Яруу найрагч Э.Бүжинлхамын онцлох 9 шүлэг


Э.Ганбаяр | YOLO.MN
2022-08-03

Яруу найрагч Эрдэнэбаатарын Бүжинлхам нь 1992 онд Дундговь аймагт төржээ. 23-р сургууль, МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн. Тэрээр “Намрыг мартагсад”(2012), хамтын бүтээл болох “Шинэ үнэр”(2012), “Сүнс урлал”(2020) зэрэг шүлгийн түүвэр болон “Ариан”(2015) тууж, хамтын бүтээл болох “Яруу найраг”(2021) үлгэрийн зурагт ном тус тус хэвлүүлсэн байна. Одоогоор Вашингтон мужийн их сургуульд зохиолч, яруу найрагчаар суралцаж байгаа аж. Ингээд та бүхэнд түүний онцлох 9 шүлгийг хүргэж байна.

***

Шөнө бүхэн миний хоолойг 
Хайр найргүй багалзуурддаг
Шөнө бүр надад төрдөг
Тэр гунигтай үймээнч бодлуудаа
Өөрөөсөө сэгсэрч унагаад би
Өрөөнийхөө цонхоор хийсгэж зогсном
Өвдөх мэт, урагдах мэт салхи
Тэднийг зөөгөөд хаа нэг тийшээ одном
Уйлах дуу шиг минь 
ийм эгшиглэнт авиа ч гэж үгүй
Урсах нулимс шиг минь 
ийм эрх чөлөө ч гэж байхгүй 
Уйтгар шиг минь л ийм аймшигтай 
энэрэнгүй өвдөлт хаана байх вэ?
Учирсан чи эргэж ирэхгүй байх шиг 
төгс хайр ч гэж юу байх вэ дээ?

***
Моддын мөчрөөс 
урагдах мэт сүрхийн нисэх 
Учир нь олдохгүй 
хаврын шувуудыг санаж байна
Тэдний халааслаад явчихсан 
бүхнийг үгүйлсэндээ
Өөрийгөө үхэж буй 
цаг хугацаа гэж итгэсээр л байна
Таазнаасаа өлгөсөн хөвсгөр цагаан үүлсийн 
Шивнэсэн зүүд нь бороо болон шаагилаа ч 
Өглөө сэрэхэд минь л цас орчихсон байх нь
Өөрт минь хэтэрхий гунигтай байна
Энэ уйтгарт саарал хотын гудамж бүрээс 
Өөрийгөө сураглаад ердөө олохгүй байна
Намайг халааслаад явчихсан шувуудыг л харин 
Хачин ихээр үзэн ядаж байна

***
Өөрийгөө арчнам
Өвдөлт мэдрэгднэм
Харц урснам 
Харамсал асгарнам
Уруулаа баллуурднам
Уйлж байнам 
Үсээ сэтэлнэм
Үзүүр нь цурхирнам 
Зүрхээ зүлгэнэм
Зүс бүдгэрнэм
Өөрийгөө тольдном
Өө, би жаазан дотор...

***

Шатаад дууссан тэмдэглэлийн дэвтрийн 
Үнс адил сав саарал тэнгэрээс
Бороо ч үл дуслах есөн сарын долоонд
Цас ч ядахдаа хаялахгүй байгаа нь уй ихтэй
Хөв хөх уруултай ганцаардалтайгаа хамт
Нэхмэл зузаан ороолт хүсэн алхнам
Сэтгэлээ түүгээр дулаацуулах юм сан
Амьдрал хурууныхаа үзүүрээр 
Зүрхэн дээр минь товшиход 
Яавал би уйлахгүй байх вэ гэж гунихуйд 
Надад шүхэр л ихийн ихээр 
хэрэгтэй мэт санагдав
Хайртай хүмүүсийнхээ зүрхний 
Харгислалаас аврагдмаар байна!

***

Хэзээ ч үнэндээ би 
гоо үзэсгэлэнтэй байгаагүй ээ
Хэтэрхий үнэн надад буй нууц л энэ байна!
Намрыг магтан дуулагч 
найрал хөгжимчин мэт
Надаас гарах авиа нь л зүрх минь байна!
Өө, намайг үзэсгэлэнтэй гэж 
шивнэх бүрд чинь л 
Өвдсөндөө би дуу дуулмаар 
уйлмаар санагдах юм
Үүнээс илүү хуурмаг зүйл надад үгүй
Үнэхээр би хэзээ ч 
гоо үзэсгэлэнтэй байгаагүй ээ!

***

Яагаад чи над руу харахад
Эсвэл зүгээр л харж байна гэж төсөөлөхөд 
Зүрх минь инээмсэглэж суудаг юм бэ?
Яагаад чи над руу инээмсэглэхэд
Эсвэл зүгээр л 
инээмсэглэж байна гэж төсөөлөхөд
Зүрх минь дуулж эхэлдэг юм бэ?
Яагаад чи надад дуулж өгөхөд 
Эсвэл зүгээр л дуулж байна гэж төсөөлөхөд
Зүрх минь нүдээ анин нисэж эхэлдэг юм бэ?
Яагаад чи гараас минь атгаад нисэхэд 
Эсвэл зүгээр л нисэж байна гэж төсөөлөхөд 
Зүрх минь тэр чигээрээ 
чи болон хувирдаг юм бэ?

***

Нэг л үүрээр би нулимсаас минь 
ургаж нуруунд минь өдөлсөн
Гунигт далавчаа тайлаад тавьчихна
Өд сөд нь газраар нэг хөглөрч 
Өөр лүү минь амь тэмцэн харахад л 
амгаланд нэвчих болно

Тэр л намар хайрт минь чи бүр мөсөн
Цээжинд асахаа больсон байна!
Тэгээд би амар амгаланг олчхоод,
Ийм гэгээн билүү гэж итгэлтэйхэн хэлнэ!

Халааснаасаа тамхи гаргаж ирээд 
асаамаар санагдах ч гэлээ,
Хамгийн эцсийн хүслийг чинь биелүүлж,
ариун хэвээрээ үлдэх болно!

***

Нэг л намраар буцчихаж чадна гэж
Зоримог явсан дуучин зүрх
Нэг л өдөр ээж болоод сэрэхдээ
Хулчийж орхилоо, ертөнцийн үнэнд!
Савладаг бяцхан модон ороор
Бичгийн ширээгээ арилжина гэж
Санаанд нь хэзээ ч багтаагүй
Гэнэн насаа зүүдэндээ үдлээ!
Өндрөөс үр минь унавал 
Элгэн дээр минь ойчиг гэж
Үүрээ орхин нисэлгүй
Ээж нь далавчаа тайллаа
Үнэнд цөхрөөд миний үр,
Туйлдан цөхрөх гэвээс 
Өрцийг нь зөөллөх гэсэндээ
Ээж нь өтлөхөөр шийдлээ!

***

Гэрэл савчин, гэгээ савчин үзэгдэх
Гэрийн минь цонх эзэнтэй байхад би дуртай
Арван сарын гудамжаар 
гунигтайхан гэртээ ирэхэд
Аавын минь харц хүлээж байдагт би хайртай 
Дөрвөн давхраас л нэвт гэрэлтдэг асан
Дүүрэн харцтай инээмсэглэсэн аав минь!
Одоо л энэ бүхнийг хайрлан эргээд харваас
Оройтож дээ даанч,
Алтан гэрэлт зул өргөхөөс өөрөөр
Аавдаа үг хэлэх ч чадалгүй!

#Яруу найраг