлэн Ази охидын хүний эрхийн хөдөлгөөнийг өрнүүлж, үүн дотор шилдэг төсөлд Азийн охидын шагналыг гардуулдаг.

Тодруулбал Азийн охидын шагнал нь дотроо

  • “Хүний эрхийн шагнал” (Human Rights Award),
  • “Олон нийтийн хөгжлийн шагнал” (Community Development Award),
  • “Нийгмийн инновацын шагнал” (Social Innovation Award),
  • Багаар оролцох төрөлд “Өөрчлөлт бүтээгчдийн шагнал” (Change Makers Team Award) гэсэн дөрвөн шагналт байртай.

Тэгвэл энэ жилийн Азийн охидын хүний эрхийн хөдөлгөөнд бүс нутгийн олон улсын байгууллагууд оролцсон бөгөөд үүнээс Монголын охидын "Inside Out team" баг анх удаа “Change makers team award” шагналыг хүртэж, багийн төслөө цааш үргэлжлүүлэх боломжтой боллоо. "Inside Out team" баг нь ахлагч Б.Ганцэцэг болон багийн гишүүд Т.Номин, Б.Мөнхжин, М.Энх-Ундрал, Х.Баясгалан, Э.Энхтуяа нарын 14-18 насны охидоос бүрдсэн юм.

ТАЙВАНИЙ ПАРЛАМЕНТЫН 42 ХУВИЙГ ЭМЭГТЭЙЧҮҮД БҮРДҮҮЛДЭГ

“Change makers team award” шагналыг хүртсэн "Inside Out team" багийнхан

Шагнал гардуулах ёслолд Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө  оролцсон бөгөөд тэрбээр "Сүүлийн жилүүдэд Тайвань жендерийн тэгш байдлыг хангах чиглэлд дорвитой арга хэмжээнүүд авч байгаа. НҮБ-аас сүүлд гаргасан судалгаанаас үзэхэд жендерийн тэгш байдлаараа Тайвань Азидаа тэргүүлсэн бол дэлхий нийтийн үзүүлэлтээрээ зургаадугаар байрт жагссан. Өнөөдрийн байдлаар Тайваний парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо 42 хувьд хүрсэн. Тайваний парламентын 100 гишүүний 42-ыг нь эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Энэ тоог 50 хувьд хүргэх зорилтоо тавьсаар байна.

Миний хувьд Монголд томилогдон ирээд ажиллаад 2.5 жил болж байна. Азийн охидын хүний эрхийн хөдөлгөөнд Монголын охид жил бүр идэвхтэй оролцдог явдалд талархал илэрхийлмээр байна. Монголд жендерийн эрх тэгш байдлыг хангах тал дээр хүчин чармайлт гаргаж байгаа нь маш сайшаалтай. Та бүхний хийж буй төсөл үүнд тодорхой хэмжээнд түлхэц болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Цахим орчныг маш ухаалгаар ашиглан жендерийн тэгш байдлыг бий болгоход төсөл хэрэгжүүлж байгаа охидоороо бахархаж байна" гэлээ.

ТЭД ОХИДЫН ДУУ ХООЛОЙ

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гүнж төв 2012 оноос хойш Тайванийн "The Garden of hope" халамжийн сантай хамтран ажиллаж байгаа аж. Гүнж төвөөс "Охидын манлайллын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлдэг бөгөөд тус хөтөлбөрөөс шалгарсан охид нийлэн баг бүрдүүлж, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн төсөл хэрэгжүүлсэн нь ийнхүү Азийн охидын хүний эрхийн хөдөлгөөний “Change makers team award” шагналд шалгарчээ.

“Change makers team award” шагналыг хүртсэн Inside out багийн охид Монгол дахь жендерийн хэвшмэл ойлголтыг арилгаж үе тэнгийн бусад хүүхдүүдтэй мэдлэг чадвараа хуваалцахаар фейсбүүкт Girls' Voice Mongolia цахим хуудсыг нээн хөтөлж, видео болон фото контентууд хийжээ. 

Багийн ахлагч Б.Ганцэцэг "Нийгэмд охидын өөрсдийн гэсэн онцлог шинж чанарыг нь тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй мөртлөө охидууд зөвхөн хөөрхөн, гуалиг биетэй, гэрийн ажил сайн хийдэг, гэр бүлийн сайн эзэгтэй, ээж байх нь л цорын ганц хийж чадах зүйл нь гэж үздэг. Төслийн хүрээнд хийсэн бидний видео бичлэгүүд охидын эрх, үзэл бодол, байр суурийг хамгаалах зорилготой байсан. Харин дараагийнхаа төслөө зөвхөн охид гэлтгүй өсвөр насны хүүхдүүдэд учирч буй хүндрэл бэрхшээл, тэгш бус байдал, нийгмийн дарамт зэрэг асуудлыг хөндөхөөр төлөвлөж байна. Энэ завшааныг ашиглан Азийн охидын шагнал тэмцээнд оролцох боломж олгосон Тайваний төлөөлөгчийн газар, Гүнж төв, эцэг эх, найз нөхөддөө баярлалаа" гэв.

#Мэдээ