Багш Д.Чинзориг: Шалгалтын өмнө хүнд хоолловол тархины ажиллагаа удааширдаг


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-05-18

ЭЕШ хаяанд ирсэн энэ үед бид сурагчдадаа зориулан олон жил ЭЕШ-д сурагчдыгаа амжилттай бэлтгэж ирсэн туршлагатай багш нарын зөвлөгөөг цуврал нийтлэлээрээ хүргэж буй билээ. Энэ удаа биологийн хичээлээр ЭЕШ өгөхөөр зэхэж байгаа сурагчдадаа зориулан Шинэ Үе сургуулийн биологийн багш Д. Чинзоригтой ярилцлаа.


YOLO: Сайн байна уу, юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

- Сайн байна уу, намайг Чинзориг гэдэг. Биологич, Биологийн багш мэргэжилтэй. Сурагчид болон багш нарыгаа олон улсын жишигт хүргэхээр зорин ажиллаж байгаа залуу багш байна.

YOLOХэзээнээс ЭЕШ-д сурагчдыг бэлдэж эхэлсэн бэ?

- Би оюутан байхаасаа л сургалтын төвд багшилдаг байсан юм. Тэр цаг хугацаагаанаас гэж тооцвол одоо 9 дэх жилдээ ЭЕШ-д сурагчдыг бэлтгэж байна.

YOLO:  Биологийн хичээлийг сонгон суралцсанаар сурагчид ямар чадварт суралцдаг вэ?

- Зөвхөн Биологи гэхээсээ илүү шинжлэх ухааны хичээлүүдийг хамтад нь ойлгох хэрэгтэй. Хими, Физик, Биологи гурав нь хамтдаа Байгалийн ухааны хичээлүүд гэж нэрлэгддэг. Химийн хичээлээр бодисын бүтэц бүрэлдэхүүн, шинж чанарыг судалдаг. Физикийн хичээлээр эдгээр бодисын хөдлөлзүй, тэдгээрийн харилцан хамаарлыг судалдаг бол биологийн хичээлээр амьд бодисын хөдлөлзүй буюу үйлзүй, тэдгээрийн харилцан хамаарлыг судална. Товчхондоо эдгээрийг нэг зүйлийн гурван тал гэж ойлгож болно. Үндсэндээ байгалийн ухааны хичээлүүдийн зорилго адилхан. Нэгдүгээрт биднийг хүрээлэн буй байгалийн тогтолцоо, юмс үзэгдлийн харилцан хамаарал, учир шалтгааны тухай ойлголт, мэдлэгтэй болгоно. Хоёрдугаарт мэдээ мэдээллийг нэг удаа сонсоод итгэдэггүй, заавал эх сурвалжийг нь харж дүгнэлт хийдэг, аливаа зүйлийг баримтад тулгуурлаж ярьдаг болгодог. Мөн шинжлэх ухааны тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд шинжлэх ухаанч, эрэл хайгуулчин байх зэрэг чадвар сургана. 

YOLO: Бүтэц, нэршил зэргийг цээжлэхэд их хүндрэлтэй санагддаг. Хэрхэн амархнаар тогтоох вэ? Тийм арга бий юу? 

- Бүтэц гэж ярьвал олон улсад биологийн асуулт даалгаврууд бүтэц асуухаа болиод удаж байна. Голдуу үйлзүй буюу тодорхой үзэгдлийн учир шалтгаан, логик холбоог асуудаг болсон. Манай орны Биологийн ЭЕШ-ийн асуулт даалгаврын хувьд энэ жишиг руу орох шаардлага байсаар байна.  

- Шинжлэх ухааны нэр томъёо бүхий л салбарт бий. Физик дээр механик гэвэл хөдөлгөөн, хими дээр маттер гэвэл бодис, биологи дээр эволюци гэвэл хувьсал гэж ойлгодог шүү дэ. Тэгэхээр цээжлэх гэхээсээ илүү эдгээр үгний үндэс болдог грек, латин гарал үүслийг мэдэх, шинжлэх ухааны тодорхой ойлголтыг нэрлэх зарчим, философийг нь ойлгочихвол тийм төвөгтэй биш л дээ. Тухайлбал,  карион гэдэг нь бөөм гэсэн утгатай үг. Прокариот болон эукариот гэвэл бөөмтэй болон бөөмгүй эсийн тухай ярьж байгаа юм. Кариоплазм гэвэл бөөмийн шингэн, кариотип гэвэл бөөмийн хэв шинж буюу бөөмөнд байгаа хромосомуудын тухай ярьж байх жишээтэй. 


YOLOЭЕШ-д бэлдэхийн тулд түлхүү ямар агуулгыг судлах хэрэгтэй байдаг вэ?

- Аливаа хичээлийн агуулгын тархалт жигд байдаг. Тухайлбал, зарим хичээл 4 үндсэн агуулгатай бол бүгд жигд 25 хувь юм уу, эсвэл 30/30, 20/20 хувь гэсэн байдлаар, ерөнхийдөө жигд хуваарилагдсан байдаг. Иймд аль нэг агуулгыг чухалчлах гэхээсээ илүү бүх агуулгыг жигд судлах, агуулга хоорондын холбоо хамаарлыг ойлгох явдал чухал юм. Биологийн хөтөлбөрүүдийн хувьд:

  • Эсийн ба молекулын биологи – 25 хувь
  • Генетик ба эволюци – 20 хувь
  • Экологи – 10 хувь
  • Биосистематик (ангилалзүйн асуудал) – 5 хувь
  • Ургамлын биологи – 15 хувь
  • Амьтны биологи -25 хувь гэсэн харьцаатайгаар асуулт даалгаврууд боловсруулагддаг. Амьтны биологи гэсэн агуулгын хүрээнд ихэвчлэн хүний биеийн бүтэц, физиологийн асуудлууд яригддаг. Тийм учраас манай улсын Биологийн хөтөлбөр болон ЭЕШ-ийн агуулга энэ чиглэл рүү удахгүй орох байх гэж итгэж байна. 

YOLOСурагчид хүссэн их сургуульдаа орохын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?

- Хамгийн сүүлд тухайн сурагчийн гүйцэтгэлээр бидний хамтын үр дүн гарах учраас суралцагч өөрийн хичээл зүтгэлийг гарган системтэй бэлдэх нь чухал байдаг. Суралцах үйл явц бол багш, сурагч, эцэг эхийн хамтын үйл ажиллагаа. Аль нэгнийх нь оролцоо хангалтгүй бол бид тааруу үр дүнтэй нүүр тулна. Сайн багшид хүүхдээ өгсөн бол тэр хүүхэд заавал сайн сурна гэсэн үг биш, бас тухайн хүүхдийн хүсэл эрмэлзлэл чухал байдаг. Багш маш сайн чиглүүлэгч, сурагчид хичээнгүй байж чадвал үр дүн бидний хүссэнээр 800 руу ойртох юм.   

YOLO: Шалгалтын үеэр “Буудах арга”-ын тухай та юу гэж боддог вэ?

- Аливаа уралдаант шалгалтыг сурагч өөрөө үнэн зөвөөр хийх нь хамгийн чухал байдаг. Буудаж байна гэдэг чинь нэг ёсондоо өөрийгөө хуурч байна гэсэн үг шүү дээ. 


YOLOБиологийн хичээлд туслах application, сайтуудаас санал болговол?

- Сүүлийн жилүүдэд Ковид-19 цар тахлын дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагаа тасалдах эрсдэл үүссэн. Энэ үед хувийн болон улсын боловсролын цахим платформууд хөгжсөн. Хувийн платформууд нь голдуу багш болон тухайн хувийн компаний хоорондох гэрээгээр хийгддэг, тухайн хичээлийн чанар агуулгыг гэрээ хийсэн багшид шууд даатгадаг тул сайн болон муу олон хичээлүүд гарсан байна. Харин миний зүгээс БШУЯ, Боловсролын мэдээллийн технологийн төв (БМТТ)-өөс хөгжүүлж буй Medle.mn-ийг зөвлөж байна. Учир нь, энэ платформын ард хичээл болгоны мэргэшсэн зөвлөх нар үндэсний хэмжээнд бүх мэргэжлийн багш нараас ирсэн хичээлийг үзэж байгаад зөвхөн шаардлага хангасан хичээлүүдийг сонгон оруулахаар ажиллаж байна. Мөн Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн үндсэн веб хуудас болон  help.eec.mn рүү нэвтэрч ороод БҮТ-өөс өгч буй заавар зөвлөмж, жишиг даалгавар, зарим чухал сэдвээр хийгдсэн хичээлүүдийг үзэх боломжтой.  

YOLOЭмч, биологич болох гэж буй хүүхдүүдэд урам зориг өгөх кино санал болговол?

- Doctor House гэх кино нь эмч мэргэжлийн онцлог, эмчийн ажил амьдралын тухай бүхий л зүйлийг агуулсан цуврал байдаг. Биологийн хувьд  “Island” гэх кинонд хүн хувилах клонингийн асуудлын ард ёс зүй болон эрх зүйн ямар асуудлууд буйг өгүүлдэг. Хүн төрөлхтөн далай тэнгисийг хангалттай судалж амжаагүй байна. Далайн гүнд бидний мэдэхгүй аварга том мөгөөрст загас байх боломжтой гэсэн шинжлэх ухааны зөгнөл дээр сүүлд хийгдсэн “Megalodon” гэх зэргээр олон кино байна л даа. Бүр сүүлийн жишээ гэвэл цар тахал гарахаас өмнө цар тахлын үр дагавар, тухайн үеийн нөхцлийг харуулсан кинонууд аль хэдийн бүтээгдсэн байдаг. Ийм хэд хэдэн киног бид Ковид 19-ийн дэгдэлтийн үед гэртээ үзсэн шүү дээ. 

YOLO: Биологийн ЭЕШ өгөхөөр бэлтгэж байгаа сурагчдын ихэнх нь эмч болох зорилготой байдаг шүү дээ. Тэгвэл энэ хичээлийг судалснаар үүнээс гадна өөр ямар мэргэжлүүдээр цаашид суралцах боломжтой байдаг вэ?

- Бидний ихэнх нь биологийн хичээлийг эмч болохын тулд судалдаг гэсэн ойлголт нийгмийн дунд нэлээд түгээмэл байна. Энэ нь буруу юм. Биологийн хичээлийг судалснаар тархи судлал (neuroscience), биотехнологи, экологи, анагаах ухаан зэрэг олон чиглэлээр цааш гүнзгийрүүлэн мэргэших боломжтой. Эдгээр чиглэлээр тодорхой тооны мэргэжилтнүүдийг МУИС, ХААИС зэрэг дотоодын их сургуулиуд бэлтгэж байна.

- Хамгийн сайн мэдэх анагаахын сургуулиудад үздэг суурь эрдмийн болон эмнэлзүйн (клиникийн) өмнөх хичээлүүдийн ихэнх нь биологи суурьтай хичээлүүд байдаг тул анагаахын сургуульд элсэхээр зорин бэлтгэж байгаа сурагчид ахлах ангидаа биологийн сууриа сайн тавьж чадвал их сургуульд элссэний дараа цаашид гүнзгийрүүлэн суралцахад төвөггүй байдаг. Энэ нь, АШУҮИС-д элссэн олон шавь нараас минь илт харагддаг. 


YOLO: Хүүхдүүд “Биологи амьдралд ямар хэрэгтэй вэ?” гэж их боддог. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

- Хүн болгон биологийн хичээлийг судалснаар биологич болох албагүй. Гэхдээ бид өөрсдийгөө биологийн нэг зүйл гэдгээ ойлгож, өөрийн биеийн бүтэц, эд эсэд явагддаг амьдралын үйл явцын талаар илүү нарийн ойлголттой болно. Товчхондоо, биологийн хичээл хүн бүрт өөрийгөө илүү ихээр таньж мэдэх, улмаар өөрийгөө удирдаж сурах болон хүрээлэн буй орчиндоо хэрхэн дасан зохицож амьдрах тухай мэдлэг, чадварыг олгоно. Мэдээж биологийг сонирхсон, илүү гүнзгийрүүлэн судлах сонирхолтой сурагчид миний өмнө хэлсэн дөрвөн чиглэлээс сонгон суралцаарай. 

YOLOБиологийн хичээлийн хамгийн гол агуулгууд хэддүгээр ангиас эхэлдэг вэ?

- Дунд боловсролын хувьд буюу 6-9 дүгээр ангид биологийн бүх агуулга л жигд байдаг. Харин 10-аас дээш анги буюу ахлах ангид эсийн ба молекулын биологийн агуулгууд их чухал. Томоохон экосистемийн үйл явц, энергийн урсгалыг механизмыг сайн ойлгоход хүртэл эсийн амьсгал, фотосинтезийн мэдлэг хэрэг болно. Түүнчлэн эсийн түвшнээс авхуулаад экосистем хүртэлх биологийн олон асуудлыг тайлбарлахад генетик, эволюцийн мэдлэг хэрэгтэй.  Ер нь аль нэг агуулгыг гол гэж үзэхээс илүү хоорондох холбоо хамаарлыг ойлгох нь чухал.  

YOLO: ЭЕШ болоход сар гарны хугацаа үлджээ. Энэ хугацаанд сурагчид маань ямар системтэйгээр бэлдвэл илүү дүнтэй вэ?

- Одоо бол биологийн ЭЕШ-д бэлтгэж байгаа хүүхдүүд агуулгаа аль хэдийн 80-90 хувьтай судалсан байх гэж бодож байна. Иймд үлдсэн агуулгаа бүрэн судалж дуусгаад жил бүрийн, ялангуяа сүүлийн 5 жилийн биологийн ЭЕШ-ын материалуудыг багштайгаа хамтран ажиллах, аль сэдэв дээр хамгийн их алдаж байгаагаа тодорхойлох, түүнийгээ дахин давтах зэргээр даалгавар дээр түлхүү ажиллах хэрэгтэй байх. Ингэж даалгавартай тогтмол ажилласнаар шалгалтын үеийн айдас арилж, харьцангуй бэлтгэлтэй болно. 

YOLO: ЭЕШ-д бие даан бэлдэх нь хэр үр дүнтэй вэ?

- 21-р зуун буюу мэдээлэл харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн цаг үед бид амьдарч байна. Тухайн суралцагч нь интернетээр хүссэн мэдээллээ хайж олох болон англи хэлний унших чадвар харьцангуй сайн бол өөрөө бие даан бэлтгэх боломж бүрэн байна. Англи хэл дээр олон, чанартай хичээлийн платформууд гарсан байдаг. Харин эдгээр чадвар чамд байхгүй бол сайн багш, сайн сургалтын төвийг зорин олж суралцвал үр дүнтэй. Үүн дээр нэмэх нь мэдээж өөрийн хичээл зүтгэл юм шүү.  

YOLO: Онолоо сайн суръя гэвэл ямар номоос түлхүү бэлдвэл зохистой вэ?

- ЭЕШ-ын материалууд нь хэнд ч танил бус даалгаврууд байх ёстой. Түүнээс биш хэн нэгэн зохиогчийн номноос үг өгүүлбэргүй орж ирэх ёсгүй. Иймд миний хувьд тэр энэ зохиогчийн ном гэж санал болгох нь зохимжгүй. ЭЕШ-ын ихэнх даалгаврууд нь сурах бичиг, хөтөлбөрт суурилдаг тул юун түрүүнд  эхлээд сурах бичгүүдээ харна. Харин онолын мэдээлэл сайтай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ном гэвэл “Кэмпбеллийн БИОЛОГИ” гэсэн ном байна. 


- Уг орчуулгын бүтээл 2019 онд Монгол хэл дээр хэвлэгдсэн бөгөөд ерөнхий биологийн бүхий л агуулгыг багтаасан 56 бүлэгтэй. Дэлхийн биологи сонирхогч бүхий л сурагчдын уншдаг ширээний ном. Энэ номыг хүүхдүүддээ давхар уншиж судлахыг санал болгож байна. 

YOLO: Сурагчид шалгалтын айдсаа хэрхэн даван туулах хэрэгтэй вэ?

- Биологийн хичээлийг судалснаар хүн өөрийгөө танин мэдэж, удирдаж сурна гэж хэлсэн шүү дээ. Энэ нь шалгалтын үеэр ч хэрэг болно. Айдас түгшүүрт автах үед симпатик мэдрэл идэвхжих ба энэ үед дөрвөн мөчдийн булчинд очих цусан хангамж нэмэгдэх, эсрэгээрээ толгой тархинд очих цусан хангамж буурах тул бодох сэтгэх үйл удааширна. Иймд сандралаа удирдах техникүүдийг мэдэж байх хэрэгтэй. Энергийн ундаа бүр ууж болохгүй, энэ нь зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэх тул сандралыг улам нэмэгдүүлнэ. Шалгалтын өглөө хүнд хооллохгүй, аль болох хөнгөн хооллох нь зохимжтой. Хүнд хоол идсэн тохиолдолд хоол тэжээлийн жижиг хэсгүүд нарийн гэдсэнд шимэгдэх үйл явцын зарим нь энерги шаарддаг тул тархины ажиллагаа удааширна. Иймд аль болох хөнгөн хооллож тархины үндсэн тэжээл болох глюкозыг өгөхийн тулд багахан чихэр, шоколад халааслаад замдаа идэнгээ алхаарай, агаар сайн амьсгалж хүчилтөрөгч аваарай. Энэ нь эд эсийн, тархины аэроб солилцоог дэмжсэнээр илүү сэргэлэн болно.   

YOLO: Дараа жил биологийн хичээлээр ЭЕШ өгөх 11 дүгээр ангийн сурагчид маань хэрхэн бэлдвэл үр дүнтэй вэ?

- ЭЕШ өрсөлдөөнт шалгалт тул төлөвлөгөөгөө маш сайн хийх хэрэгтэй. Зарим сургалтын төв, сургуулиуд 12 дугаар ангийн намар аравдугаар сараас эхлээд сурагчдаа ЭЕШ-д нэмэлт цагаар бүтэн жил бэлтгэж байна. Бүтэн нэг жилийн бэлтгэлтэй сурагчидтай нэгэнт өрсөлдөх нь ойлгомжтой тул тэдгээр сурагчидтай эн тэнцүү өрсөлдөхийн тулд болж өгвөл 11 дүгээр ангидаа мэргэжлийн чиг баримжаагаа бүрэн тодорхойлж, хичээл сонголтоо хийсэн тэр үеэс бэлтгэж эхлэвэл илүү үр дүнтэй байх болно.  

YOLO: Таны зүгээс сурагчдад өгөх зөвлөгөө юу вэ?

- Энэ жилийн Биологийн ЭЕШ-ийн блюпринт гарсан байсан. Блюпринтийн дагуу хамгийн өндөр хувьтай агуулгуудаа илүү давтах,  ямар агуулга дээр түлхүү анхаарах ёстойгоо мэдэж, өөрсдийн тактикаа боловсруулаарай. Эцэст нь 2022 онд Биологийн хичээлээр ЭЕШ өгөх гэж байгаа сурагчдадаа бүгдэд нь амжилт хүсээд, хүссэн их сургуульдаа элсэн суралцахыг ерөөе.  

YOLO: Ярилцсанд баярлалаа.
     

 

#ЭЕШ #Зөвлөгөө